No menu items!
HomeОнцлохМ.Амаржаргал: Толгойн өвдөлтөөс хамгийн элбэг нь чангарлын өвдөлт байна

М.Амаржаргал: Толгойн өвдөлтөөс хамгийн элбэг нь чангарлын өвдөлт байна

-

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буланд маань “Санус” мэдрэл, дотрын эмнэлгийн эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор М.Амаржаргал оролцлоо. Тэрээр салбартаа 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн билээ. Түүний өгсөн зөвлөгөө, мэдээллийг хүлээн авна уу.

-Сүүлийн үед мэдрэлийн гаралтай ямар төрлийн эмгэг зонхилон тохиолдож байна вэ, Тухайлбал, Танай эмнэлгээр үйлчлүүлэгсдийн дийлэнх нь ямар зовуурь, шалтгааны улмаас хандаж байна.

– Амбулаторийн үзлэгээр зохилон тохиолдож байгаа мэдрэлийн эмгэг нь толгойн өвдөлт.  Хүн амын гуравны нэг нь амьдралынхаа туршид нэг удаа толгойн өвдөлт мэдэрсэн байдаг гэсэн тооцоо байдаг.

Толгойн өвдөлт нь ямар нэгэн өвчин үү, эсвэл түр зуурын өвдөлт үү гэсэн хүмүүс ихээр ханддаг. Толгойн өвчнийг оношлох, эмчлэх нарийн аргуудтай.

Хоёрдугаарт, сэтгэл түгших эмгэг түгээмэл тохиолдож байна. Сэтгэл түгших, сэтгэл гутрах нь хараахан эмгэг байдалд шилжээгүй ч амьдралын хэв маягаас шалтгаалан тогтвортой, удаан хугацаанд үргэлжилснээр толгойн өвдөлт, нойргүйдэл, ходоод гэдэсний замын хямралын шалтгаан болж, өргөн хүрээнд тэлсэн. Ялангуяа ковид-19 халдварын үед сэтгэл түгших эмгэг нэн ихэссэн. Нийт үзлэгийн хувьд авч үзвэл 30-40 хувь өссөн байна.

Гуравдугаарт, хүүхэд, өсвөр насныхны хувьд авч үзвэл дэлгэцийн хамаарал, хөдөлгөөний дутагдалтай хамааралтай тик буюу хэт хөдөлгөөнт хам шинжүүд ихэссэн. Үүнд цар тахлын улмаас үүссэн хэв маяг нөлөөлчихлөө. Идэвхтэй амьдралын хэв маяг алдагдсан нь харагдаж байна.

Хүүхэд нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, маш их хөдөлгөөнтэй болсоныг эцэг, эхчүүд өөрөөр ойлгодог. Тухайлбал, миний хүүхэд сэргэлэн цовоо байна гэж ойлгоод яваад байтал хүүхдэд нойргүйдэх, аливаа зүйлийг цээжлэх чадвар буурах зэрэг шинжүүд илэрсэн байдаг.

Бага насны хүүхдүүдийн хувьд хүчилтөрөгчийн дутагдлаас үүссэн эмгэгүүд зонхилон тохиолдож байна. Мэдрэлийн эмгэг нь нас насны онцлогтой. Хөдөлмөрийн насны хүмүүс өөрсдийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандаж байгаа шүү дээ. Ингэж үзвэл цаана нь орхигдож буй бүлэг бий. Цар тахал гараагүй байхад хүмүүс гэр бүл, эрүүл мэнддээ илүү их мөнгө, цаг хугацаа зарцуулах боломжтой байсан. Гэтэл халдвар дэгдсэнээс хойш архаг хууч өвчтэй, аутизмтай зэрэг хүмүүс орхигдчихоод байна.

-Толгойн өвдөлт зонхилж байна гэлээ. Үүний гол шалтгаан нь юу юм бол?  

-Европын болон Уламжлалт анагаах ухааны үүднээс толгойн өвдөлтийг үндсэн гурван хэлбэр болгон хувааж үздэг. Эдгээр гурван хэлбэрээс хамгийн элбэг тохиолдож байгаа нь чангаралын өвдөлт. Энэ нь стресс болон сэтгэл түгшилтийг зохицуулж чадахгүйгээс болж хуйхны булчин чангарсны улмаас үүсдэг толойн өвдөлт юм. Бүтэн жилийн амбулаторийн үзлэгт дүн шинжилгээ хийхэд толгойн өвдөлтийн 80 хувьд уг хэлбэр илэрч байна.

Хүмүүс судас дагаж, мэдрэл дагаж өвдөж байна даа гэж ярьдаг. Гэтэл яг үнэндээ судас өвдөж байгааг хүн мэдрэх боломжгүй юм. Судас өөрөө мэдрэхүйгүй. Энэ хэлбэрийн толгойн өвдөлт нь удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, комьпютер удаан ширтэх, ямар нэгэн зүйлд түгших, гэртээ харьсан ч ажлын хэмнэлээсээ гарч чадалгүй байнга л нэг зүйлээ бодох, ажил амьдралын заагийг ялгаж салгахгүй байх зэргээс үүсдэг. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр, амьдралын зохистой харилцаа алдагдсанаас үүсч байна гэсэн үг.

Толгойн өвдөлтийн хоёр дахь хэлбэр нь мигрень буюу толгой таллаж өвдөх. Энэ нь ядрах, унд цай нь холдох үед үүсэхээс гадна удамшлын шалтгаантай байдаг.

Гурав дахь хэлбэр нь эрэгтэйчүүдэд зонхилон тохиолддог кластер өвдөлт. Гэхдээ энэ нь ховор тохиолддог. Амбулаторийн үзлэгээр авч үзвэл нийт толгойн өвдөлтийн 10 хүрэхгүй хувьд нь илэрдэг.

Хүйтэн сэрүүний улиралд малгай өмсөхгүй явах нь буруу. Уламжлалт анагаах ухааны үүднээс толгойн өвдөлтийг хортой салхины нөлөөгөөр үүсэх эмгэг гэдэг. Толгойн ард байрлах цэгээр дамжин хүйтэн салхи нэвтэрч улмаар мэдрэлийн өвдөлтүүд үүсдэг гэж үздэг. Тиймээс улирал солигдох үед толгой, нүүрний өвдөлтүүд сэдэрдэг. Энэ үед улиралдаа зохицуулж хувцаслах нь чухал.

-Толгой таллаж өвддөг хүмүүст мэргэжлийн эмчийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

Толгой таллаж өвдөх буюу мигрентэй хүмүүс өөрсдийн өвчнөө юу сэдрээж байгааг мэддэг. Ажлын ачаалал, шоколад, архи зэрэг нь сэдрээх хүчин зүйлс болдог. Сэдрээж буй хүчин зүйлсээс ангид байвал зүгээр.

-Хүмүүс толгой өвдлөө гэхээр эм ууж, өвчнөө намдаагаад л яваад байдаг шүү дээ.

-Дур мэдэн эм уух тохиолдол маш элбэг. Толгойн өвдөлт намдаах цетрамон зэрэг эмийг хэт их хэрэглэх нь сарын тэмдэгийн мөчлөгийг алдагдуулдаг. Гурван сараас илүү хугацаагаар өвдсөн өвдөлтийг өвчин намдаах эм намдаахгүй. Стрессийн гаралтай болохоос үрэвслийн гаралтай биш. Тиймээс мэргэжлийн эмчид л хандах хэрэгтэй.  

-Танай эмнэлэг хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж, ямар ямар оношилгоо, эмчилгээ хийгдэж байна вэ?

– Манай эмнэлэг 2009 онд байгуулагдсан. Мэдрэлийн ерөнхий өвчнүүдийн зөвлөгөө, оношилгоо, хяналтын тусламж үзүүлдэг. Амбулаториудад байх ёстой мэдрэлийн оношилгоонуудыг хийж байна. Тухайлбал, тархины судасны допплер, захын мэдрэлийн бичлэг, тархины цахилгаан бичлэг зэргийг хийж байна. Тархины цахилгаан бичлэг нь нойрны болон сэргэг үеийн гэдгээрээ ялгаатай байдаг.

2012 оноос эпилепсийн тусламж үйлчилгээгээр мэргэшиж ажилласан. Мэдрэл судлал нь дотроо дөрвөн том бүлэг өвчлөлтэй. Үүн дотроос хамгийн архаг, үзэхэд төвөгтэй байдаг нь уналт таталт өвчин. Үүгээр мэргэшсэн бөгөөд 2016 оноос манай эмнэлэг дээр эпилепсийн эмнэлзүйтэй холбоотой мастер, докторын судалгаа хийгдэж судалгааны томоохон бааз болсон. Тэр хүрээнд Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байлаа.

-Унаж татах өвчин юунаас үүдэлтэй, аль хэр элбэг тохиолддог вэ?

 Уг өвчний 70 хувь нь удамшлын шалтгаантай бол үлдсэн хувь нь гэмтлийн шалтгаантай байдаг.

-Унаж татах өвчин гэдэг нь бид хэлж заншсан, тогтсон ойлголт. Аливаа зүйлийн нэр томьёо гэдэг бол тухайн ойлголтын 50 хувийг бүрдүүлдэг. Энэхүү нэршил нь орос хэлний орчуулгаар орж ирсэн социализмын үеийн ойлголт.

Яг жинхэнэ утга нь хөдлөл гэсэн утга бүхий грек үгнээс гаралтай. Тэгэхээр эпилепси нь гэнэт гарч ирээд арилдаг шинж тэмдэгийн бүрдэл юм. Тэдгээр шинж тэмдэгүүд нь хүнд харагдах, харагдахгүй гээд олон янз байна. Тухайлбал, таагүй бодол орж ирэх, өөр орчинд байгаа мэт мэдрэмж төрөх, нүдэнд хий зүйл харагдах, хий зүйл сонсогдох, байхгүй амт мэдрэгдэх, гар хөлийн тодорхой хэсэгт 1-20 секунд татвалзаад арилах гэх мэт. Энэ нь нэлээд хүндэрсэн тохиолдолд уналт таталтаар нүдэнд харагдаж эхэлдэг.

Тархины хэсэг нейрон нэг агшинд эмгэг импульс үүсгэж, үүний нийлбэрийн дүнд үүсдэг гэсэн үг. Уналт таталт нь хүн амын хэг хувьд тохиолддог эмгэг бөгөөд үүний 70 хувь нь 18 нас хүрээгүй үед шинж тэмдэгүүд нь илэрч гардаг. Тиймээс эрт оношлох боломжтой байдаг ч оношлогдохгүй яваад байгаа нь иргэд унаж, татаагүй л бол зүгээр гэж ойлгодог, хугацаа алддагаас улбаатай.

Нэг уналт өгсөн хүний дахих магадлал 50 хувь. Хоёрдахь удаагаа унавал дахих магадлал 75 хувь болж өснө.  Олон улсын удирдамжид хоёр удаа таталт өгөх юм бол үүнийг эпилепси гэж тооцно хэмээн заасан байдаг. Гэхдээ үүнд шинжилгээг хамааруулахгүй. Шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол бий. Тархины цахилгаан бичлэг нь цорын ганц баримжаа биш. Манай эмнэлгээр унаж, татдаггүй хэрнээ оношлогдоод гарах тохиолдол элбэг. Тухайлбал, нэгэн сурагч охин зүрх нь өвдөөд таван удаа зүрхний эхо хийлгэсэн ч онош нь тогтоогдохгүй яваад байсан байна. Тэгтэл энэ нь эпилепсийн зүрх дэлсэх хэлбэр байсан. Эпилепси нь дотроо маш олон хэлбэртэй.

-Хэрхэн эмчлэх вэ?

– Дэлхий нийтэд эпилепси эмчлэгддэггүй гэсэн ойлголт их байдаг. Молекул генетик, дүрс оношилгооны шинжлэх ухаан өдөр хөгжсөн Америк, Канад зэрэг орнуудад энэ өвчнийг бүрэн эмчлээд байхад ард иргэдийн хандалт бага хэвээрээ л байдаг. Тиймээс уг өвчин эрт оношлогддог, эмчлэгддэг гэдгийг ард иргэдэд таниулах нь чухал. Хонгконг улсад гар утасны аппликейшн хүртэл гаргасан байна.

Үүнийг эмийн болон мэс заслын аргаар эмчилнэ. Эмийн эмчилгээ нь 60 хувь, мэс заслын эмчилгээ нь 40 хувьтай гэж ойлгож болно. Эмийн эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ. Гэхдээ зөвхөн MRI шинжилгээгээр өөрчлөлт гарсан тохиолдолд л мэс заслын эмчилгээ хийдэг гэсэн ташаа ойлголт байсан. Тийм биш шүү. Эпилепситэй гурван хүн тутмын нэгд MRI шинжилгээгээр өөрчлөлт илрэхгүй. Шинжилгээгээр юм илрэхгүй болохоор зүгээр гэж бодоод яваад байдаг.

Хүүхэд, том хүний эпилепсийн эмчилгээний арга тактик өөр өөр. Хүүхэд таталт өгөхгүй байх тусам оюуны хөгжил, танин мэдэхүй сайн, амьдралын чанар хэвийн болно.

2013 онд намайг Хонгконгод явж байхад хөгжмийн эмчилгээг хийж эхэлсэн байсан. Хөгжмийн эмчилгээ одоо Америкт хүчээ авчихаад байна. Манай эмнэлэг өвчтөний ар гэрийхэнд хөгжмийн эмчилгээг зөвлөдгөөрөө давуу талтай.

– Сүүлийн үед хүмүүс, ялангуяа залуучууд мартаж санах нь ихэслээ гэх болжээ. Энэ ер нь юутай холбоотой юм бол. Энэ тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ?

– Миний докторын ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь ойн өөрчлөлт байсан. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа, мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүс мартаж санах нь ихэсч байна гэж ярьдаг. Та яг юуг мартдаг вэ гээд тулж харьцахаар тэдгээр хүмүүст, ялангуяа залуучуудад ойн өөрчлөлт байдаггүй. Мартамхай болж байгаа нь анхаарал төвлөрлийн өөрчлөлт. Өөрөөр хэлбэл тухайн хүн нэг цаг хугацаанд хэтэрхий их ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Тэр чинь стресс шүү дээ.

72 цагийн зарчим гэж байдаг шүү дээ. Нэг асуудлыг дараагийн долоо хоног руу хэзээ ч бүү авч ор, орхиж сур гэдэг.

Аливаа зүйлийг мартаж, санаад байна гэдгийг үндсэн шалтгаан нь мэдээллийг хүлээн авах, боловсруулах үйл ажиллагааны харилцаа алдадах юм. Тархи нэг цаг хүлээн авсан мэдээллээ гурван цаг боловсруулдаг. Өдөрт хүлээн авсан хэрэгтэй, хэрэггүй мэдээллүүд  унтаж байх хугацаанд боловсруулагддаг. Мэдээллийг хүлээн авах, боловсруулах нь 1:3 байсан бол энэ их мэдээллийн урсгал дунд харьцаа нь алдагсанаар нойргүйдэх, ой санамж муудах үүнээс улбаалаад шийдвэр гаргах чадвар, хөдөлмөрийн бүтээмж буурдаг. Тиймээс өөртөө хамааралгүй зүйл, мэдээ, мэдээлэлд их цаг хугацаа зарцуулахгүй байх, сайн унтаж амрах хэрэгтэй.

Дэлхий дээр ой тогтоолтыг сайжруулдаг ямар ч эм бэлдмэл байхгүй. Тийм супер бүтээгдэхүүн олоогүй. Харин хоёрхон л зүйлийг олсон. Тэдгээр нь олон хэлээр харилцах болон өдөрт хар шоколадны жижиг зүсмийг идэх.

-Мартамхай болох гэхээр л хүмүүсийн мэддэг нь Альцгеймер шүү дээ.

– Альцгеймер нь эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог. MRI шинжилгээгээр харахаар тархинд сувдан хэлхээ цацсан мэт амилойд уураг тарсан байдаг. Саяхныг хүртэл уг уургийн хэмжээ ихэссэнээр Альцгеймер үүсдэг гэж үздэг байсан бол одоо тэр уурагтай холбоогүй гэдэг судалгаанууд гарч байна. Тэрхүү уураг нь угаасаа эмэгтэй хүнд үүсдэг юм байна. Учир нь эмэгтэй хүн ганц тархи бус өндгөвчөөрөө давхар сэтгэдэг юм байна л даа. Нөхөн үржихүйн циклээс хамаарч тархи ажилладаг гэсэн үг. Өндгөвчнөөс хамааралтайгаар сэтгэн бодох үйл ажиллагаанд эмоци ордог байна. Тиймээс эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог байна.

– Тархины доргилттой удаан хугацаанд яваад байвал ямар сөрөг нөлөөтэй вэ, хэрхэн оношлох вэ? Хүүхэд унаад тархи нь доргичихлоо, нэг удаа хөдөлсөн бол байн байн дахидаг гэдэг.

-Тархины доргилт нь тархины гэмтлийн хамгийн хөнгөн хэлбэр. Бариа засал хийдэг сэргээн засах эмчилгээний эмч, сувилагчид хандсан бол эмчилгээгээ гүйцэт сайн хийлгэх хэрэгтэй. Эмчилгээг дутуу орхиж болохгүй.

Европ анагаах ухаанд аксоны тархмал гэмтэл гэж нэрлэгддэг тархи доргилт нь тархины эсийн дотор болон гадна байх шингэний харьцаа алдагддаг урхагтай өвчинд тооцогддог. Том хүний тархи доргисон үед эмчилгээ хийлгэсэн ч дор хаяж гурван сар уурлаж уцаархал, нойргүйдэх, хөлрөх зэрэг шинжүүд илэрсээр байдаг. Хүүхдэд ч мөн ялгаагүй. Тэгэхээр уламжлалт, бариа заслын эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд гүйцэт хийлгэхгүй л бол давтах магадлалтай.

Холбоо барих утас: 7000 3297

Эмнэлгийн хаяг: Багшийн дээд, UBH төвийн 3 давхарт 319 тоот.

FB хаяг: Санус дотор мэдрэлийн эмнэлэг

Ярилцсанд баярлалаа.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд