No menu items!
HomeЦ.Энхбаатар эмчийн буланЦ.Энхбаатар: Хеликобактер ходоодыг шархлуулах үндсэн шалтгаан болдог

Ц.Энхбаатар: Хеликобактер ходоодыг шархлуулах үндсэн шалтгаан болдог

-

“Эмч зөвлөж байна” булангийнхаа энэ удаагийн дугаараар хеликобактерийн талаар ярилцлаа. Салбартаа  арав гаруй жил хоол боловсруулах эрхтний эмгэгийн болон ходоод, гэдэсний дурангийн эмч хийж байгаа, Уян дуран оношилгооны төвийн захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Ц.Энхбаатар эмчийн яриаг хүлээн авна уу.

Эмчтэй холбоо барих утас: 88119720, 99097082

Эмнэлгийн хаяг: Багшийн дээд UBH төвийн 3 давхар, 302 тоот “Ходоодны уян дуран”

FB хаяг: Ходоодны уян дуран

-Хеликобактер хаанаас, яаж хүний ходоодонд үүсдэг талаар эхлээд уншигчдад тайлбарлаж өгнө үү?

– Хеликобактер пилори /цаашид ХП гэх/ нь спирал хэлбэртэй,  грам сөрөг, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө шилбүүртэй байдаг. Түүнийхээ тусламжтайгаар хөдөлж, ходоодны салст бүрхүүлийн доoр амьдардаг бөгөөд ходоод, 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэгч хүчин зүйл болдог. 2005 онд манай орны хүн амын 72-90 хувьд хеликобактерийн халдвар илэрсэн гэх судалгаа байдаг.

Халдвар дамжихад амьдралын нөхцөл, ариун цэврийн дэглэм чухал нөлөөтэй. Гэр бүлийн гишүүдийн дунд болон эцэг эхээс хүүхдэд халдвар дамжих нь элбэг. Тиймээс гэр бүлд хэн нэгэн уг халдвараар өвчилсөн бол нийт гэр бүлийн гишүүдээ /10-аас дээш насны хүүхэд/ шинжилгээнд хамруулах хэрэгтэй.

-Ямар замаар халдварладаг юм бэ?

– Хеликобактерийн халдвар нь бохир аяга, халбага, автобусны болон, хаалганы бариул, гар утас, үзэг, тоглоом, компьютер, ширээ сандал, жорлонгийн төхөөрөмжүүд, гар нүүрийн алчуур, сойз,  хогийн бункер, хүний гар хүрдэг бүх зүйл дээр амьдарч халдварлана. Мөн тоосоор дамжин  халдварлагддаг.

ХП-ийн халдвар авсан тохиолдолд  ходоод дүүрч цанхайх, хоолны шингэц буурах, нүүр цээжээр идээт тууралт гарч, амнаас эвгүй үнэртэнэ. Зарим тохиолдолд ямар ч зовиур шинж тэмдэг илрэхгүй байж болно. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд орж байх нь чухал.

– Хеликобактер нь ямар нөхцөлд илүү идэвхэждэг вэ?

– Ходоодны хүчил ихсэхэд ХП–ийн амьдрах нөхцөл илүү таатай болж үржиж эхэлдэг. Бага насны хүүхдэд хеликобактер халдварлахад ходоод өвчилдөггүй. Учир нь хүүхдийн ходоодны хүчил харьцангуй сул байдаг. Гэсэн хэдий ч  эрүүл ахуйн дэглэмийг мартаж болохгүй. Харин 10–аас дээш насны хүүхдүүд, цагаар хооллохгүй /өдөрт 4-6 удаа/ олон цагаар өлөн байх, ходоодны хүчил ихэсгэдэг зүйл хэрэглээд байвал ХП нь идэвхжиж улмаар ходоодоо өвчлүүлдэг. Ходоодны хүчил ялгаралтыг ихэсгэдэг зүйлээс  татгалзах хэрэгтэй. Энэ насанд хүрэгчдэд мөн хамаатай. Ер нь бол хеликобактер ходоодыг шархлуулах үндсэн шалтгаан болдог.

– Ходоодны хүчлийг нэмэгдүүлж, ХП-ийн халдварыг идэвхжүүлдэг зүйлийг тоймлон хэлж өгнө үү?

– Хийжүүлсэн ундаа, халуун ногоо, төрөл бүрийн хоол амтлагч, сүмс, хуршсан тостой хоол /гуанзны хуушуур пирошки/, исгэлэн жимс, исгэлэн тараг, витамин С, чацарганы тос, чацарганы шүүс юм. Ерөнхийдөө цээж хорсгох зүйлээс аль болох татгалзаж, өлөн үедээ архи, тамхи, бохь хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

ХП-ийг идэвхжүүлэхгүй байхын тулд тогтмол хооллож ходоодны хүчлийг сул байлгахыг хичээх хэрэгтэй. Өглөө хоолгүй явах, өглөөний хоолыг 8 цагаас хойш идэх, 2 хоолны хоорондох зай 5 цагаас дээш хугацаагаар холдох, оройны хоолыг эрт идэх/унтахаас 4 цагийн өмнө оройн хоолыг идэх нь зохимжтой/, хоол идсэн ч мах багатай,  өөх тосгүй чанар муутай,  амархан шингэдэг хоол тогтмол хэрэглэх /амархан шингэх хоол 2-3 цагийн дараа ходоодноос гарсан байдаг үүнээс хойш ходоодонд хүчил дангаараа байна энэ үед ХП идэвхжиж эхэлнэ/ зэргийг дурдаж болно.  

– Хеликобактерийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

– Аяга халбагаа цэвэрлэгээний уусмалаар угааж, арчилгүйгээр  тавиур дээр хатааж байх хэрэгтэй. Амнаасаа хоол, чихэр, мэтийг хүүхдэд өгөхгүй байхыг анхаараарай. Мөн бохь тамхи солилцохгүй байх, шаардлагагүй тохиолдолд гар барихгүй, уруул дээр үнсэхээс татгалзах, түүхий жимс ногоо, ус хэрэглэхгүй  байх, хоол идэхээс өмнө гараа угааж  хэвших нь чухал. 

– Хеликобактерийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?

– ХП бараг хүн бүхэнд халдварласан байдаг. Харин түүнийг идэвхжиж, ихсэхээр нь эмчлэх ёстой. Шинжилгээнд ХП их гарсан хүний  ходоод шархлаагүй байж болно. Харин ХП бага гарсан ч ходоод шархалчихсан, улаан хоолойн сөөргөө үүсчихсэн тохиолдол байдаг. Дархлаа сул хүнд ХП цусны шинжилгээгээр илрэхгүй байж болно. Энэ үед дурангаар оношлох нь ХП-ийг  илрүүлээд зогсохгүй, улаан хоолой ходоод, дээд гэдэсний эмгэг, элэгний хүндрэл илэрсэн эсэх, мөн цөсний байдлыг давхар  оношилдог ач холбогдолтой.

– Хеликобактерийн эмчилгээ хийлгэсний дараа анхаарах зүйлс нь юу байдаг вэ?

– ХП-ийг  эмчилсний дараа  өөрт тохирсон чанартай хоолыг тогтмол идээд байхад бактериас айх зүйлгүй. Харин бактериа устгасан ч тогтмол цагт ялангуяа өглөө хоол идэхгүй, ходоодны хүчил ихэсгэдэг зүйл хэрэглээд байвал  шинээр орсон бактери дахиад л идэвхэжнэ гэдгийг мартаж болохгүй.

Би эмч хүний хувьд практикаас ажиглагдсан нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Өглөө ус уудаг хүмүүсийн цөс нь өтгөн, улмаар цөсний чулуу, нойр булчирхайн үрэвсэл үүсэх шалтгаан болоод зогсохгүй дархлаа нь унаж,  улаан хоолой мөөгөнцөртдөг. Мөн витамин С, чацарганы шүүс, чацарганы тос, овьёос  иддэг хүмүүсийн  хеликобактер ихсэж, ходоод нь шалбарч шархалсан байдаг. Цар тахлын үед хүмүүс витамин С, чацарганы шүүс гэх мэт хүчиллэг зүйлсийг хэрэглэх болсон. Энэ нь ХП үржих, ходоод шалбарч шархлах шалтгаан болж байгаа нь оношилгооны явцад анзаарагдаж байна.

