No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн С.Одонтуяа

76: УИХ-ын гишүүн С.Одонтуяа

-

76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Одонтуяаг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа 1964 онд Улаанбаатар хотноо айлын бага охин болон мэндэлжээ. Түүний аав Салдан 1958 онд Москвагийн эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн цагаасаа хойш Монгол улсын гадаадтай харилцах улсын хорооны дарга, сайд, Элчин сайд гээд улс орны эдийн засаг, орлого зарлагатай холбоотой ажлыг 20 жилийн турш хийсэн Гавьяат эдийн засагч билээ.

Салдан гуай тухайн үед эрхэлж байсан ажил үүргийнхээ хүрээнд 1960-1990 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар Монголд барьж байгуулагдсан Дархан, Эрдэнэт, Багануур, Чойбалсан, Багахангай зэрэг аж үйлдвэрийн хотуудыг үйлдвэр, үйлчилгээ, орон сууцны хорооллуудтай нь цогцоор нь шинээр бүтээн байгуулах, Улаанбаатарын ДЦС-3, ДЦС-4, Дархан, Чойбалсан хотуудын ДЦС, Эрдэнэт, Багануурын ДС, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, ноолуурын “Говь” комбинат зэрэг томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулахад оновчтой санал, бүтээлч санаачилга гарган ажиллаж Монгол улсынхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулсан юм.

Улсын тэргүүний 1-р сургуулийг 1982 онд төгссөн тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөхөөр шийдэж, ОХУ-ын Санкт-Петербургийн Их сургуульд суралцан олон улсын эдийн засагч мэргэжилтэй болжээ. Түүнчлэн АНУ, Итали, БНСУ, Сингапур, Тайланд, Япон зэрэг оронд эдийн засагчийн мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцсан байна. Сурагч байхаасаа л гимнастик, төгөлдөр хуурын дугуйланд явангаа бүлгэмийн зөвлөлийн сонгуульт ажил хийдэг нийгмийн идэвхтэй гишүүн байв.

Түүний ажил хөдөлмөрийн гараа Шинжлэх Ухаан Техник мэдээллийн төвдийн мэргэжилтнээс эхлэлтэй. Мэдээллийн төвд ажилд орсон тэрбээр удалгүй бусдын адил хувиараа эрхлэх аж ахуйн нэгж байгуулж оёдлын цех ажиллуулж, ганзаганы наймаанд ч явж байсан гэдэг.

Улмаар Сингапурт очиж нийтийн хоолны газруудын туршлага судалж, үүсгэн байгуулсан Sentosa Food Court нь Монголд энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч нь болж байв.

Бизнесийн салбарт хөл тавьсан тэрбээр 1991 оноос “Сант” ББХК-ийн захирал, 1995 оноос “Сод трейд” ХХК-ий ерөнхий захиралын албыг хашиж байлаа. Ийнхүү хувийн бизнесээ амжилттай эрхлэхийн сацуу “Иргэн Та Баялаг” санг үүсгэн байгуулжээ. Энэхүү сангийн журмаар NBA-ийн шилдэг тамирчин Дувейт Ховардыг эх орондоо авч ирж байжээ.

Харин түүний улс төрийн замнал 2008 оноос эхлэлтэй. 2008 онд Баянгол дүүрэгт Ардчилсан намаас өрсөлдсөн ч түүний оронд Х.Тэмүүжин гишүүн болж байв. 2012 оны сонгуулиар даагаа нэхэж, Баянгол дүүргийн тойргоос гишүүнээр сонгогдсон юм. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажилладаг, сайн үйлсийн аянуудад бусдыг манлайлан идэвх зүтгэлтэй оролцдог хэмээн түүнийг хүүхдийн төлөө байгууллагууд, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэгч байгууллагууд “Хүмүүнлэгийн элч” болон “Хүүхдэд ээлтэй Улс төрчөөр” өргөмжилсөн байдаг. 

Хувийн амьдрал:

Хань Г.Өлзийбүрэнтэйгээ дунд сургуульд, ОХУ-д эдийн засагч мэргэжлээр хамт сурч байсан гэдэг. Тэд хожим тавилгын “Сентоза” дэлгүүрийг үүсгэн байгуулж, бизнест зэрэг хөл тавьсан юм билээ.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 169,8 сая, гэр бүлийн орлого 37,8 сая гэж мэдүүлжээ. Түүний орлого өмнөх оныхоос 10,7 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Одонтуяа гишүүн амины орон сууцгүй бөгөөд 798 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг барилга, авто зогсоолтой аж. Мөн 3,6 сая төгрөгөөр үнэлэгдэх том оврын Камаз ачааны машинтай. Хадгаламжиндаа 334 мянган төгрөгтэй бөгөөд 228 саяын зээлтэй гэж мэдүүлжээ. Лотсинвест ХХК/75 хувь/, Сентоза фоод корт ХХК/10 хувь/-д хувьцаа эзэмшдэг. ХОМ-той холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой юм.

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ, ХЭВЛЭЛД ГАРСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

“Бид эх орондоо ирмээр байна” суулт зарлав

Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үйлдэгдэх тусгай нислэгүүдийг цуцалсан байдаг.

Энэхүү нөхцөл байдлын улмаас эх орондоо ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд орсон юм.  Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонутяа БНСУ-д гацсан Монгол Улсын иргэддээ яаралтай туслахыг шаардаж, УОК-ын даргад шаардлага хүргүүлж байлаа. Уг мэдэгдэл, шаардлагын дагуу УОК-оос шийдвэр гарган хүндэтгэх шалтгаантай иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч иржээ.

Л.Оюун-Эрдэнэ: С.Одонтуяа гишүүн болон түүний нөхөр вакцинжуулалтад саад учруулсан

Ерөнхий сайд вакцинжуулалтын ажилд саад учруулсан гишүүдийг зарлана хэмээхн мэдэгдэж байв. Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Энэ үеэр вакцинжуулалтад саад учруулсан гишүүнээр С.Одонтуяаг нэрлэв. Ерөнхий сайд “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаад яахав гэж чимээгүй явсан. Үүн дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, мөн түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн байсан.Гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас миний бие өнөөдөр хэлж байна. Уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч нар руу утасдаж, гаалиар ийм бараа оруулж ирнэ, үгүй гэж болохгүй” гэсэн юм.

Ерөнхий сайдыг шүүхэд өгнө

Харин үүний хариуд С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдээлэл тараасан, нэр төрд халдсан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрбээр, ” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлаа танилцуулах үеэрээ маш хариуцлагагүй мэдэгдэл хийж, миний нэр хүндэд халдсан.

Тиймээс би Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд нэр хүндээ сэргээлгэх нэмэмжлэл гаргасан. Мөн Ерөнхий сайдаас 100 сая төгрөгийг нэхэмжилсэн.

Энэ мөнгөөр цар тахлын үеэр орон гэргүй болсон өрх толгойлсон ээжүүдэд өгнө. Үүнийг өнгөцхөн харвал нэг хүн нөгөөгөө гүтгэсэн юм шиг мөртлөө цаагуураа нэг намын дарангуйлал тогтож буйг илтгэж байна. Ерөнхийдөө нэг намын дарангуйлал яаж бий болдог вэ гэдгийн тод илрэл нь сөрөг хүчнээс дугардаг хүмүүсийн амыг таглах, өөрсдийнх нь ажлыг шүүмжилсний төлөө гүтгэх юм.

Миний хувьд, УИХ-ын чуулганаар төсөв батлах үеэс л вакцины мөнгийг төсөвт суулгах нь илүү найдвартай гэдгийг маш олон удаа хэлж байсан. Мөн иргэдэд вакциныг сонголттой хийх боломжийг олгох тал дээр шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ хэргийн эцсийг хүртэл явна. Би өөрөө цагаатгалын комиссын дарга. Тэртээ 1937 онд хэлмэгдсэн хүний асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Хүний эрхийг зөрчинө гэдэг нь 50 жил өнгөрсөн ч арилдаггүй учраас ийм асуудлыг цэгцлэх ёстой. Тухайн үед эрх мэдэлтэй дарга нь өөр бусад хүнийг эх орноосоо урвасан, гадаадын тагнуул гэж гүтгээд холбогдох байгууллагууд нь улс төрийн нөлөөлөлд орж шийтгэснээр улс төрийн их хэлмэгдүүлэлт үүссэн. Яг үүнтэй адилхан хэлмэгдүүлэлт надаар үргэлжилж байна. Надад ард түмнийхээ өмнө хийсэн гэм буруу байхгүй. Тиймээс би нэр төрөө сэргээлгэнэ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа вакциныг яаж тасалдуулсан гэдгийг тогтоолгохоор холбогдох арав гаруй байгууллагаас тайлбар бичгийг авч байна” хэмээсэн билээ.

Бид хариуцлагагүй байдлаасаа болж хүйтэрч байгаа энэ үед иргэдийг хохироож болохгүй

Шахмал түлшинд дугаарлаж байгаа мөн олдоц муутай байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн сошиал орчинд тархсан. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол дүүрэгтээ нөхцөл байдлыг тодруулахаар ажиллалаа.

Тэрбээр, Дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулж буй хоёр цэгтэй л таарлаа. Бусад цэгүүд цоожтой‼ Намайг Засаг дарга байхад шахмал түлш борлуулах 40-н цэг байсан. Гэвч хүрэлцээ муу байгаа тухай санал хүсэлт тогтмол ирдэг байсан. Гэтэл энэ жилээс борлуулах цэгийн тоог 32 болгож цөөлсөн бөгөөд одоогийн байдлаар 12 цэг л гэрээгээ байгуулсан байна. Монгол орон жилийн дөрвөн улиралтай өвөл болох нь тодорхой байсаар байхад хариуцсан сайд угтсан арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийн байдалд хүрлээ. Үүний хохирогч нь иргэд байгаа нь үнэхээр харамсалтай. Бид хариуцлагагүй байдлаасаа болж иргэдийг хүйтэрч байгаа энэ үед ингэж хохироож байгаа албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага нэхэх ажлуудыг хийх болно” гэв.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд