No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

76: БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүдийн талаар уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг онцолж байна.

Товч намтар

Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 1970 онд Хөвсгөл аймагт төржээ. Тэрбээр бага, дунд ангидаа чөлөөт бөхөөр хичээллэж, аймгийн “Эрх чөлөө” сонинд шүлгээ нийтлүүлж байжээ. Түүний “Хөх зул” нэртэй шүлгийн анхны ном 1994 онд хэвлэгдэн гарсан байна.

Л.Энх-Амгалан гишүүн 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургуулийг дүүргэж, Зөвлөт Холбоот Улсын Ленинград хотын Их сургуулийн Олон Улсын сэтгүүлчийн ангид суралцахаар болжээ. Тэрбээр 1992 онд их сургуулиа төгсөж, дараа нь 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн байна. Боловсрол, Шинжлэх ухааны сайд тэрбээр Англи, Орос хэлтэй аж.

1992 онд сургуулиа төгссөн тэрбээр “МОНЦАМЭ” агентлагаас ажлын гараагаа эхлүүлсэн. “Ил товчоо” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан тэрбээр 1995 он хүртэл тус байгууллагад ажиллажээ. Л.Энх-Амгалан 1996 онд “Интерпресс” ХХК-ийг үүсгэн байгуулж, 1996-2012 онд “Юнител групп”, “MCS электроникс” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, “MCS” группийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бизнесмен юм.

Харин 2012 оноос улс төрд орох замнал нь эхэлжээ. Тэрбээр 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 оны сонгуульд нэр дэвшин анх удаагаа парламентад сонгогдсон. Түүнээс хойш тасралтгүй төр түшилцэж байна. Тэрбээр 2012-2016 онд парламентад ажиллахдаа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Малчдын тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай, Нэмүү өртгийн албан татварыг 1 хувь болгох тухай, Хамтын тэтгэврийн тухай зэрэг хуулиудыг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан УИХ-д өргөн барьж, батлуулж байжээ.

Л.Энх-Амгалан сайд эхнэртэйгээ 13-р хорооллын автобусны буудал дээр танилцаж байсан гэдэг. Түүний гэргийг М.Сэржмядаг гэдэг бөгөөд хуульч мэргэжилтэй нэгэн юм. Тэд нэг хүү, нэг охинтой ажээ.

Хөрөнгө, орлого

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т хөрөнгө орлогоо тайлагнаж, түүнийг нь цахим системд  нээлттэй байршуулдаг билээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн 2020 оны хөрөнгө орлогын хураангуйг хүргэе.

Түүний жилийн орлого 8 тэрбум 311 сая 736 мянган төгрөг. Гэр бүлийн гишүүд нь жилдээ 281 сая 100 мянган төгрөгний орлоготой. Тэрбээр 5 тэрбум 31 сая 858 мянган төгрөгний нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, хоёр үйлчилгээний зориулалттай барилга, нэг оффистой. Мөн 300 сая төгрөгний нэг автомашинтай хэмээн ХОМ-ээ өгсөн байна.

Л.Энх-Амгалан 1 тэрбум 654 сая төрөгний үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад 67 сая 344 мянган төгрөгний хадгаламжтай. Мөн “Интер групп интернэйшнл” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК-иас хувь эзэмшдэг байна.

Хэвлэлийн хуудаснаа

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татаж байсан түүний талаарх мэдээллийг товчлон хүргэе.

ЖДҮ-д нэр холбогдов

ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан гишүүдийн нэрс тодорсон. Нэр дурдагдаж буй гишүүдийг ЖДҮХС-гаас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгасан байдаг.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нь Хан-Уул дүүргийн иргэн М.Мөнхдөлийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд хэрэгжүүлж байгаа “Үрийн төмсний загвар аж ахуй байгуулах”, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Буман сор” хоршооны “Хөргүүртэй агуулах”,  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын цэнгэл” хоршооны “Сайн тэжээл” гэх гурван төслийг дэмжүүлэхээр 2018 оны дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарт албан бичгээр хандсан тухай хэвлэлүүд онцолжээ.

