LOADING

Type to search

Г.Ёндон: Төр шатахууны үнийн асуудалд оролцох нь буруу

Share

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсан билээ. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны нөөцийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Манай улсын шатахууны нөөц сэргэж эхэлж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас манай улсын нутаг дэвсгэрт 17 вагон буюу 1034 тонн бензин орж ирсэн. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэн яваа 12 вагон буюу 724 тонн шатахуун ирж байгаа. Өнөөдөр Хөх хотоос ачигдсан 50 вагон буюу 2500 тонн шатахуун Эрээн дээр ирсэн. Тиймээс нөөц өсөх нөхцөл бүрдсэн.

АПЕК-ийн орнуудын хуралдаан аравдугаар сарын 4-нд болсон. Сар бүр АПЕК-ийн орнуудад олборлолтын хэмжээ хэрхэн нэмэгдэхээс шатахууны үнэ шууд хамаарч байгаа. Нөгөө талаас дэлхийн томоохон орнууд эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болох гол хүчин зүйл бол шатахууны үнэ гэж үзэж байгаа. Энэ нөхцөл байдал нь манай улсад шатахууны үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдлыг бий болгоод байна. ААН-үүд, үнийн зөвлөлийн хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулна.

Шатахууны үнийн асуудалд төр оролцох ёсгүй. Өнгөрсөн хавар эдийн засаг 5.3 хувиар хасах болсон үед иргэдийн амьжиргаанд аль болох бага дарамт учруулах, бага зардал гаргах чиглэлээр АИ-92 бензиний үнэд Төр оролцож, импортлогч аж ахуй нэгжүүд маань зургадугаар сарыг хүртэл үнийг барьсан. Энэ хугацаанд импортлогчид 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн тооцоо бий. Ер нь Төр шатахууны үнийн асуудалд оролцох нь маш буруу. Үнэ чөлөөлөх асуудлыг шууд, огцом хийж болохгүй. Шатахууны үнэ зах зээлээс хамаарч өөрчлөгдөж байдаг, төрийн шийдвэрээс хамаарахгүйгээр явагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс цаашид аажим аажмаар үнэ чөлөөлөх алхамуудыг хийнэ. Үнийн асуудалд Төр оролцоод байвал импортлогч, ААН-үүдээ дэгээдэж унагана гэсэн үг. Шатахууны үнэ гадаад зах зээлийн үнээ дагаад өсөх нь ойлгомжтой.

error: Content is protected !!