No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

76: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

Дамдины Цогтбаатар 1970 онд Улаанбаатар хотод дөрвөн хүүхэдтэй айлын отгон болон мэндэлжээ. Түүний аав Дамдин олон жил шугамын автобус барьсан жолооч, ээж Цэнд нь цэргийн их эмч мэргэжилтэй. Аав нь түүнийг бага байхад Туул-Яармаг чиглэлийн автобус жолооддог байсан тул түүний бага нас автобусанд өнгөрчээ. Цогтбаатар 1988 онд 14 дүгээр орос дунд сургуулийг төгссөн. 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд улс төр судлаач, 1998 онд Австралийн Үндэсний их сургуульд олон улсын хуульч мэргэжлийг эзэмшжээ.

Цогтбаатар оюутан насныхаа талаар “Намайг оюутан байхад том охин маань мэндэлсэн. Бид гурав бусдын адил шилжилтийн үеийг давах гэж зүтгэсэн дээ. Би оюутан байдхаа наймаа бага зэрэг хийсэн. Сүүлдээ зуны амралтаараа Герман явж ажил хийдэг болсон. Хуучин байшин нураана, барилгын ажил хийнэ, сонины зар тараана гээд янз янзын л юм хийдэг байлаа. Гэхдээ ийм үедээ сургуулиа төгсөх ёстой гэсэн чин хүслээ орхиогүй” хэмээжээ.

Англи, орос, кхмер, тай, герман хэлний мэдэгтэй тэрбээр Гадаад явдлын яаманд мэргэжилтнээс эхлээд төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж, Байгаль Орчны яам, Барилга, Хот Байгуулалтын яам, Гадаад харилцааны яамыг удирдан сайдаар ажиллаж байв.

Түүний ажил хөдөмөрийн гараа 1994 оноос эхлэлтэй бөгөөд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт атташегаар ажиллажээ. Түүнээс хойш ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хүний эрхийн дэд хороон дарга, Гадаад харилцааны сайд зэрэг албан тушаалыг хашиж байв. Түүний улс төрийн гараа 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс эхлэлтэй.

Хувийн амьдрал:

Түүний эхнэрийг Т.Болормаа гэдэг. Москва хотын Анагаах ухааны их сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. Улсын нэгдүгээр эмнэлэгт нярайн эмчээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, Эрүүл мэндийн яаманд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга хүртлээ дэвшин ажиллаж байсан нэгэн. Өдгөө “Интермед” эмнэлгийн захирлаар ажилладаг түүнийг нэгэн үе Эрүүл мэндийн сайдад нэр дэвшинэ гэх яриа гарч байлаа. Цогтбаатар гэргийтэйгээ ханилсан талаараа “Эхнэртэйгээ 30 жил амьдарч байна. Арван жилдээ бие биеэ таньдаг байж байгаад Москвад оюутан болж хамт очоод гэр бүл болсон” хэмээжээ. Тэд хүү, охинтой.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 421 сая, гэр бүлийн орлого 340,8 сая гэж мэдүүлжээ. Д.Цогтбаатар гишүүн амины орон сууцгүй бөгөөд 845 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, гурван авто зогсоолтой. Мөн 257 саяын үнэтэй Lexus-570 автомашин унадаг, зургаан саяын газар эзэмшдэг, 10 саяын үнэт эдлэлтэй гэж мэдлүүлжээ.

Гадаадад дансгүй бөгөөд дотоодын хадгаламжиндаа 85,5 сая төгрөгтэй тэрбээр “И Клиник” ХХК, “Иксиллион” ХХК, “Линкс поверкоре” ХХК, “Түмэнгаз” ХХК, “Аргиба инвестмент” ХХК, “Нано энержи” ХХК, “Эден декор” ХХК ХХК, “Састэйнабилити Ийст эйжия” ХХК, Эрдэнэс таван толгой ХК, “ББ Дент” ХХК-д хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

“Надад офшор данс байхгүй”

2016 онд Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын дэлгэсэн оффшор данстай иргэдийн мэдээлэл цацагдсан нь улс оронд өрнөж буй халуун сэдвээр тодорч байлаа. Монгол телевизээр Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Петровис компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл болон Ү.Ишжамц Дамдин нарыг оффшор данстай хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар тэрбээр дараах тайлбар мэдээллийг хийж байжээ.

Тэрбээр, “Надад офшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани, тухайн үед Австрали найз маань Монголд бизнес хийе хамт хөрөнгө оруулах уу гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас асуугаарай. 10-аас доошгүй хувь нь оффшор данстай байгууллага байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай “Бату Майнинг” компани биднийг урьсан. Тэр үеийн компаниуд бүгд гадаад нэртэй. 2003 он шүү дээ.