– Хоёулаа тэгвэл  цаг үетэйгээ холбогдуулж яриагаа үргэлжлүүлье. Ковидоор өвчилсний дараа ямар хоол хүнс хэрэглэх нь зохимжтой вэ. Ходоодны дурангийн болон хоол боловсруулах эрхтний эмгэгийн эмчийн хувьд та юуг зөвлөх вэ?

– Ковидын  эмчилгээнд  илчлэг сайтай эрүүл зөв хоол хэрэглэх гэж хамгийн түрүүнд бичсэн байдаг. Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх нь ковидоос урьдчилан сэргийлэх, эмчлэх, ковидын дараах өөрчлөлтөөс түргэн илааршихад өндөр ач холбогдолтой.  Ковидоор өвдсөн ч өвдөөгүй ч заавал ходоодоо дурандуулж эмчилгээ хийлгэхээс гадна хоолны зөв зөвлөгөөг мөрдөх нь чухал.

Аливаа өвчний эмчилгээнд хоолны үр нөлөө 20-30 хувь байдаг бол ковидын  үед хоолны эмчилгээний ач холбогдол 40-70 хувь байна. Учир нь ковидын өвөрмөц эмчилгээ байхгүй. Өвөрмөц эмчилгээ гэдэг нь тухайн өвчин үүсгэгчийг дангаар устгаж чадах эмчилгээг хэлж байгаа юм. Бактериар үүсгэгдсэн хатгааны өвөрмөц эмчилгээ нь ердөө антибиотик.

Дархлаа султай хүн ковидоор өвчилдөг. Вакцин нь зориудаар дархлаа үүсгэж байгаа бол зөв хооллох нь дархлаагаа сайжруулах хамгийн ойрхон, өндөр ач холбогдолтой арга. Дархлаа сайжруулахад витамин С, Д-ээс илүү уураг /пептид/ чухал. Витамин С, Д хэрэглээд дархлаа шууд сайжрахгүй. Олон цагаар өлөн хоосон явдаг, бага хол иддэг уураг ялангуяа өөх тос, малын мах хэрэглэдэггүй хүмүүс дээрх витаминуудыг хэрэглэвэл хеликобактер үржин, ходоод нь шархлахаас гадна дархлаа унаж ч болно.

Харин эрүүл зөв хооллодог хүмүүс  С, Д витамин  /тодорхой хугацаанд 7-10 хоног/ хоолны дараа хэрэглэвэл дархлаа  нилээд хугацааны дараа дээшилж болно. Харин махан хоол, ялангуяа хонины мах хэрэглэхэд хүмүүсийн дархлаа /хоногт 275 гр ясгүй мах хэрэглэвэл/ тэр өдрөөсөө сайжирч эхэлнэ. Монголын амин чанар уургийг хэрэглэсэн тохиолдолд 20 минутын дараагаас эхлэн уургийг солилцоонд оролцон амин хүчил, пептид нөхөгдөж энэ мөчөөс дархлаа дээжилж эхэлдэг.

– Суурь өвчтэй хүмүүст энэ өвчин их хүнд тусаж байгаа гэдэг?

– Суурь өвчтэй хүмүүс ковидоор илүүтэй өвчилж хүндээр тусдаг. Ковид суурь өвчнийг сэдээнэ, суурь өвчин нь тухайн хүнийг ковидын өвчлөлд  өртөмтгий болгохоос гадна хүндрэл үүсэхэд дэмжлэг болно. Хүний  биед уураг /пептид/ дутагдсанаас болж дархлаа унаж байдаг. Пептид нь дархлаа үүсэх процессын үндсэн бүрэлдэхүүнд оролцдог.