Харин тэрбээр “Миний нэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төмсчин хүүтэй нэр холбогдсон бололтой. Үнэн нь энэ хүү миний нэр дээр өргөдөл өгч Төмсний үрийн агуулах барих, төмс тариалах төслөө ЖДҮХС-д өгөхөөр шийдсэнээ бичээд, албан бичгээр дэмжихийг хүссэн юм. Би дэмжсэн бичиг явуулсан. Төмсчин хүүгийн төсөл 200 сая төгрөгөөр дэмжигдсэн нь нүдээ олсон. Гэвч дэмжигдсэнийг нь сүүлд мэдсэн. Энэ тухай АТГ-аас надад мэдэгдэж, мэдүүлэг авсан… Хувийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол хоёрын дунд асар том орон зай бий. Түүнийг олж харж чаддаггүй АТГ-д талархал илэрхийлье. Нэр хугарахаар яс хугар…” хэмээн тайлбар бичиж байжээ.

Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрний давхардлыг арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлнэ

Монгол Улсын их сургууль болон Монголын үндэсний их сургууль хэмээх хоёр нэр давхцаж, иргэдийг төөрөгдүүлж байгаа тул МҮИС гэх нэрийг буцаан авна гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  мэдэгдсэн. Үүний хариуд Монголын үндэсний их сургуулиас салбарын сайдаа уучлалт гуйхыг шаардан мэдэгдэл хийж,  иргэний хэргийн шүүхэд хандана гэдгээ хэлсэн.

Харин БШУ-ы сайд Л.Энх-Амгалан дээрх асуудалтай холбоотойгоор мөрдөн байцаагчид мэдүүлэг өгч, сууриа цахим орчинд дахин илэрхийлсэн байна.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “МҮИС-аас намайг ХУЛГАЙЧ гэж хэлсэн гэдэг үндэслэлээр цагдаад өгсөн юм байна. Гомдлын дагуу мөрдөн байцаагчид мэдүүлэг өглөө…

Тухайн үеийн Боловсролын сайдын 1992 оны оны аравдугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалаар Монгол Улсын Их сургуулийг “Монгол Улсын Үндэсний Их сургууль” хэмээн нэрлэсүгэй” гэж статусыг МУИС-д албан ёсоор олгосон.

Энэ нэр бол Монгол Улсын оюуны өмчийн газар, Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Шударга өрсөлдөөнийг зохицуулах газруудаар баталгаажсан, МУИС-ийн өмч юм. Би Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Их сургуулийн нэрний давхардлыг арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж удахгүй нэг талд нь гаргана.

Би Монголын Үндэсний Их сургууль гэдэг тухайн байгууллагын нэр хүндэд халдаж буруутгаагүй. Хууль бусаар авсан нэрийг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгасан. Дээр нь МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм.

Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс биш хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй. Би ямар нэгэн хууль бус үйлдэл, буруу зүйл хийгээгүй учраас хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй” гэжээ

“Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй”

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгодгийг болиулах гэж байгаа талаар мэдээлсэн.

Л.Энх- Амгалан “Хувьсах зардлын шинэчлэлээр боловсролын чанарт суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа. Хувьсах зардал нь багш нарын цалин урамшуулал, байгууллагын урсгал зардалтай холбогддог байсан. Харин одоо сургалтын орчин, багшийн хөгжлийн асуудал, хүүхдийн сурлагын ахиц дэвшилд энэ мөнгийг зарцуулдаг болгохыг зорьж байна.

Өмнө нь хувьсах зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Харин одоо багш, сурагч, сургалтын орчныг сайжруулахад зарцуулагддаг болно гэсэн үг. Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй, тэр тусмаа жилийн 10 сая төгрөгөөр дээш төлбөртэй сургуулиудад. Энэ шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан хуулийн хүрээнд хийнэ” гэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

трэнд