76: УИХ-ын гишүүн Н.Учрал

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Н.Учралыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

Түүний аав Н. Ням-Осор монголын боловсролын салбарт олон жил зүтгэсэн нэгэн бөгөөд ИЗОУИС-ийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор билээ. Харин түүний ээж Ж.Цэцэгмаа багш мэргэжилтэй, түүхийн шинжлэх ухааны доктор нэгэн. Н.Учрал хорвоод мэндлэхдээ эцэгтэйгээ нэг өдөр буюу нэгдүгээр сарын 2-нд мэндэлжээ. Ийм хувь тохиосныг бэлгэдэн аав нь хүүдээ Учрал нэр хайрласан юм гэдэг. Учрал айлын ууган хүү бөгөөд нэг дүүтэй. Дүү Н.Ундрал нь “МҮОНТ”-ийн нэвтрүүлэгч.

Н.Учрал багаасаа шүлэг, яруу найарг сонирхдог байсан төдийгүй гуравдугаар ангийн сурагч байхдаа “Аадар бороо” хэмээх шүлгийн жижигхэн номоо гаргаж байжээ. Багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан тэрбээр “Хүрэл тулга” болон “Уран жиргээ” наадмуудад оролцдог байж.

Нэгэн үе Тимон  нэрээр уран бүтээл туурвин, хип хоп дуугаараа хүүхэд залуусыг байлдан дагуулж явсан тэрбээр “That’s it” нэртэй цомгоо гаргаж байв. Мөн дуучин С.Бичүүгийн “Ахиж би дурламааргүй байна”, “Нууцхан гуниг”, “Сүүлчийн зогсоол”, дуучин Ц.Мөнхбат, Б.Лхагва нарын “Сайн уу, найз минь” зэрэг дууны шүлгийг бичиж байжээ. Тимон нэрээр дуулж явсан үедээ хайртай хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Тэрбээр, “Хүмүүс намайг хийж байсан ажилтай маань холбож хип хоп дуучин Тимон гэдэг талаас нь хандах гээд байдаг. Үүгээрээ би бахархдаг. Тимон байсандаа баярладаг. Миний залуу нас, хүүхэд насны хамгийн аз жаргалтай мөч бүхэн Тимонтой холбоотой. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч чаддаг” хэмээжээ.

2003 онд Их Засаг лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургуульд суралцсан бөгөөд эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр, Монгол улсын Боловсролын их сургуульд түүхийн ухааны магистр, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт түүхийн ухааны докторын зэргээ тус тус хамгаалжээ.

2007 онд Их Засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2010 оноос “Рояаль” Академи, “Рояаль олон улсын дээд сургууль”-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар ажилласан. Мөн “Royal HD” телевиз, “Royal 9.89” FM-ийг найз нарын хамт байгуулж ажилласан байна. Түүний улс төрийн замнал 2012 оноос эхлэлтэй бөгөөд нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

2015 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон.

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх, Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч, Европын ректоруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг эрхэлдэг.

Хувийн амьдрал

Эхнэрийгээ анх зурагтаар тэтгэлэгийн мэдээлэл өгч байхад нь хараад уулзаж байсан гэдэг. Түүнийг гэргийг Ч.Сэлэнгэ гэдэг бөгөөд “Рояаль” академийн захирлын албыг хашдаг. Тэд 2008 онд гэр бүл болж, гурван хүүхэдтэй болсон.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 961,1 сая, гэр бүлийн орлого 66 сая гэж мэдүүлжээ. Н.Учрал гишүүн амины орон сууцгүй бөгөөд 3,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, хоёр зуслангийн байр, нэг үйлчилгээний зориулалттай байртай.

Мөн 435 саяын үнэтэй хоёр Lexus570, Nissan Tiida автомашин унадаг, 28,4 саяын мал /хонь-120, адуу-20, хонь-30/, 150 саяын газар эзэмшдэг, 85 саяын үнэт эдлэлтэй гэж мэдлүүлжээ.

Гадаадад дансгүй бөгөөд дотоодын хадгаламжиндаа 1,7 тэрбум төгрөгтэй тэрбээр Их Засаг олон улсын их сургууль, Массив трейд ХХК, Грийн Ланд групп ХХК, Рояал Академи ХХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эвэргрийнлайф ХК-д хувьцаа эзэмшдэг. Мөн гурван тусгай зөвшөөрлийн эрхтэй. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

ЖДҮХС-аас авсан зээлээ эргэн төлөв

Түүний аав Н.Ням-Осорын нэр дээрх “Хүннү” ХХК ЖДҮХС­-аас 950 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдэж, улмаар зээл авахад УИХ-ын гишүүн хүүгийнх нь нөлөө байсан гэх мэдээлэл цацагдаж байв. Удалгүй Н.Учрал “Одоо төлчихье” хэмээн мэдээлж байсан юм. Тэрбээр, “Хүннү” ХХК 100 хувь миний аав Н.Ням-Осорын нэр дээр байдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад УИХ­-ын гишүүн миний оролцоо, нөлөөлөл байгаагүй. Намайг нөлөөлсөн гэдэг нь гүтгэлэг. Тиймээс би албан ёсны тайлбар хийж байна. Аавын минь 1992 онд байгуулсан энэ компани надгүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ компани ЖДҮХС-­аас нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад төслийн багийнхныхаа бичсэн төслийг албан ёсоор бүртгүүлээд, өөрийн компанийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж тус зээлийг авсан байна” гэх тайлбарыг хийж байжээ.

“Тэтгэвэр өвлөгддөг эрхийг нээнэ”

Өнгөрөгч онд УИХ-аас тэтгэврийн шинэчлэлийг бодлогын түвшинд боловсронгуй хөгжүүлэх арга замыг судалж, санал шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал томилогдсон юм.

Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийн талаар тэрбээр, “сарын нэг сая төгрөгийн цалинтай хүн орлогынхоо 4 хувь буюу 40 мянган төгрөгийн Хувийн тэтгэврийн санд төлнө. Ингэж хуримтлал бүрдүүлснээр, хүүнээс хүү тооцох аргачлалаар хуримтлал нэмэгдэнэ. Жишээлбэл, 800 мянган төгрөгийн цалинтай хүн орлогынхоо 13 хувийг төрийн Тэтгэврийн даатгалын санд төлөөд, 4 хувиа Хувийн тэтгэврийн сандаа өөрийн сонголтоор төлснөөр, 30 жилийн дараа 76 сая 852 мянга 902 төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ мөнгөө үр хүүхэддээ өвлүүлэх бололцоог хуулиар нээхээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах, түүнчлэн орон сууцны урьдчилгаанд өгөх боломжтойг дурдлаа. Мөн Хувийн тэтгэврийн сан байгуулснаар, тэтгэвэр нэмэх нөхцөл бүрдэнэ. Мөн Хувийн тэтгэврийн сангаас сар бүр 461 мянган төгрөгийн тэтгэвэр давхар бодогдох юм.  Ингээд төрийн Тэтгэврийн даатгалын сангаас авч байгаа 316 мянган төгрөгтэй нийлээд 770 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг” хэмээн мэдээлэл хийж байлаа.

“Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж ярихаасаа ичихгүй байна уу

Тэрбээр, “Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж яриад суухаасаа ичихгүй байна уу? Цар тахлын халуун шугаманд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын чинь бүтэн сарын цалин нэг тор хүнс ч авч хүрэлцэхгүй байхад манай шүүчгийн өрөө жижигдээд байна гээд төсөв нэмүүлэхээр орж ирэхээсээ ичихгүй байна уу? Барилга, өрөө сав, тавилга, машин, цалин хангамж ярихдаа уургын морь шиг байдаг байдал дээрээ энэ төрийн байгууллагууд жаахан юм бодох болоогүй юу” хэмээн шүүмжилж байсан удаатай.

“Хэдэн хүн ээлжилж дарга болдог төрийн албанд салхи оруулах цаг ирсэн”

Тэрбээр, “Төрийн албаны хуульд салбартаа мэргэшсэн байдал маш чухал. Төрийн албаны өнөөгийн хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газрын дарга хүн насаараа хийсэн хүн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хийж болно. Уг нь бол тэр салбарыг огт мэдэхгүй. Харамсалтай нь мерит зарчим гэдгийг буруу ойлгосноос ийм томилгоонууд хийгдэж байна. Мерит зарчим гэдэг нь шатлан дэвших гэсэн үг биш. Нэг газраа буга чөтгөр шиг байснаараа төрийн албанд дээшилдэг зүйл биш.

Өнөөдөр эрүүл мэндийн салбарыг хар л даа. Өрхийн эрүүл мэндэд туршлагатай мэдлэгтэй хүмүүс ажиллаж байна. Эдгээр хүмүүс төрд ажиллаж байсан туршлагагүй гэж төрийн албанд авдаггүй. Салхи оруулах цаг болжээ. Тухайн салбарт өөр хүн олддоггүй юм шиг. Дарга нар ээлжлээд дарга болж байдаг боллоо. Дэлхий дахин чадварт суурилсан байдлыг үнэлж ажилд авдаг болсон. Чадвар гэдэг нь салбартаа ажилласан байдал. Хувь хувьсгал, төрд ажиллласан байх нь хамаагүй” гэжээ.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!