LOADING

Type to search

76: УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

Share

76″ булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

1976 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрж, өссөн тэрбээр нийслэлийн 40-р сургуулийг төгссөн. Улмаар МУИС-ийн Хууль зүйн их сургуульд эрх зүйч мэргэжлийг эзэмшжээ. АНУ, БНСУ, Австрали, Турк зэрэг орнуудад эрх зүйн бодлогын чиглэлээр дагнасан судалгаа хийж, дунд болон богино хугацаанд суралцсан юм.

Түүний ажил хөдөлмөрийн гараа Хууль зүйн яамнаас эхлэлтэй. 1998-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэнээр ажиллаж байв. Үүнээс хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигтай тэмцэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг төрийн томоохон байгууллагуудад ажиллаж байжээ. 2015-16 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байв.

Харин түүний улс төрийн замнал 2008 ооос эхлэлтэй бөгөөд МАН-д элсэн 2010-2013 онд МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдон ажилласан юм. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 64,4 сая, гэр бүлийн орлого 36,8 сая гэж мэдүүлжээ. Ш.Раднаасэд гишүүн амины орон сууц, зуслангийн байр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжгүй бөгөөд 270 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууцтай.

81,7 сая төгрөгийн үнэтэй Toyota, Land Cruiser 200 маркын машин унадаг, 180 саяын газар эзэмшдэг аж. Дотоодын хадгаламжиндаа 174,8 сая төгрөгтэй тэрбээр Хан-Сутай ХХК-ы 33 хувь, Мон жаст ХХК-ы 30 хувийг эзэмшдэг. Хөрөнгө орлогын мэдүүлэгийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД-ээс харах боломжтой.  

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ, ХЭВЛЭЛД ГАРСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

“Нэг төгсөлтийн найзыгаа хэргээс мултлахын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаагүй”

2019 онд Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тойрсон асуудал нэлээд олны анхаарлыг татаж байв. Албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил, ардын хүүхдийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа арван жил гэсэн мэдээлэл ч гарч байлаа. Ш.Раднаасэд гишүүн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, цагаан захтнуудыг хэргээс мултрах боломж олгосон гэж хэсэгтээ буруутгагдсан.

Үүний хариуд тэрбээр “Хуучин хуулийн төсөлд гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолно. Яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж заасан. Санал гаргаж өөрчлөгдсөн байдал нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн байгаа.

1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад одоогийн бидний өөрчилснөөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан. Үүнийг 2008 онд өөрчилснөөс болоод 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн байдаг. Үүнээс үүдэн хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох, оргон зайлах, гадна дотно дотно байгууллагаас тайлбар ирээгүйгээс насаараа яллагдагчаар мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон.

Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарч, өөрчлөгдсөн зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухайн хүн насаараа гэмт хэрэгтэн мэт болох, гадагш дотогш явж чадахгүй байх зэрэг хүний эрхийн боломжууд нь хаагддаг. Хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлаж өгөхгүй бол мөрдөх байгууллагад очоод хөөн хэлэлцэх хугацаа зогсчихдог учраас хэрэг хаагдахгүй, тэндээ хүнийг тарчлаан байлгаад л байдаг гэсэн үг. Хөөн хэлэлцэх хугацаандаа тухайн хэргийг хурдан, богино хугацаанд илрүүлэх хэрэгтэй. Хүний эрхийн асуудал бий гэдэг үүднээс шүүхэд шилжсэнээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог заалт оруулсан.

Мэргэжлийн хяналттай холбоотой их зүйл явж байна. Тэр хүмүүсийн нэг нь надтай нэг төгсөлтийнх. Надтай хамт төгссөн 130 гаруй хүнийг хэрэг төвөгт холбогдохоор Раднаасэд ард нь байна гэдэг явдал бол байж боломгүй зүйл” хэмээх тайлбар хийж байв.

МИАТ-ын нислэгээр ирснээ булзайруулав

Эх орондоо ирэхээр БНСУ-ын онгоцны буудал дээр өлсгөлөн зарлан аргаа барж буй Монголчуудын хажуугаар төрийн түшээ эхнэрийн хамт дугаар дайран МИАТ-ийн онгоцоор ирсэн гэх мэдээлэл нэлээд олныг шуугуилсан. Харин үүний хариуд тэрбээр “Ташаа мэдээлэл. Би одоо чуулганы хуралдаандаа сууж байна.  Шинэ он гарахын өмнө Монголд ирсэн, яг хэдний өдөр ирснээ санахгүй байна” гэж тайлбар хийж байв. Гэвч удалгүй Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дээрх нислэгээр Монгол Улсын таван иргэн ирсэн болохыг хэлсэн. Тодотгоод хэлэхэд ар гэр нь эрүүл мэндийн маш хүнд байдалтай байгаа хүний сахиураар явсан хүмүүс гэсэн юм.

Архи авбал ус үнэгүй өгнө гэсэн кино зохиол шиг хуулийн төсөл байж болохгүй

Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр тэрбээр, “Засгийн газраас өргөн барьсан зарим нэг болохгүй хуулийн төслүүдийг буцааж байх хэрэгтэй. Орж ирсэн хууль болгоныг нь дэмжээд ажлын хэсэг байгуулаад л түүхий бүх зүйлийг нь засч янзлаад явдгаа болих хэрэгтэй. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл гэж хэцүү төсөл байна. Архи худалдаж авбал ус үнэгүй өгнө ч гэж байх шиг. Кино зохиол шиг юм биччихсэн ийм төслийг буцаах хэрэгтэй. Юу ч өргөн барьсан тосч аваад засаад нухаад байж болохгүй. Одоо нэгэнт хэлэлцэх эсэхийг нь дэмжчихсэн юм чинь яахав дээ. Цаашдаа ер нь анхаармаар байна” гэж ширүүхэн шүүмжлэв.

Хөрөнгө оруулалтыг нээж байна гээд гадныхныг дураар нь оруулж ирэх нөхцөл энэ цаг үед мөн үү, биш үү

Олныг шуугиулаад буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Хаяг андуурчихсан л заалт яваад байна. Орж ирж байгаа шинэ хөрөнгө оруулагчийг хамгаалахаас гадна дотоодын хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилтийн асуудлыг давхар ярих нь зүйтэй. Ер нь шууд хөрөнгө оруулалтын бүр хэлбэрийг манай улс дэмжих нь зүйтэй болов уу. Шууд хөрөнгө оруулалтаараа манай улс нэлээд доогуур байгаа. Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар ямар эрхзүйн зохицууулалт хийхийг иж бүрнээр нь шийдэх хэрэгтэй. Салбар дунд орхихоор аль яам хийх нь тодорхойгүй үлдэнэ гэж харж байна. 100 мянган ам.доллар, 50 мянган ам.долларын асуудал дээр нэлээд бодох ёстой байх. Хөрөнгө оруулалтыг нээж байна гээд гадныхныг дураар нь оруулж ирэх нөхцөл байдал энэ цаг үед мөн үү, биш үү” гэжээ.

error: Content is protected !!