М.Ариунсанаа: Нэг ч гэсэн амьтан аз жаргалтай байгаасай гэж хүсдэг

0
909

“Сайн санаа амьтдад” ТББ-ын тэргүүн М.Ариунсанаатай ярилцлаа.

Залуу насныхаа эд хав, эрүүл мэнд, өөрт байгаа бүхнээ амьтдын төлөө зориулж яваа Ариунсанаа 30 настай. Амьтанд хайртай залуус нэгдэн “золбин” гэх тодотголтой зовж шаналсан амьтдыг аварч хамгаалах зорилгоор “Сайн санаа амьтдад” ТББ-аа 2017 онд байгуулсан бөгөөд өдгөө дөрвөн гишүүнтэй. Улмаар UB SHELTER амьтан асрах төвийг Монголд анх удаа үүсгэн байгуулж, амьтдыг авран хамгаалах үйлсээ эхлүүлээд байгаа билээ. Ариунсанаа нэг нөхрийн хамтаар амьтдыг асран халамжлах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

ХҮНИЙ ЭХ, ЭЦЭГ ЯМАР БАЙНА ТҮҮНТЭЙ Л АДИЛ

Арван жилийн сурагч байх үеэсээ нохой тэжээж эхэлсэн. Багаасаа л “золбин” гэх тодотголтой амьтдыг гэртээ авч ирээд тэжээчихдэг байсан. Өөрийн хүүхэд, найз, гэр бүлийн гишүүн шигээ хандаж хаа ч явсан өөрөөсөө салгахгүй, хэсэгхэн зуур холдоход яаж байгаа бол гэж санаа зовдог. Хүний эх, эцэг ямар байдаг түүнтэй л адил.

Одоогоор энд 69 нохой, 7 муур байна. Өвдөж, зовсон амьтад манай төвд олон бий. Ихэнх нь хүмүүсийн хариуцлагагүй үйлдийн золиос болсон, төөрүүлсэн, өвдөхөөр нь гаргаж хаясан, машин зам дээр дайруулсан байдалтай олдсон гэх мэт янз бүрийн тохиолдоор хүнд нөхцөл байдалд орсон амьтад. Цөөн тооных нь эзэнтэй. Эзэд нь гадаадад байдаг юм. Зарим нь үүлдрийнх, ихэнх нь эрлийз. Тэд чин сэтгэлээ хайрлах халуун дулаан гэр бүлээ хүлээж буй.

Ариунсанаа амьтдаа Спа, ПиПи, Итгэл, Ээж, Мантуу, Зоонтог, Пунпас гэх мэтээр нэрлэнэ. Зулзагатайгаа олдож, бусдыг гөлгийг ч хөхүүлж байсан учраас Ээж гэж нэрлэсэн хэмээн ярьлаа. Мөн амьдралын төлөөх тэмцлийг бэлгэдэж нэгэн нохойг Итгэл хэмээн нэрлэжээ. Итгэл гурван сартайдаа машинд дайруулсны улмаас хүнд байдалтай олджээ. Хойд хоёр хөл нь мэдээгүй болсон түүнийг эмч дахин алхаж чадахгүй гэсэн ч түүнийг Ариунсанаа өөр дээрээ авч, тэжээхээр шийдсэн юм билээ. Итгэл одоо гурван настай.

АМЬТАД МААНЬ ӨВДӨХГҮЙ Л БАЙВАЛ БОЛОО ДОО…

Аюулт өвчний нэг төрөл болох парвовирус буюу гударгатай олдож байсан нэлээд хэдэн нохой бий. Тэд одоо эдгэрээд өсөн торниж байна. Машинд дайруулсны улмаас хүнд бэртэл авсан, өрөөсөн нүд нь харах боломжгүй амьтад ч байна. Амьтад маань өвчлөх л үнэхээр хэцүү. Үхэж, үрэгдэх бол бүр тэвчишгүй зүйл. Амьтдаа бүгдийг нь бүрэн вакцинжуулж хараахан чадаагүй. Зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай тохиолдолд мал эмнэлэгт ханддаг. Заримдаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, гэрээр эмчилдэг.

САРДАА ДӨРВӨН САЯ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРДАГ

Саяхан тооцоолж үзсэн. Сард ойролцоогоор дөрвөн сая орчим төгрөгийг эдгээр амьтдын халамжинд зарцуулагдаж байна. Том нохой ихтэй учраас өдөрт 200 литр хоол чанадаг. Мөн зориулалтын бэлэн хоолноос 40 орчим килограммыг өдөрт өгдөг. Өмнөх жилүүдэд бид хөдөлмөрлөж олсон цалин, орлогоороо болгоод л байдаг байсан. Заримдаа өөрсдөө ч хоолтой, хоолгүй хононо. Одоо олон хүмүүс тусалж байгаа учраас ихээхэн дэмтэй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хүмүүс тодорхой хэмжээнд холбогдож, өөрт хэрэгцээгүй болсон эд зүйлсээ хандивладаг, сайн дурын ажил хийдэг болсон. Нас насны хүмүүс нь ихээхэн дэмжиж байна. Одоогоор хүссэн, санасандаа хүрч чадаагүй байгаа ч амьтад маань хоолоор тасраагүй.

Зарим тачирхан үстэй жижиг амьтдаа орон сууцных шиг галлаж байгаад л дотор өвөлжүүлнэ. Ингэхдээ галаа тааруулахгүй бол хэт халааж бас болохгүй. Хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд оройдоо нохойнуудаа дотор оруулж, өглөө нь гаргадаг. Одоогоор байгаа нөхцөл байдал, бололцоо, бүх зүйлдээ тааруулаад “амьтад маань эрүүл л байгаасай” гэж залбиран амьдарч байна даа.

ОЛНЫ ДУНД АМЬТАНД ЭЛЭГГҮЙ НЬ Ч БАЙНА

Олон амьтдыг хараад яагаад ч стресстэхгүй. Харин ч эднийгээ аз жаргалтай байлгах гэж мөрөөдөөд явж байгаа хүн. Ямар нэгэн үйлдэл хийж байгааг нь хараад жижиг зүйлээс ч аз жаргал мэдэрдэг. Ганц нэг нохойгоо уяж байгаа. Цаашид уямааргүй байна. Өөрийн гэсэн газаргүй, бусдын эрхшээлд байгаадаа харин стресстэх үе бий. Олон дунд амьтанд элэгтэй нь тэр бүр ховор. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүнийхээр хязгаарлагддаг учраас ойр орчныхоо хүмүүсийг бодохгүй бол бас болохгүй шүү дээ.

АМЬТАН ҮРЧИЛЖ АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА ӨНДӨР

Нохой, муурыг үрчилж авахын тулд эхлээд UB shelter- Mongolia фейсбүүк хуудсанд байршуулсан мэдээлэлтэй танилцсаны дараа үрчилж авах хүсэлтээ илгээнэ.

Тавигдах шаардлага өндөр учраас цааргалах хүмүүс бий. Гэр оронд нь очиж орчин нөхцөлтэй нь танилцдаг. Ингээд тухайн өрхийн санхүүгийн чадамж, чин сэтгэл, гэр бүлийн аль нэг гишүүн зөрчилдөөнтэй эсэхийг шалгаж байж үрчлүүлдэг. Зүгээр нэг амьтанд хайртай гэсэнд нь үрчлүүлдэггүй гэдгийг онцолж хэлмээр байна. Үрчлүүлсний дараа амьтдыг алдсан, эндсэн тохиолдлууд гарсан тул ийнхүү өндөр шалгуур тавьж байгаа. Хүмүүс “авъя гэж байгаа дээр нь өгчихөөч” гэдэг л дээ. Гэхдээ би үрчилж авсан амьтнаа 10, 20 жилийн тэрхэн нэг хугацаанд чин сэтгэлээсээ хайрлах, хамгийн гол нь хариуцлагатай хүнд л өгөхийг хүсдэг. Амьтдын харц нь хүртэл ямар нэгэн зүйл хэлж байдаг. Энэ бүгдийг нь ойлгож чадах, маш өндөр хариуцлагатай байх нь чухал.

Амьтдаа үрчлүүлсний дараа эзэдтэй нь байнга холбоотой байдаг. Амьтдынхаа аз жаргалтай байгаа зургийг хараад маш их урам авдаг. Зарим нь диваажинд байна уу гэлтэй л амьдарч байгаа тохиолдлууд бий шүү.

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ АЙЛД ҮРЧЛҮҮЛЭХГҮЙ

Бага насны хүүхэдтэй айлд төдийлөн үрчлүүлэхгүй байхаар шийдсэн. Учир мэдэхгүй балчир хүүхдийн болгоомжгүй үйлдлээс болж амьтнаа алдсан, эндсэн тохиолдол гарч байсан. Хүүхэд амьтдыг өхөөрдөж, хайрладаг хэдий ч тэдний өмнө бүрэн дүүрэн хариуцлага хүлээж чадахгүй. Энэ тохиолдолд өвдсөн амьтныг өндийлгөөд өдий зэрэгт хүрсэн байхад яах гэж өгөв дөө гэх харамсал төрдөг. Тиймээс 15-аас дээш насны хүүхэдтэй айлд үрчлүүлэхээр шийдсэн.

ОДООГООР НЭМЖ АМЬТАН ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ

Хүмүүс гудамжинд орхигдсон, аврал эрсэн амьтдыг авчирч өгөхөөр их хандаж байна.  Өмнө нь амьтдын төлөө гэсэн сэтгэлээр манайд хандсан хүмүүсээс хүлээн авдаг байсан ч одоогоор нэмж амьтан хүлээн авах боломжгүй нөхцөлд байгаа. Хэдэн жилийн хугацаанд 10-аад удаа нүүдэл суудал хийлээ. Нэг газарт нэг сар орчим ч байж үзсэн. Хот дотор, хотын захад ч байж үзлээ.

Саяхан муурны талаарх худал мэдээлэл цацагдаж, нийгэмд нэлээд сенсац дэгдээснийг та бүхэн санаж байгаа байх. Хэлмэгдсэн ганц муурны ард хичнээн олон амьтад зовж, зүдэрснийг илчлэх зураг ар араасаа хөвөрсөн. Энэ үйлдэл мэдээж амьтдын төлөө байдаг бүхнээ зориулж байгаа Ариунсанаагийн сэтгэлийг эмзэглүүлэхгүй өнгөрч чадаагүй.

ХУВИА Л ХИЧЭЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Муур их цэвэрч, бие даасан, эрх танхи, тайван дөлгөөн амьтан. Нохойг бодвол арай бага арчилгаа шаарддаг. Саяхан мууртай холбоотой гарсан сөрөг асуудалд нэлээд их шаналсан. Шаналахгүй байхын ч аргагүй. Хөөрхий үрээ алдсан эцэг, эх хичнээн шаналж байгаа нь ойлгомжтой. Харин гүтгэгдсэн ганц муурны цаана гэм зэмгүй өчнөөн амьтад зовсон, шаналсан. Сошиалаар явсан өчнөөн сөрөг мэдээллийг хараад эд, эс үхэж байгаа юм чинь. Хаанаас нь ямар ухаан гарахаар ийм хөөрхөн амьтанд тэгж ханддаг байна. Надад юу ч төсөөлөгдөхгүй байна.

Амьтдыг заавал хайрлах, энхрийлэх албагүй. Зүгээр л тэдэнд гэм хийлгүйгээр эх дэлхийдээ адил тэгш оршин тогтнох хэрэгтэй. Харгис муу үйлдлээ л тэвччихвэл болоо доо. Түүнээс биш заавал айхтар сүрхий хайрлах, энхрийлэх албагүй гэдгийг дахин дахин онцолмоор байна.  Хувиа хичээхгүй л байх хэрэгтэй.

ЦӨӨХӨН Ч ГЭСЭН АМЬТАД АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

Илүү олон амьтдад тусалж, авран хамгаалж чадахаар том асрамжийн газрыг байгуулахаар зоьж байна. Өөрсдийн гэсэн хэдэн га газартай, тэндээ зөвхөн муур, нохой гэлтгүй хүнд байдалд орсон өөр олон төрлийн амьтдыг авч ирэн хамгаалахыг хүсдэг. Миний хүсэл бол цөөхөн ч гэсэн амьтан аз жаргалтай байгаасай.

Ярилцсанд баярлалаа.