Ж.Бат-Эрдэнэ: Онгоцны тийзний үнийг 10-15 хувь бууруулах боломжтой

0
369

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар /2021.12.16/ Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Гаалийн тариф болон татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлснээр  зорчигч тээврийн үйлчилгээнд, тийзний үнийг бууруулах боломжтой юу. Онгоцны шатахууны үнэ өндөр байдаг болохоор тийзний үнэ өндөр байдаг гэдэг. Олон суудалтай, Боинг онгоцны хамгийн сүүлийн үеийн загварыг манай улс тээвэртээ ашиглахаар боллоо гэж мэдээлж байсан. Энэ онгоц зорчигч тээвэрлэж үзсэн үү, төлбөр тооцооны асуудал нь дууссан уу” гэдгийг тодруулав.

Түүний асуултад Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ дараах хариултыг өгөв.

Тэрбээр, “МИАТ компани 2013 онд Боинг компанитай гэрээ байгуулж, агаарын хөлөг авсан. Төлбөрийн үлдэгдэл нь 45 тэрбум. Сүүлд нислэгийг зогсоосон Боинг макс туршилтынхаа зөвшөөрлийг хүлээж байгаа. МИАТ болон Боинг компаниуд мэргэжлийн түвшинд ярьж байна. Тодорхой шаардлагатай зүйлүүдийг хийгээд ойрын хугацаанд нислэг үйлдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Зорчигч тээврийн тарифын хувьд энэ хөнгөлөлтүүдийн хүрээнд 10-15 хувь бууруулах боломж бий болох болов уу гэсэн урьдчилсан тооцоолол байна” гэлээ.