П.Наранбаяр: Хятад хилээ хаагаад байгаа нь Бээжингийн олимптой холбоотой

Олон улс судлалын доктор П.Наранбаярын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс онцлон хүргэж байна.

Тэрбээр “Гадаад харилцаан дээр манайд мэргэжлийн өндөр ур чадвар дутагдаж байна. Ялангуяа судалгаа, шинжилгээ дутагдаж байгаа юм. Тухайлж нэг жишээ хэлье л дээ. Зүүн өмнөд Азид Мэгүм гэж гол байдаг. Энэхүү гол олон улс орны нутаг дэвсгэрийг дайрч урсдаг. Энд усан цахилгаан станц баригдсан. Бас л байгаль орчин, экологийн тэнцвэр гэж ярьдаг. Уг голын доор нь байж байгаа улс орнууд эсэргүүцэж ярьдаг байсан. Гэхдээ л станцаа барьсан байдаг. Үүнээс жишээ аваад, тэр голын усан цахилгаан станцыг яаж барив, гадаад бодлого яаж явав, бусад улс орнуудтайгаа хэрхэн ойлголцов гэдгийг судлах хэрэгтэй.

Манай улсын импортын бараа бүтээгдэхүүний 80 хувь нь Хятадаас хамаарч байгаа. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн асуудал шүү. Аль нэг улсаас хамаарсан эдийн засгийн нөхцөл байдлыг 30 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн заалт байдаг. Тэгэхээр Хятад улс 80 хувьд хүрчихсэн байгаа нь Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх асуудал. Давчихсан хэрнээ яваад байдаг. Нөгөөтэйгүүр ийм болтол явсан нь бидний арчаагүй байдалтай л холбоотой. Замын-Үүд яаж хөгжив, Эрээн яаж хөгжиж байна. Манайхны хийж байгаа халдвар хамгааллын хаалга нь ямар байна. Эрээнд ямар байна. Энгийн жишээ л энэ. Энэ бүх зүйлээс харвал Монгол Улс авилгад дээрээсээ доошоо нэвт орсон гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Төмөр замаа хөгжүүлж чадаагүй нь бидний буруу. Аливаа тээвэрлэлтийг төмөр замаар явуулъя гэхээр төмөр, замаа цахилгаан болгож чадаагүй нь бидний буруу. Монголын хилээс Хятадын хил рүү төмөр зам шууд гараад явчхаж чаддаггүй. Заавал ачиж буулгах асуудал үүснэ. Ковидоос шалтгаалж ямар нэгэн тээвэрлэлтийг алсын зайнаас буюу төмөр замаар явуулахыг шаардаж байна. Тэгээд төмөр замаар явуулъя гэхээр манайд төмөр зам нь хөгжөөгүй. Энэ бидний л буруу. Одоо болтол гаальтай 69 автомашинаар тээвэрлэлт хийж байна гэдэг бол ёстой онигоо. Хятад хилээ нээхгүй байж байж нэгхэн өдөр нээгээд, хилээ хаачихсан. Хятадын зүгээс танай талын хорио цээрийн дэглэм чинь болохгүй байна гэдэг. Тэгээд ганц өдөр хилээ нээхэд хэний бараа таваар орж ирж байна. Дандаа тансаг хэрэглээний томчуудын бараа таваар орж ирж байгаа юм. Засгийн газар нь “Өнөөдөр Хятадаас тэдэн чингэлэг бараа орж ирлээ” гэж зарладаг, ийм хэмжээнд хүртлээ бид жижгэрчихсэн байна.

Дэлхийн худалдааны төв байгууллагад бид хандаж болно. Хятад хилээ хаагаад байгаа нь Бээжингийн олимптой холбоотой л гэж харж байна. Бээжингийн өвлийн олимпийг ямар нэгэн байдлаар бойкотлох, эсвэл амжилтгүй зохион байгуулах юм бол Си Жиньпиний засаглалын нэр хүндэд маш том сөрөг нөлөөтэй. Тиймээс Бээжингийн олимпыг дуустал хатуу чанга бодлого барьж байгаагийн нэг илрэл бол энэ хилийн асуудал байх аа” хэмээжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин



spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!