No menu items!
HomeХүмүүсДэлгэцийн урлагт хүч үзэж буй авьяаслаг, залуу жүжигчид

Дэлгэцийн урлагт хүч үзэж буй авьяаслаг, залуу жүжигчид

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа дэлгэцийн урлагт хүч үзэж буй авьяаслаг, залуу эмэгтэй жүжигчдийг онцолж байна.

Залуу жүжигчин Р.Нандинцэцэг

“Хөхөөний үүр”, “Орилоон”, “Асрагч аав”, “Админ Z”, “Гэнэтийн зочид” зэрэг киноны дүрээр олонд танигдаж буй залуу жүжигчин бол Р.Нандинцэцэг юм. Тэрбээр хүүхэд насныхаа мөрөөдөлд хөтлөгдөн жүжигчин мэргэжлийг сонгосон бөгөөд өдгөө бүрэн хэмжээний 12 кинонд дүрээ бүтээгээд байна.

24 настай залуу жүжигчин Р.Нандинцэцэгийн бага нас Улаанбаатар хотод өнгөрсөн. ШУТИС- харьяа хэлний боловсролын лицей сургууль, Соёл урлагийн их сургуулийг төгссөн бөгөөд анх “Хөхөөний үүр” уран сайхны кинонд дүрээ бүтээж, жүжигчний гараагаа эхлүүлсэн.

Залуу жүжигчин Ц.Номин

“Фантастик” продакшны бүтээсэн “37-р Точка” олон ангит киноны Солонгын дүрээр олны танил болсон Ц.Номин Улаанбаатар хотод төрж өссөн. 2019 оны хавар Соёл, урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд сургуулиа төгсөх жилдээ “37-р Точка” олон ангит кинонд тоглож дүрээ амилуулжээ. Түүнээс өмнө “Хайрын клуб” кинонд гол дүр, бусад уран бүтээлд туслах дүрүүдийг бүтээж байсан. Жүжигчин мэргэжлийг сонгосон талаараа ” Миний ээж хүүхэд байхдаа “Хөгжим бүжгийн коллеж”-д шалгуулаад тэнцсэн ч суралцаж чадаагүй юм билээ. Миний хувьд багадаа нэвтрүүлэгч, хөтлөгч эсвэл жүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Арван жилээ төгсөөд жүжигчин болох хүсэлтэйгээ ээждээ хэлтэл тун ч дуртай хүлээж авсан. Ээж минь урлагт дуртай. Тиймээс охиноо өдий хүртэл нь дэмжсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Залуу жүжигчин Б.Үжин

Түүнийг жүжигчин Б.Мишээлийн дүү гэдгээр хүмүүс андахгүй. Цахим сүлжээнд олон мянган дагагчтай тэрбээр кино урлагт хүч үзэхээр шийдсэн бөгөөд “Манайд нэг удаа” уран сайхны кинонд дүрээ бүтээгээд байгаа юм. Мөн киноны дуу болох “Модод”-ыг дуулсан. Тэрбээр Шинэ Монгол сургуульд 12 дахь жилдээ суралцаж буй. Солонгос улсад жүжигчний мэргэжлээр суралцах мөрөөдөлтэй түүнийг уг мэргэжлээр суралцахад түүний эгч нөлөөлсөн. Сэтгэл судлаач мэргэжил эзэмшихийг хүсч байсан ч ийнхүү урлагт хүч үзэхээр шийджээ.

Залуу жүжигчин Б.Ану-Үжин

 МҮОНРТ-ийн дэлгэцийн ээлжит бүтээл болох “Хамгийн азтай үе” олон ангит уран сайхны киноны Азтайзаяа гэх гол дүрийг бүтээж, олны танил болсон залуу жүжигчин Б.Ану-Үжин тун саяхан Испанийн Барселон хотын Театрын урлагийн коллежийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Барселонд жүжигчин мэргэжлээр ажиллахын зэрэгцээ фото моделийн агентлагт харьяалагдаж байв. Испани явахаасаа өмнө Л.Таванбаяр найруулагчийн “Хамгийн хөөрхөн охин” кинонд тоглож, анхны дүрээ бүтээж байсан. Хоёрдугаар дамжааны оюутан байхдаа “Хамгийн азтай үе” кинонд тоглох санал авснаар эх орорндоо ирж байжээ.

Залуу жүжигчин Б.Ганжаргал

“Гэнэтийн зочид” киноны Онон хэмээх хөгжилтэй дүрийг бүтээж олны анхаарлыг татаад буй залуу жүжигчин Б.Ганжаргал өнгөрсөн жил СУИС-ийг төгссөн. Энэхүү уран бүтээл түүний хувьд анхдагч. Жүжигчин мэргэжлийг сонгосон талаар тэбрээр, “багаасаа урлагийн хүн болно гэж боддог байснаас яг жүжигчин мэргэжлийг сонгоно гэж бодоогүй. Арван
жилдээ нэг удаа “Ромео, Жульетта” жүжгийн уралдаан зохиогдоход арын хэсэгт орсон юм. Тэгэхэд жүжигчний мэргэжил сайхансанагдсан. Тэгээд 12-р анги төгсөхдөө СУИС-д шалгалт өгөхөөр бэлдсэнээр, бүртгүүлж орсон ” хэмээжээ.

Залуу жүжигчин Б.Баярцэцэг

Оскарын шагналт Монголын анхны жүжигчин болж, Холливүүдэд гялалзах мөрөөдөлтэй залуу жүжигчин Б.Баярцэцэг энэ онд нээлтээ хийсэн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн билээ. 21 настай тэрбээр бизнес эрхлэхийн зэрэгцээ жүжигчин мэргэжлээр ажилладаг. Жүжиглэхээс гадна дуу дуулах, ая зохиох авьяастай нэгэн.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд