No menu items!
HomeЯрилцлага108 мөргөлийн тоог мартахгүй хийх амар аргачлал буюу их монгол тоолох арга

108 мөргөлийн тоог мартахгүй хийх амар аргачлал буюу их монгол тоолох арга

-

ИХ МОНГОЛ ЙОГИЙН холбооны Тэргүүн, йогийн багш Т. Алтангэрэлтэй ярилцлаа.

-Мөргөлийг монголчуудын ахуй амьдралтай холбоотой үүссэн гэх боллоо, энэ талаар таны бодол?

-Мөргөл нь аливаа шашин үүсэхээс өмнө монголчуудын ахуй амьдралаа байгаль дэлхий, уул ус, тэнгэр газартайгаа шүтэн барилдуулж, хүндэтгэн дээдэлж мөргөн залбирч ирсэн хүн-байгаль хоёрын нандин холбооноос үүссэн гэж ойлгож болно. Энэ талаар олон судалгааны ажил хийгээд явж байна. Хамгийн сонирхолтой нь мөргөл өөрөө мөргөх явцад мэдээллээ өгдөг нь гайхалтай юм.

Энэхүү гайхамшигтай мөргөлийн хөдөлгөөнийг мэргэжлийн йогийн багшийн зүгээс сунгалт, гар хөлийн зөв зохистой байрлал, амьсгал, бясалгалтай хослуулан хүний биед үзүүлэх нөлөө, сэтгэл зүйд гарах эерэг өөрчлөлт, эрүүл мэндийн анагаах ач тусаар нь илүү дэлгэрүүлэн 108 мөргөлийн анхан, дунд, дээд шатны нийт 9 хичээлийг боловсруулан хүмүүст хүргээд байна.

-Ихэнх хүмүүс 108 мөргөлийн гайхамшигтай үр дүнг мэддэг болсон байна. Гэхдээ мөргөлөө тууштай хийхгүй байх, шантрах тоогоо алдах гэх мэт олон саадууд байдаг бололтой. Үүнд та ямар зөвлөгөө өгөх бэ?

-Бясалгалын багш маань үргэлж өөрөөсөө халь, өрөөл бусдын төлөө залбирч бай гэдэг. Өөрөөсөө хальж өрөөл бусдын төлөө бие сэтгэлээ зориулж эхэлсэн цагаас өөрийн өчүүхэн асуудал замхардаг гэж ойлгодог. Хүн мөргөлийг үйлдэхдээ зөвхөн өөрийн амин тусаа бодох биш эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд мөргөдөг учир мөргөлийг ХАЙР гэж нэрлэмээр санагддаг гэж Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач С.Төгсоюун хэлсэн байдаг.

Тийм учраас өөртөө болон бусдын сайн сайхны төлөө сүсэглэн мөргөх зорилгоо тодорхойлох нь мөргөл хийх эхний алхам гэж боддог. Хүн ямар нэг замыг туулан хаа нэгтээ хүрэхдээ зорин очиж байгаа газраа мэдэж байж замд гардагтай эгээ адил хийж буй зүйлийнхээ утга учир, мөн чанар, зорилгыг илүү ойлгоод хийвэл шантрахгүй болдог санагдсан. Тоолох аргын хувьд манай их монгол йогийн холбооноос ‘‘Их  монгол тоолох арга‘‘-г хүмүүст хүргээд 3 жил болж байна.

Хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл хүний бие сэтгэлийг эрүүлжүүлэх олон төрлийн аргыг туршиж судалж нэвтрүүлж ирсэн ч хүн өөрийгөө хэрэглэх нь хамгийн шилдэгт ордог байна.

Миний хувьд хүний бие болон сэтгэлийг засах олон төрлийн сургалтууд хийхдээ хүч таны дотор бий, та өөртөө итгэ, таны бие өөрийгөө анагаах хүч бий гэх мэт хүний өөрийн дотоод сэтгэл, ухамсар, хүчийг нээхэд чиглэж ирсэн. Ерөөсөө миний сургалтын зорилго бол хүний дотоод сэтгэлийн гайхамшгийг нээхэд л оршиж иржээ. Тийм ч учраас 108 мөргөлийн гайхамшгийг мэдэрсэн хүмүүс мөргөлөө тоолохдоо өөрийнхөө хүчээр, өөрийнхөө тархиар, өөрийгөө хэрэглэх нь тархи сэргэг байх, улмаар хөгшрөлтийг сааруулах ч зорилготой. Тийм учраас мөргөлийн тоогоо хэрхэн алдахгүй тоолох вэ гэж хайгуул судалгаа хийж тархи судлалын 2 ном  уншиж ой тогтоолтын ТОО ДҮРСНИЙ аргаар ИХ МОНГОЛ ТООЛОХ аргыг гаргаж авсан нь өдгөө бидний хэрэглэж буй жил, хүрдтэй тоолох арга билээ. Их монгол тоолох аргаар мөргөлөө хийдэг хүмүүс эргэлзэхгүй, алдахгүй, амар тоолдог болсон.  

108 мөргөлийг хийхдээ тархиа хөгжүүлэх, залуу сэргэг байлгах арга нь тоологч хэрэглэхгүй байх юм.

Хүний амьдрал тухайн өдрийн өнгөө дагаад бас янз бүрийн зүйл тохиолдох тул заримдаа мөргөлөө хийхгүй өнжих үе гарна. Тэр үедээ хүмүүс гэмших гээд байдаг. Тэгэхээр сэтгэлдээ чангарал үүсгэх учир манай холбооноос мөн БОГИНО МӨРГӨЛИЙН стандарт хичээлийг гаргаж байгаа. Үүнийгээ бид ‘‘амар мөргөл‘‘ гэж нэрлэхээр болсон.

Цаг таарахгүй, хийж амжихгүй, оройтсон, хөдөө гадаа явах үедээ амар мөргөлөө хийгээд таслахгүй тууштай, сэтгэл дүүрэн байх нь чухал юм.

-Мөргөлийн утга учир нь тоондоо юм байна, 108 гэсэн тооны тухай дэлгэрүүлж өгнө үү. Эрхиний тоо 108 байдаг мөргөл бас. Энэ бурхны шашинтай холбоотой юу

-108 мөргөлийн зүгээр л тооны учрыг олох нь тэр чигтээ түүх, гайхамшиг юм даа.

108 мөргөлийн зөвхөн тооны учрыг олох, судлах өөрөө тэр чигтээ гайхамшиг. 108 мөргөлийн гайхамшиг нь энэхүү 108 гэдэг ариун дагшин, эртний, нууц хэмээгдэх тоотой их холбоотой юм. Бүхий л шашинд 108 гэсэн тоотой холбоотой зан үйл байдаг. Тэгэхээр 108 мөргөлийн маань гайхамшиг нь 108 удаа алдахгүй мөргөхөд түүний гол мөн чанар нь оршино. Ер нь энэ хорвоо ертөнцөд хүний гараар бүтээгдээгүй зүйлс 108 гэсэн тоотой холбоотой байгаа талаар олон баримт байдаг. Үүнээс дурдвал сарны диаметрийг 108-р үржүүлэхэд сарнаас дэлхий хүртэлх зай, нарны диаметрийг 108-р үржүүлэхэд нарнаас дэлхий хүртэлх зай гардаг гэж нотолсон байдаг. Японы сүмүүд жил бүрийн сүүлийн өдөр хонхоо 108 удаа цохидог, хүний биед зүү тавьдаг 108 суваг байдаг. Алаг мэлхий 108, ганжуур данжуурын 108 боть, эрхиний бөөр 108 ширхэг гээд эрт үеэс өвгөд маань аливаа зан үйлийг 108 гэсэн тоотой санамсаргүй холбоогүй байхаа гэдэгт итгэлтэй байдаг.

-108 мөргөлийн ИХ МОНГОЛ ТООЛОХ аргыг танилцуулж болох уу?

-Бололгүй яахав. Тархи судлалын ном уншаад тоо дүрсний аргаар санамсаргүй гэмээр тоолох аргын учрыг олж байсан ч дараа нь эргээд харахад энэ тоолох аргадаа бүх зүйлийг багтаасан байгаагаа мэдээд их гайхсан.

Эхлээд 108-ийн тоогоо 21-ээр 5 хэсэгт хуваана. 21 бол монголчуудын билэгшээдэг тоонуудын нэг юм. Бид зөвхөн 21 хүртэл мартахгүй тоолоод үүнийг 5 удаа давтан хийнэ гэсэн үг юм.

1-р тойрог 21

2-р тойрог 42

3-р тойрог 63

4-р тойрог 84

5-р тойрог 105, 106, 107, 108

21-ээр 5 тойрог хийхээд 105 болох бөгөөд сүүлийн 3 тоог тоолохдоо 106, 107, 108 гэж тоолоод дуусгана. Үүндээ мөн харгалзах дүрс юм уу хүнийг оноон өгч болно. Жишээ нь миний хувьд 106 нь их монгол йогийн холбоо, 107 нь их монгол йогийн холбооны эрхэм гишүүд, 108 нь мөргөл өөрөө орох юм.

Харин 21-ийн тоогоо 4 хэсэгт хуваана. Тэгэхээр бид 4 зүйл л санана гэсэн үг. Ингээд 108 бус 4 зүйл санахад энэ гайхамшигт тооны утгыг алдуулахгүй 108 удаа сунаж мөргөх болно. Энэ 4 зүйл нь 12 жил, хүний биед байрлах энергийн үндсэн цэг буюу хүрд, аав ээж, 21 дарь эх юм. Энэ 4 зүйлийг та өөрийнхөө баяжуулан сонгож болно. 

4 зүйлд:

12 жил

энергийн үндсэн 7 хүрд (эсвэл гараг байж болно)

Аав ижий

21 дарь эх орно. Бид тоогоо тоолохдоо тоонд харгалзах дүрсээ санах болохоос тоогоо тоолохгүй юм.

12 жил болон хүрдийг дарааллаар нь тогтоочихсон байхад дэс дарааллаа алдан мартагдах нь бараг үгүй. 12 жилээ тоолохдоо жилүүдээ шууд хэлээд явах бөгөөд өмнө нь тоо дугаар хэлэх шаардлагагүй. Мөргөлөө хийхдээ хүрднүүдийн нэршлийг санах шаардлагагүй бөгөөд харин хүрд байрлах биеийн хэсгүүдэд анхаарлаа хандуулна. Хаана анхаарал байна тэнд энерги очиж үйлчилдэг. Тийм учир бие дэх хүрд байрлах хэсгүүд анхаарлаа хандуулснаар хүрднүүдийн үйл ажиллагаа идэвхжиж биеийн тэр хэсгийн эд эрхтний үйл ажиллагаа сайжирна гэж үздэг. 12 жил хүрд хоёр нийлээд 19 болох бөгөөд 20 дахь тоон дээр аав ижийгээ, 21 дэх тоон дээр бид 21 дарь эх гээд яриад дадсан учир 21 гэсэн тоог дарь эх гэж орлуулж болно.

108 -5

1 – 21

2 – 21

3 – 21

4 – 21

5 -21, 106, 107, 108

21 – 4 зүйл

4 зүйл нь:

12 жил

Хүрд

аав ижий

21 дарь эх

-Йогийн нарны мөргөл болон 108 мөргөл хоёрын ялгаа нь юу вэ?

-Йогийн нарны мөргөлөөр биеийн баруун зүүн хэсгийг тэнцвэржүүлдэг бол 108 мөргөлөөр хүний өөрийн дотоод хүчийг нээж өгдөг. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай дасгал хөдөлгөөн юм.

-Та 108 мөргөлийн ном гаргасан, Энэ номныхоо тухай мөн хаана борлуулагдаж байгаа тухай хэлж өгөөч

-Манай 108 мөргөлийн цахим сургалтын бүлгэм байдаг юм. Тэр сургалтын группээрээ мөргөл зааж эхлэх үед хүмүүсээс асуулт их ирдэг байлаа. Асуулт бүрийг бичиж аваад хариулсаар байгаад дахиж шинэ асуулт ирэхгүй болох үед номоо хэвлүүлэх санаа төрсөн. Номоо бичих явцдаа номын агуулга болон номонд орж байгаа мэдлэгүүдийн дагуу 108 мөргөлийн цахим бүлгэмийн хүмүүстэйгээ хамтдаа хийж, туршиж, үнэн зөвийг нь баталсаар ирсэн. 108 мөргөлтөй холбоотой тэгш хэм – 108 мөргөл хэмээх ном хэвлэгдээд маш богино хугацаанд борлуулагдаж дууссан бөгөөд дахин хэвлэх талаар одоогоор яригдаагүй байна. Ном худалдаанд дууссан байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

шинэ мэдээ

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

трэнд