Ямар ч Гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан үе. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг хараарай. Тэгэхэд Гадаадын хөрөнгө оруулалтыг монголд татъя. Монгол хөрөнгө оруулагчтай байвал гадныхныг татна л гэж бодсон. Түүнээс тэр офшор данс гэдэгт нь ямар ч оролцоо байгаагүй. Оюутолгой гэдэг компанийн толгой компани нь гэхэд л Люксембургт офшорт бүртгэлтэй компани л байдаг. Ямар ч хууль зөрчсөн зүйлгүй. Тийм компанид 10 мянган долларын л хөрөнгө оруулалт байсан. 2006 оны хоёрдугаар сард бүртгэгдсэн. Хөрөнгө оруулгын мэдүүлэгт 2007 оноос мэдүүлдэг болсон. Тэр үед энэ хувьцааг мэдүүлье гээд ч байхгүй юм чинь. Өөрийнхөө ХОМ-т надад байгаа хувьцаануудыг би нэгд нэггүй хариуцлагатайгаар бичдэг” хэмээжээ.

“Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардаж байна”

Түүнийг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед Европын зарим орнуудад манай улсын дипломатчид хар тамхи болоод сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг тээвэрлэсэн, хууль бус наймаанд нэр холбогдсон хэрэг гарч байсан. Энэхүү асуудал нь манай улсын дипломат нэр хүндийг унагаж байна гэж үзсэн тул иргэд ийнхүү түүнийг огцрохыг шаардаж байжээ.

“Засгийн газраас оруулж ирсэн төсвийг УИХ дээр өөрчлөхгүй байхаар хуульчилсан”

Олны шүүмжлэлийг дагуулаад буй 32 тэрбумын “Богд Зонхова” бүтээн байгуулалтын талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр, ” Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ дээр Засгийн газраас орж ирж байгаа төсвийг аль болох өөрчлүүлэхгүй байхаар тусгасан. Тэгэхгүй бол гишүүд өөр өөрсдийн тойрогт татчихдаг урчаас оруулж ирж байгаа төсвийг аль болох өөрчлөхгүйгээр боловсруулсан. Ингэж дураараа өөрчлөхгүй байхаар тусгасан нь төсвийн талд хийгдсэн сайжруулалт.  Бүх зүйлийг тооцоотойгоор оруулж ирж байгаа. Төсвийн хүрээний мэдэглээ боловсруулахаас эхлээд хэдэн сараар оруулж ирж байгаа шүү дээ”гэсэн юм.

“УИХ-ын гишүүд өөрсдөө хуулиа биелүүлээгүй байж бусдыг биелүүлэхийг шаардаж болохгүй”

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлын талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлэв.

Тэрбээр “Бид өөрсдөө хууль баталсан бол хуулиа ёсчлон, үг үсгээр нь биелүүлэх хэрэгтэй. Өөрсдөө биелүүлээгүй байж бусдыг биелүүлэхийг шаардах боломжгүй. Сүүлийн хоёр хоногт болсон хэлэлцүүлгийг сонсоход, тэнд хамаатан садантай тийм учраас болохгүй гэж хориглох маягийн юм ярьж байна.

Гэтэл шүүхийн тухай хуулийн 98.3.2-т зааснаар ашиг сонирхлын асуудалтай бол уг асуудалд оролцохгүй гэж зохицуулсан байна. Үүнийг нь бид улс төржүүлээд байж болохгүй. Энд сууж байгаа хамаатан садангүй зарим хүмүүс нь минийх алга гэж бодоод сууж магадгүй. Тэгвэл энэ хүмүүсийн хүүхдүүд маргааш хоорондоо суувал яах юм? Суулгахгүй гэх юм уу, эсвэл аль нэгийг нь ажлаас нь болиулах уу. Тийм зүйл байхгүй шүү дээ.

Үүнийг хамгийн эрүүлээр, тухайн асуудалдаа оролцохгүй гэж зохицуулж өгсөн. Ийм утгатай хууль өөрсдөө баталчхаад эсрэг юм яриад баймааргүй байна. УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлагатайгаар баталсан хуулийнхаа талд зогсож байх ёстой. Хуулиа үг, үсэггүй дагаж мөрдөх хэрэгтэй” гэжээ.

“Цар тахлын хуулийг сунгах шаардлагагүй”

Ковидын нэг удаагийн хууль буюу “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгах асуудал яригдаж буй. Хуулийн хүрээнд Засгийн газарт төсөв мөнгөний эрх мэдэл төвлөрсөн, төрийн албаны томилгоог сонгон шалгаруулалтгүй хийж байгаа гэх шүүмжлэлд өртөөд буй уг хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгах шийдвэрт нэгдсэн талаараа эрх баригч намын зүгээс мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр, “Цар тахлын тархалт, ялангуяа Омикрон хувилбарын талаарх бүрэн мэдээлэл манайд алга байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт судалгааг сонсох ёстой гэж харж байна. Харин үүнд онц ноцтой зүйл байхгүй бол сунгах шаардлагагүй. Бид Цар тахлын хуулийн хүчээр цар тахлыг дотроо алдчилгүй нэлээд барьж чадсан, олон арга хэмжээ авсан. Гэхдээ хувь хүний хувьд одоо болно гэж хэлмээр байна” гэжээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд