LOADING

Type to search

Э.Идэр: Дельта вирус хатгаа болтол хүндэрсэн ч түргэвчилсэн шинжилгээгээр “сөрөг” гарч байна

Share

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж буй. Мөн гэрээр эмчлүүлсэн иргэдийн биеийн байдал хүндэрч нас барах тохиолдлууд ч гараад байна. Тусгаарлах байрны ачаалал, эмчилгээний талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр “Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт /2021.10.14/ дараах тодруулга мэдээллийг өгчээ.

Тэрбээр, “Баянгол дүүргийн гурван газар ковидын үеийн тусламж үйлчилгээний байр ажиллаж байна. Үүнд Ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, МҮИС-ийн эмнэлэг гэсэн газруудад ажиллаж байна. Ахмадын эмнэлэг болон хүүхдийн эмнэлэгт коронавирусээр хөнгөн өвчилсөн хүн байхгүй. Ихэнх тохиолдолд хүндэвтэр болон хүнд хүмүүс эмчлүүлдэг.

Хэрэв халдвар авсан иргэний уушгинд нь өөрчлөлт ороод хүндэрч эхэлбэл үндсэн хоёр эмнэлэг рүү татдаг байсан. Гэтэл өнгөрөгч есдүгээр сараас өвчний дэгдэлт эрс нэмэгдэж, өвчлөл хүндэрч эхэлсэн. Тиймээс тусгаарлах байранд байгаа хүмүүст ч вирусний эсрэг цагийн тариа, вирус дарах хүчтэй эм, шаардлагатай эмчилгээнүүдийг хийж эхэлсэн.

Ковидоор өвчилсөн тохиолдолд сахартай болон ахмад настай хүмүүс хүндрэх, нас барах эрсдэлтэй. Тус өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн бараг 80 хувийг суурь өвчин, сахартай хүмүүс эзэлж байна.

Судалгаа хийж байгаа байгууллагуудаас Дельта вирусийн давалгаа яваад байна гэж мэдээлсэн. Гэхдээ ирж байгаа батлагдсан тохиолдлуудын ихэнх нь түргэвчилсэн тестээр шинжилгээ өгсөн байдаг. Энэ тохиолдолд тухайн хүнээс дахин PCR шинжилгээ аваад, энэ дельта байна гэж мутацийн өөрчлөлтийг гаргах боломжгүй. PCR шинжилгээ өгсөн тохиолдолд дельта хувилбарыг ялгах боломжтой болдог. Бас нэг ялгах зүйл нь Дельта вирусийн шинж тэмдэг илэрч, цээжний зураг аваад харахад хатгаа болчихсон хэдий ч шинжилгээний хариу “сөрөг” гарах тохиолдол маш их байгаа. Үүнээс үүдэн хүмүүс өвчнөө хүндрүүлж байна.

Ковидоор өвчилсөн хүмүүс эхлээд Өрхийн эмнэлэгтээ хандана. Үүний дараа өвчний нөхцөл байдлаас шалтгаалан сул ор гарсан эмнэлэгүүд рүү хуваарилдаг. Түүнээс биш дураараа, хүссэн эмнэлэгтээ очиж эмчлүүлэх боломжгүй юм” гэжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

error: Content is protected !!