Гавьяат тамирчин М.Анхцэцэг дэлхийн аварга боллоо

Энэ сарын 7-17-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэй 86, эмэгтэй 29 дэх удаагийн тэмцээн явагдаж байна.

Манай шигшээ баг ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 59 кг-ын жинд Э.Энхтамир, 87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Эрхэт Монгол группын тамирчин М.Анхцэцэг нар оролцсон.

Э.Энхтамир 20-р байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол М.Анхцэцэг сүүлийн өргөлтөд 141 кг-ыг өргөснөөр нийлбэр дүн 250 болж, анх удаагаа нийлбэр дүнгээр дэлхийн аварга боллоо.

Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын шагналт байрт шалгарсан М.Анхцэцэг ийнхүү хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичиж, ДАШТ-ээс алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, анхдагч болж байв. Үүний дараа 2019 онд дахин хүрэл медаль хүртэж, медалиа ихэрлүүлсэн түүхтэй.