Сахартай, элэг, бөөр, зүрхний эмгэгтэй хүмүүсийн өөх тос, махан хоолны хэрэглээг хэт хязгаарласнаас  уургийн /пептид/ дутагдалд орж дархлаа унаж байдаг. Хонины мах сайн хэрэглэвэл /өдөрт 3 удаа- өглөө 30%, өдөр 45%, орой 25% хооллоно./ ковидын дараах эмгэгүүд түргэн илааршина.

– Бүлээн ус уух нь дархлааг дэмждэг гэдэг шүү дээ?

– Шууд тэгж ойлгож болохгүй. Бүлээн ус уу гэдэг нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж. Энэ бол дэлхийн хүн амын нилээдгүй  хувийг эзэлдэг өлсгөлөнд нэрвэгдсэн болон хагас өлсгөлөн  /Энэтхэг, Африк тивийн/ хүмүүст  хандсан зөвлөмж. Монгол хүн ус уугаад байвал дархлаа нь унаад л байна. Хүний усны хоногийн хэрэгцээ 2 литр. Үүнийг өглөө өдөр орой хоолоо идээд, цайгаа уух, бага үд, үдээс хойш хөнгөн зууш шингэн зүйл уух, орой унтахаас өмнө бага зэргийн шингэн уухад л бүрэн авч байгаа юм. Гэвэл 2 литр ус ууна гээд шүүж цэвэрлэсэн ус бариад ууж явах нь нэг их зөв ч  хандлага биш. Ялангуяа өглөө 2-3 аяга ус уудаг хүмүүс цөс нь өтгөрсөн, нүүр нь харлаж сэвхтсэн байдаг. Мөн дурангаар оношилгоо хийхэд ходоод нь шархалсан, хеликобактер нь ихэссэн, гэдэс ходоодны үйл ажиллагаа нь алдагдаж, цөсний болон ходоод улаан хоолойн сөөргөө үүссэн байдаг.

Бид зөв хооллож байна гээд ногоо жимс, хэрэглэж, генийн өөрчлөлт орсон гахай, тахианы мах идэж байна. Урдаас ирсэн ногоо жимс гаднаа хор цацсан, дотор нь хор шингэсэн байдгийг хэн ч мэднэ. Бид халуун ногоонд дурлаж байгаагаа эргэж харах цаг болсон.

Нэмж хэлэхэд, Монгол малын махыг хэргэлснээр бид төгс уураг, аминхүчлийн хоногийн зөвлөмж хэмжээг бүрэн авна. /275 гр хонины махны 50.9 г уургийн үл орлогдох аминхүчил  организмын хоногийн хэрэгцээг 100-300% хангаж чадна/

Ус биш ногоон цай  ууснаар дархлаагаа сайжруулж болно. Ногоон цай нь антиоксидантаар баялаг бөгөөд  үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах,тархины үйл ажиллагааг сайжруулах, Альцгеймер, Паркинсоны өвчин гэх мэт мэдрэлийн эмгэгийн эрсдэлийг бууруулахад тусалдаг. Түүнчлэн хордлого тайлах чихрийн шижин өвчний  эрсдэлийг бууруулах ач тустай.

Эцэст нь хэлэхэд, Монгол малын махны хэрэглээг хязгаарлаж, цай уудаг уламжлалт ёсноос хөндийрч байгаа нь Монгол хүний эрүүл мэндэд төдийгүй удмын санд маш хортой үр дагаварт хүргэнэ. Зүйрлэж хэлбэл, Монгол хүн 2-3 үеийн дараа бүдэрч унаад бүхнээ мартдаг, 60-70 хүрээд тэргэн дээр суудаг гадны хүмүүстэй ижил бие махбодтой болно. Ингэж бодохоор эмч хүний хувь ихэд эмзэглэж явдаг шүү. Эрүүл зөв хооллолт гэж чухам юуг хэлээд байгаа талаар олон түмэнд цогц мэдээлэл өгөх шаардлага нэгэнт бий болсон байна.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд