No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЖ.Оюунчимэг: Айдасгүй байх нь дурангийн шинжилгээ үр дүнтэй болоход чухал ач холбогдолтой

Ж.Оюунчимэг: Айдасгүй байх нь дурангийн шинжилгээ үр дүнтэй болоход чухал ач холбогдолтой

-

Хавдар судлалын үндэсний төвөөс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилгоор мэргэжлийн эмчийн зөвлөгөөг шууд дамжуулалтаар хүргэдэг билээ. Тус эмнэлгийн Дурангийн тасгийн эрхлэгч Ж.Оюунчимэг “ходоодны хавдар ба дурангийн шинжилгээ” гэсэн сэдвийн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл хүргэснийг сийрүүлэн хүргэе.

-Дурангийн шинжилгээ хийлгэхдээ юуг анхаарах вэ?

-Дурангийн шинжилгээ гэдэг нь дурант багажийн тусламжтайгаар хоол боловсруулах замд байгаа өөрчлөлтийг харж, ажиглаж, дүгнэлт хийх шинжилгээ юм. Дэлхий нийтээрээ дурангийн шинжилгээ нь ходоодны хорт хавдрыг оношлоход хамгийн үр дүнтэй, баталгаатай шинжилгээ гэж үздэг. Дурангаар хоол боловсруулах зам, түүний салстын гадаргуу дээр ямар нэгэн өөрчлөлт гарвал эмч тухайн хэсгээс эд, эсийн шинжилгээ авч оношийг баталгаажуулдаг. Нэг үгээр хэлбэл эсийн түвшинд ямар өөрчлөлт байгааг баталгаажуулна гэсэн үг.

Шинжилгээ хийлгэхээс өмнө биеийн болон сэтгэлзүйн тусгай бэлтгэл хэрэгтэй. Дурангийн шинжилгээ хийлгэх гэж байгаа хүн 12 цагийн өмнөөс хоол сойсон, дурандуулах үедээ өлөн байх шаардлагатай. Энэ хугацаа нь хоол боловсруулах замаас өмнө нь идсэн хоол хүнс бүрэн ялгарч гарсан байх хугацаа юм. Сэтгэл зүйн бэлтгэл мөн чухал. Ямар  нэгэн айдасгүй байх нь шинжилгээ үр дүнтэй болоход чухал ач холбогдолтой. Хэрэв сэтгэл зүйгээ бэлдсэн ч айж сандраад байвал тайвшруулагчтай буюу унтуулгатай дуран хийлгэж боломжтой. Энэ үед хүн ямар нэгэн тааламжгүй, сөрөг мэдрэмжийг авдаггүй.

Дурангийн шинжилгээ ходоодыг гэмтээдэг, олон дахин хийлгэх нь хор нөлөөтэй гэх зэрэг буруу ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Энэ мэт буруу ташаа мэдээлэлд авталгүйгээр сэтгэл зүйн бэлтгэл хангагдсан хүнд шинжилгээ хийхэд ямар нэгэн хүндрэл огт гарахгүй. Ер нь аливаа өвчин үүсэхэд хүний сэтгэлзүйн байдал маш чухал байдаг. Дандаа муу зүйл бодож, тэгчихвэл, ингэчихвэл яана гэж сөрөг бодлууд тээгээд л байх юм бол бие махбод аяндаа дархлаа сурлуулах бодисууд ялгаруулж эхэлдэг. Мэдээж хэрэг дархлаа суларвал янз бүрийн халдварт өртөмтгий болно.

Сүүлийн жилүүдэд энэхүү дурангийн шинжилгээ маш эрчимтэй хөгжиж дурангаар зөвхөн оношилгоо, шинжилгээ хийгээд зогсохгүй эмчилгээ хийдэг болсон. Ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношилсон тохиолдолд дурангаар салстыг нь хуулах мэс заслыг хийж байгаа.

-Ямар үед ходоодоо дурандуулах шаардлагатай вэ?

Ямар нэгэн зовиур илэрч байгаа тохиолдолд дурандуулна. Тухайлбал, аюулхай орчмоор өвдөх, цанхайх, хоолны шингэц муудах, хэхрэх, огиулах, хоолойд гашуун амт мэдрэгдэх, хоол боловсруулах замаас цус гарах, цустай зүйлээр бөөлжих, горойх, ядрах, турах гэх мэт хоол боловсруулахтай холбоотой зовиур, шинжүүд илэрсэн тохиолдолд нэн түрүүнд дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Мөн ямар ч зовиургүй хүмүүс дурангийн шинжилгээ хийлгэх боломжтой. Учир нь ходоодны хорт хавдар нь 100 хувь эмчлэгдэх боломжтой “0” шатандаа ямар нэгэн зовиур, шинж тэмдэг өгдөггүй. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор 40-өөс дээш насныхан 1,6 жил тудамд заавал дурангийн шинжилгээнд хамрагдаж байх ёстой.

Ямар нэгэн зовир илэрч, дурангийн шинжилгээ хийлгээд хортой хавдар гэж оношлуулсан бол өвчин хожуу шатандаа орсон гэсэн үг. Учир нь улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний хорт хавдар “0” шатандаа буюу 100 хувь бүрэн эмчлэгдэх шатандаа ямар нэгэн зовиур, шинж тэмдэг өгдөггүй. Гэхдээ шинж тэмдэг илэрч байгаа бүхэн хорт хавдар байх албагүй. Янз бүрийн үрэвсэл, сөөргөө өвчний үед дээр дурьдсан шинж тэмдэгүүд илэрдэг. Тиймээс л шарх, шалбархай, үрэвсэл, хортой, хоргүй хавдар аль нь болохыг ялгахын тулд дурангийн шинжилгээ хийж, эд, эсийн шинжилгээ авсанаар оношийг баталгаажуулж байгаа юм.

Эмийн эмчилгээ хийгдсэний дараа бүрэн гүйцэт эдгэрсэн эсэхийг хянуулах зорилгоор тодорхой хугацааны дараа заавал давтан дурандуулна. Хугацааг нь эмч зөвлөнө.

– Ходоодны дурангаар эмчилгээ хийж болно гэлээ. Үүнийг дэлгэрүүлбэл?

-Булчинт давхаргад ороогүй, салстын доорх түвшнээс халиагүй тийм хэмжээний хавдрыг ходоодны эрт үеийн хавдар гэнэ. Эрт үедээ байгаа хавдрыг зөвхөн дурангийн шинжилгээгээр л оношилно. Түүнээс биш компьютер томоргаф шинжилгээ хийлгэхэд нарийн мэдэгдэхгүй байж болно. Дараа нь дурангийн багажийн тусламжтайгаар салст бага салстын доорх давхаргыг хуулж яавах мэс заслыг хийнэ. Энэхүү мэс заслын дараа өвчтөний сэргэх хугацаа буюу ажил, хөдөлмөрийнхөө хэвийн нөхцөлд орох хугацаа маш богино байдаг төдийгүй ходоодыг хамгаалж чадна. Мөн хоол сойх шаардлагагүйгээс гадна 14 хоногоос 2 сарын хугацаанд салст хуулсан хагалгааны шарх бүрэн эдгэрч, нөхөн төлжиж, үл мэдэгдэх сорви л үлдэнэ.

Салст хуулах мэс засал нь зөвхөн хавдрын үе шатаас хамаарч хийгдэнэ. Хавдар булчинт давхаргаас халин өөр бусад эрхтэнд үсэрхийлж хожуу үе шатандаа орсон бол дараа дараагийн нээлттэй мэс засал, хими эмчилгээ зэрэг хийгдээд явна.

– Ходоодноос цус алдаж байгаа тохиолдолд дурандуулж болох уу?

-Хамгийн түрүүнд зөв онош чухал. Цус нь хоол боловсруулах дээд зам, ходоод, нарийн гэдэснээс гарч байж болно. Амь насны заалтаар яаралтай дурандуулах заалт бий. Хаанаас цус алдаж байгааг тогтоогоод цус тогтоох арга хэмжээг яаралтай авах шаардлагатай. Шаардлагатай эмчилгээг хийлгэснийхээ дараа дахин дурандуулж, шатлгаанд тохирсон зөв эмчилгээг хийнэ. Цус алдаж байгаа тохиолдолд би дурандуулж болохгүй гээд л байвал цус багадалт зэрэг дараа дараагийн хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй. Тиймээс цус алдаж байгаа тохиололд яаралтай эмчид хандах шаардлагатай.

-Горойх шинж тэмдэг илэрсэн үед дурандуулах шаардлагатай юу?

-Горойх гэдэг нь ерөнхий хэллэг. Горойх гэдэг зовиур нь дотроо ялгамжаатай. Хоол идсэний дараа горойж, аюулхай орчмоор эвгүйрхэж байвал цөс, нойр булчирхайтай холбоотой байж болзошгүй.

Харин яг юм идэж байхад горойх, улаан хоолойгоор хоол давахгүй байх юм бол улаан хоолойн асуудалтай холбоотой байж болзошгүй. Ер нь горойх шинж тэмдэг илэрч байвал дурангийн шинжилгээнд хамрагдах ёстой.

Гэхдээ ходоод, улаан хоолой, нарийн гэдсэнд ямар ч өөрчлөлтгүй хүмүүст горойх шинж тэмдэг илрэх нь бий. Энэ нь мэдрэлийн шалтгаант булчингийн буруу агшилттай холбоотой юм. Ходоодны дээд хэсгийн хуниас булчингийн буруу агшилттай холбоотойгоор горойх шинж илэрдэг. Энэ нь мэдрэлийн шалтгаан буюу огцом хямрах, айх, цочих, хэт их баярлах, уурлах, шаналах зэргээс болж үүсдэг. Энэ үед булчингийн буруу агшилт бий болж хоол орохгүй, орсны дараа горойх, хоол идээгүй байхад ч аюулхай, улаан хоолой орчимд юм тээглэсэн мэт мэдрэмж төрдөг.

Эх сурвалж: ХСҮТ

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд