No menu items!
HomeХэн юу хэлэвХэн юу хэлэв: УИХ-ын гишүүдэд олгох 4 тэрбумын эргэн тойронд

Хэн юу хэлэв: УИХ-ын гишүүдэд олгох 4 тэрбумын эргэн тойронд

-

Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Сангийн яам УИХ-ын гишүүдээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг авсан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл бид “Хэн, юу, хэлэв” булангаараа энэ асуудлын талаар талууд ямар байр суурьтай байгааг нэгтгэн хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд найман тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын гишүүнээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг авсан тухайд өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд байр сууриа илэрхийлсэн. Нийтдээ 170 гаруй хэрэгцээ шаардлагагүй обьектыг царцаагаад 570 тэрбумыг гаргах боломжтой байна. Тиймээс Засгийн газар арга хэмжээ авах ёстой гэж хэлсэн.

УИХ-ын гишүүдэд 8 тэрбумын төсөв өртөгтэй, 4 тэрбумыг ирэх жил санхүүжүүлэх эрх өгсөн. Миний сонгогдсон Ховд аймагт хүмүүс амьдардаг. Нийгмийн асуудлыг төрөөс шийдэхгүй бол болохгүй. Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр 570 тэрбумыг хэмнэх боломжтой гэж хэлсний дараа миний хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь хассан. Гурван тэрбумын хөрөнгө оруулалт шаардагдах багшийн хөгжлийн ордныг үлдээсэн байна лээ. Бусдыг нь бүгдийг нь хассан” гэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: УИХ-ын гишүүн бүрт 4 тэрбум төгрөг өгнө гэж яригдаад байгаа, энэ үнэн бол хасах хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар /2021.10.21/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, хариулт авсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр төрийн сангийн мөнгөний үлдэгдэл 1.4 их наяд төгрөг байна гэж байна. 5.8 их наяд байх ёстой. 4.4 их наяд төгрөг нь хаачсан бэ. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа маш их мөнгөний будилаан хийсэн хүн. Хэрэв энэ үнэн бол ирээдүйн өв сангийн мөнгийг идчихсэн гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүн бүрт 4 тэрбум төгрөг өгнө гэж яригдаад байгаа. Энэ үнэн бол хасах хэрэгтэй. Хүмүүсийн амьдрал ядуу, зүдүү байхад бид 4 тэрбум төгрөгөөр яах юм бэ. Төрийн байгууллагад 200 мянга орчим хүн, төрийн өмчит компаниудад 87 мянган хүн байна. Данхайсан төрийг багасгах зүйл төсөвт байгаа юу” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан: Тийм зүйл огтоос байхгүй

Харин энэ асуудалд Сангийн сайд Б.Жавхлан “Бид төрийн сан гэдэг нэгдсэн дансны тогтолцоонд ороод удаж байна. Ирээдүйн өв санг өнгөрсөн жилээс төрийн сангийн эх үүсвэр талд ашигладаг зохицуулалттай болсон. Өчигдрийн байдлаар 5.2 их наяд байна. Үүнд ирээдүйн өв сан 1.6 их наяд байна. Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1.8 их наяд байна. УИХ-ын гишүүдэд олгох 4 тэрбум төгрөг гэж байхгүй. Тийм зүйл огтоос байхгүй” гэсэн тайлбар өгсөн байдаг.

Харин УИХ-ын гишүүдэд олгох 4 тэрбумын тухайд эдийн засагчид өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.

Ж.Дэлгэрсайхан: Төсөвт өмнөх жилүүдээс улбаалсан сул талууд байна

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайханы “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс онцлон хүргэж байна. Тэрбээр ирэх оны төсвийн талаарх байр сууриа хуваалцжээ.

Ж.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөвт соёлын салбар болоод дэд бүтэц, бүтээн байгуулалттай холбоотой төсөв нэлээд тусгасан байна. Цар тахлын үед энэ хуваарилалт хэр оновчтой вэ” гэсэн асуултад “Төсвийн хөрөнгө оруулалтын ерөнхий бодлого чиглэлд бүтэц харьцангуй сайжирсан гэдгийг дурдах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтуудыг олон хөрөнгө оруулалтуудаас эрэмбэлсэн байна. Дэд бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалт руу бид 1.7 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр болж, зам тээвэр, эрчим хүчний чиглэлийн яамдуудын төсвийг олон дахин нэмэгдүүлсэн зэрэг эерэг зүйлс бий. Соёлын сайдын хүрээнд, ЗГХЭГ-ын хүрээнд, спортын орднууд, соёлын төвүүд барихтай холбоотой асуудлууд байсаар байна. Ялангуяа тэр нь тарамдсан сум, аймаг орон нутгийг хамарсан байдалтай байна. Эдгээр асуудлуудыг арилгах ёстой.

Энэ олон жил хуримтлагдсан төсвийн бүтцийг нарийвчлан харвал 2010 оноос хойш хуримтлагдсан төсвүүдийг энэ жил нэлээд шахсан. Түүнтэй холбоотойгоор төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой нийт дүн ч өссөн байна. Хөрөнгө оруулалтын бүтэц сайжирсан, дэд бүтцийн чиглэлд хөрөнгө ихээхэн оруулсан зэрэг давуу тал байна. Хөдөө орон нутаг, нийслэл Улаанбаатар хотыг тэнцвэржүүлэх, хотын төвлөрлийг бууруулах чиглэлийн хөрөнгө оруулалтын бодлого баримталсан зэрэг эерэг талууд байхаас гадна өмнөх жилүүдээс улбаалсан сул талууд ч байна. Энэ сул талууд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой.

Тухайлбал, гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөгийн багцыг санал болгоно гэдэг бол улс төрийн нөхцөл байдлыг намжаах гэсэн оролдлого. Түүний дагуу гишүүн бүр өөрсдийнхөө тойрог руу чиглэсэн хөрөнгө оруулалт хийхийг оролддог. Сонгуулийн тогтолцоотой холбоотой гажуудлаас болоод Монгол Улсын төсвийн хөрөнгийн үр ашигтай байдалд сөргөөр нөлөөлөх хөрөнгө оруулалт төсөвт байсаар байна. Үүнийг цаашид зайлшгүй анхаарах ёстой.

/“Өдрийн сонин” 2021.10.20/

Б.Отгонтөгс: УИХ-ын гишүүд энэ мөнгөнөөсөө татгалзвал төсвийн алдагдлыг 15.2 хувиар бууруулах боломжтой

МУИС-ийн багш,  профессор Б.Отгонтөгс “itoim.mn” сайтад УИХ-ын нэг гишүүнээс дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтын санал авсан тухай болон төсвийн зарим хуваарилалтын талаар ярилцлага өгчээ.

Б.Отгонтөгс: Төсвийн алдагдлыг бага хувиар ч болтугай бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Бууруулах ганц арга бол хэмнэлт. Ялангуяа УИХ-ын гишүүдийн тойрогт өгч буй 4 тэрбум төгрөгийг болиулах л хэрэгтэй. Өмнө нь нэг гишүүнд жилд 250 сая гээд, дөрвөн жилд нэг тэрбум төгрөг хуваарилдаг байсан. Парламентын гишүүдийн дийлэнх нь орон нутгаас сонгогддог учраас энэ мөнгө Улаанбаатар хотод амьдрах хийгээд, батлуулах хуулиа тойрогтоо танилцуулах, хийж буй ажлаа сурталчлах, орон нутгийнхаа ЖДҮ-д бага ч болтугай хөрөнгө оруулах зэрэгт хэрэглэгддэг байсан. Үүнийг буруутгахгүй. Гэхдээ ирэх жил энэ зардал дээр нь нэмээд 4 тэрбум төгрөг өгнө гэдэг бол байж боломгүй зүйл.

Нэг гишүүнд дөрвөн тэрбум гэхээр нийт 304 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгө бол төсвийн алдагдлын 15.2 хувьтай тэнцэнэ. УИХ-ын гишүүд энэ мөнгөнөөсөө татгалзвал төсвийн алдагдлыг 15.2 хувиар бууруулах боломжтой гэсэн үг. “Ковид 19” гээд бүсээ чангалж байгаа энэ үед УИХ-ын гишүүдэд ийм их мөнгө өгөхөө болих хэрэгтэй.

Нөгөө талаар Засгийн газар УИХ-ын гишүүдээ авлигадаж байна. Энэ бол яалт ч үгүй улс төрийн зорилготой. МАН-ыг аль болох засгийн эрхэнд удаан байлгах тактик. УИХ-ын гишүүд энэ мөнгөнөөсөө татгалзаж чадахгүй. “УИХ-ын А.Бат би /Нэр өөрчлөв/ тойрогтоо энэ сургууль, цэцэрлэг, замыг санаачлан бариулсан учраас дахин сонгогдмоор байна” гээд л ирэх сонгуулиар PR-аа хийнэ шүү дээ.

Ирэх онуудад гадаад өр эдийн засагт маш их дарамт болно. Тойрог бүрд 4 тэрбум төгрөг хуваарилж байхаар мэргэжлийн эдийн засагчдын комисс байгуулж, гадаад өрийг багасгах, дефолтоос хамгаалах ажил хиймээр байна.

/itoim.mn 2021.10.15/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд