LOADING

Type to search

“Монголд ирж суурин амьдраад, ажил бизнес хийгээд явахад яагаад болохгүй гэж”

Share

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Бид хөрөнгө оруулагчдыг татна гэж яриад байгаа. Гэтэл хөрөнгө оруулагчид маш олон сонголттой байгаа шүү дээ. Тиймээс бид улсынхаа өрсөлдөх чадварыг бодох хэрэгтэй л дээ. Зуухан мянган доллар оруулж чадахгүй байж, юун хөрөнгө оруулалт байдаг юм гэж ярьж болохгүй. Бид таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Жишээлбэл, АНУ-д компани байгуулъя гэхэд доод босго гэж байхгүй шүү дээ. Тиймээс бид үүнийг аль болох чөлөөтэй болгох нь чухал. Гишүүдийн эмзэглэж байгаа асуудал нь урт хугацааны виз, оршин суух асуудал байгаа юм. Тэр бол эмзэг асуудал л даа. Манайх чинь хоёр том гүрний дунд хавчуулагдсан улс учир болгоомжтой хандах нь маш зөв. Гэхдээ үүнийг хөрөнгө оруулалтын тухай хуулиас салгаж ярьсан нь дээр байх” гэв.

Мөн тэрээр энэ хуулийн “цоорхойгоор” гадны иргэд суурин амьдрах вий гэсэн болгоомжлол байна гэсэн сэтгүүлчийн асуултад “Гадаадын иргэн Монголд ирж суурин амьдраад, нийгмийн даатгал төлөөд амьдрахад яагаад болохгүй гэж. Гол нь хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх хэрэгтэй. Монгол Улсын хуулийг биелүүлэн амьдраад, ажил бизнес хийгээд ахуйгаа зохицуулаад явахад яагаад боломжгүй гэж.

Бид цагаачлалын асуудал ярихгүй байгаа шүү дээ. Хөрөнгө оруулагчдыг л татах тухай ярьж байгаа. Уул уурхай л хөрөнгө оруулалт татдаг. Гэтэл зарим салбар огт татаж чадахгүй байна. Энэ боломжийг бид нээж өгөх ёстой. Мэдээж манай улс гадаадын харьяатыг хариуцсан хуультай шүү дээ. Түүгээр гадаад иргэдийг ямар журмаар оршин суух уу гэдгийг баталчихсан байгаа” хэмээжээ.

Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин, Х.Булгантуяа нарын дөрвөн УИХ-ын гишүүн санаачлан өргөн барьсан“Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” дуулиан дэгдээгээд байгаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан олон нийтийн зүгээс гаргаж буй эсэргүүцлээс шалтгаалан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Х.Ганхуяг, П.Анужин нар мэдэгдэл хийгээд байгаа билээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Х.Ганхуяг нарын гишүүд өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэн. Баталчихсан юм шиг ойлгоод байна. Үгүй. 

Хууль өргөн барьсан гишүүдээс янз бүрийн мэдэгдэл хийгээд, нэрээ татсан байна лээ. Журмаараа, дэгээрээ өргөн барьсан гишүүдийн 50 хувь нэрээ татсан бол хууль татагддаг.Тиймээс энэ хууль бараг татагдах байх гэж бодож байна” хэмээн УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр хэлсэн байдаг.

error: Content is protected !!