LOADING

Type to search

Н.Учрал: Олон хэрэг хэрэгсэхгүй болж байгаа нь прокурор ажлаа муу хийсний илрэл

Share

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийвдэрлэсэн. Улмаар Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Би 2017 онд яг энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Тухайн үед Б.Энхбаяр гишүүн дэд сайд байсан бөгөөд мөн ажлын хэсэгт хамтарч ажиллаж байсан юм.

Нэлээд олон онол, практикийн үндэслэлүүд яриад шүүхээс буцааж байгаа нь бол хүний эрхийн асуудал, Прокурорын байгууллага хариуцлагагүй ажиллаж байна гээд 2017 оны хуульдаа Эрүүгийн хэргийг буцаахгүй байхаар зохицуулалтыг хийсэн. Гэхдээ дараа нь Үндсэн хуулийн цэц дээр асуудал үүсгээд явсан юм аа.

Түүнээс хойш шүүгч нарын зүгээс нотлох баримтаа бүрэн дүүрэн үнэлээгүй хэргүүдийг шууд шүүх рүү шилжүүлдэг, тэгээд шүүхэд дээр хайнаа хагалдаг, буцаах гэхээр болдоггүй гэдэг тайлбарыг хийж байсан. Шүүх хуралдааны явц чинь мэтгэлцэх зарчим байгаа шүү дээ. Мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шинэ нотлох баримтууд үүсдэг. Тэгээд буцаах гэхээр буцааж болохгүй, шууд шийдвэр гаргадаг ийм л байдал үүсчихлээ.

Бас нэг зүйлийг бид мартаж болохгүй. Прокурор заавал шүүх рүү шилжүүлэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож болно шүү дээ. Гэтэл хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад шүүх рүүгээ шилжүүлчихдэг, шүүхийг шийд гээд хаячихдаг. Тэгэхээр үүнийг харахгүйгээр зөвхөн нөгөө талынхаа эрх ашгийг яриад байж болохгүй.

Нотлох баримт нь хангалттай бүрдээгүй байж шүүх рүү явуулчихаар хүний эрхийн асуудал дахиад л яригдаж байгаа байхгүй юу. Хангалттай бүрдээгүй хэрэг дээр шүүхийн шийдвэр гарчихдаг. Тэгэхээр хүний эрхийг энэ талаас нь бас харахгүй бол зөвхөн нөгөө талаас нь яриад байж болмооргүй байгаа юм.

Давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс хэргийг буцаахгүй байх  зохицуулалтыг бол зөв гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс бол хэргийг буцаадаг байх ёстой. Тэгэхгүй бол прокурорын байгууллагын ажлыг сайжруулаад, нягт нямбай ажиллахыг шахаж байна гэдэг ийм үзэл баримтлал оруулчихаад, нөгөө прокурорууд сүүлдээ яах вэ гэхээр шүүх рүү бүгдийг нь шилжүүлнэ.

Тэгээд шүүх шийдвэр гаргах хэрэгтэй, буцааж болохгүй юм чинь аргагүйн эрхэнд алх цохиж байна. Хүний хувь заяаг ингээд л шийдчихэж  байгаа юм. Тэгэхээр анхан шатны шүүхээс бол буцаах ёстой.

Б.Энхбаяр гишүүн энэ асуудал дээр гуч хоногийн хугацаа тавиад зохицуулалт хийгдэж байгаа юм байна. Гэхдээ тэр гуч хоног гэдэг нь үр дүнд хүрэхгүй ээ.

Яагаад заавал прокурорууд анхан шатны шүүх рүү шилжүүлэх ёстой юм. Шаардлагагүй бол прокурорууд өөрсдөө хэргийг хэрэгсэхгүй болгоод явж болно шүү дээ.

Шүүхийн практикт анхан шатны шүүх хуралдаан дээр хэрэг хэрэгсэхгүй болж байгаа тохиолдол зөндөө байна шүү дээ. Энэ чинь прокурор ажлаа муу, дутуу хийсэнтэй холбоотой. Тэгээд шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болголоо гээд алхаа цохидог. Шүүх дээр ирээд л хэрэг хэрэгсэхгүй болж байгаа нь ямар ч шаардлагагүйгээр, олон сар, жилээр шүүхийн өмнө “уядаг” ажлын үргэлжлэл байхгүй юу.

Гэтэл яах гэж шүүх хэрэгсэхгүй болгож байхад прокурор түүнийг яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү буцааж явуулаад байгаа юм. Прокурор ажлаа сайн хийж, тэнд нь хэргийг нь хэрэгсэхгүй болгоод хаах ёстой шүү дээ. Гэтэл хэргээ боогоод явуулдаг, шүүхээр мэтгэлцээний явцдаа “өө, энэ бол гэм буруугүй” гээд шийдчихдэг.

Анхан шатны шүүхээс дахиад нотлох баримтыг цуглуул, мөрдөн байцаалтад буцаая гэдэг нь тухайн хүнд шүүхийн өмнө боломж олгож буй асуудал. Тэгэхгүйгээр шүүх алхаа цохичих юм бол тэр чинь хүний эрхэнд халдах асуудал гарна” гэлээ.

error: Content is protected !!