No menu items!
HomeХэн юу хэлэвСүүлийн үед "халамж хэтэрлээ" гэх үг попролын тренд болсон

Сүүлийн үед “халамж хэтэрлээ” гэх үг попролын тренд болсон

-

Сүүлийн жилүүдэд “халамж хэтэрлээ, халамжийн улс боллоо” гэсэн тун эх оронч, ажил хэрэгч сонсогдох энэ үгс улс төржих дуртай хэн бүхний амнаас унах болж, Попролын тренд болоод буй юм.

Хэн ч сонссон буруутгах аргагүй, шүүмжилсэн этгээд нь өөрөө буруутан болох тийм “ид шидтэй” үг л дээ. Харамсалтай нь манай нөхцөлд бодит тусгалаа олоогүй, хоосон цэцэрхэл болсон үг юм. 

Баримт нотолгоогүй ийм үгийг жирийн хэн нэгэн хэлэх бол ч яах вэ гэх сэн. Харин нэр төр бүхий улс төрчид, ялангуяа эдийн засагчид ам билүүдэн давс хужир нэмж хүн амын 2/3 халамжаар амьдардаг боллоо, хавтгайрсан халамж гэх зэргээр мэдэмхийрэх нь тун зохимжгүй юм. Манай улсад халамж хэтрээгүй, ямар ч халамжийн улс болоогүй, түүнд хүрхэд хол байгаа гэж би хэлье.

Тоо баримт худал хэлэхгүй л дээ. Ковидоос өмнөх 10 жилийг аваад үзвэл манай улс өдгөө халамж гэж нэрлээд байгаа нийгмийн хамгаалалд  дунджаар ДНБ-ий 1.5-2.5 хувийг зарцуулж ирсэн, энэ нь дэлхийн дундаж болох 10-12 хувиас хамаагүй доогуур харин хөгжиж буй болоод ядуу буурай улсуудын дундаж болох болох  3-5 хувиас арай бага түвшинд байгаа юм. 

Ковид хүчээ авсан 2020, 2021 онууд бол арай өөр л дөө, дэлхий даяараа л хол хорио тогтоосноос уналтанд орсон ЭЗ-аа тогтоон барих, сэргээх үүднээс ЭЗ-таа мөнгө нийлүүлж иргэддээ янз бүрийн хэлбэрээр олгож эхэлсэн бөгөөд энэ нь халамж биш юм. Манай улсад Ковидтой тэмцэх зорилгоор ЭЗ-таа зарцуулсан мөнгийг, тухайлбал хүүхдийн мөнгийг халамжид оруулж тооцоод байгаа нь халамжийг зохиомлоор их болгож харагдуулаад байгаа. 

Бүр ковидтой 2020, 2021 онуудад зарцуулсан, зарцуулхаар төлөвлөсөн халамжийн гэгдээд буй ~1.6 их наяд  нь ДНБ-ий 4 орчим хувь болж байгаа нь дэлхийн бусад улсуудтай харьцуулхад хэтрээгүй байтугай их биш юм. Халаглаад харамсаад байгаа “халамж” болох хүүхдийн мөнгө, гэрэл цахилгааны мөнгө, нэг удаагийн багахан мөнгөн тусламж нь эдийн засгийг шалдаа буух уналтаас сэргийлсэн зөв зүйтэй арга хэмжээ байсан гэдгийг ойлгох нэг нь ойлгож байгаа.

Бидний үлгэрчлэн дуурайх дуртай АНУ-аар аваад үзье,  жилд жирдээ нийгмийн халамжинд 7-10% зарцуулдаг бол 2020 оны ковидын үеийн “тэтгэмж”-ийг нэмбэл ДНБ-ийн 25-27% “халамж“-д зарцуулсан төдийгүй, хүн амын 2/3 биш бараг 100% халамж хүртэж “халамжаар” амьдарсан байх юм. Бидэнд арай ойр Солонгосыг аваад үзвэл жирийн үедээ халамжинд жилд ДНБ-ийн 10-11 хувьтай тэнцэх мөнгийг зарцуулдаг нь  30-31 хувьддаг Франц, Финланд гэх мэтийн улсуудтай харьцуулшгүй доогуур байгаа юм.

Халамжийн асуудлаар холбогдох сайд дарга нарын хэлсэн нэлээн ноцтой гэмээр, олон нийтэд төдий л таатай бус сонсогдох үгс, мэдээллийг авч үзье:

Сангийн сайд (2021.09.30) төсвийн талаар мэдээлэл өгөхдөө: “Хоёр сая хүртэлх төгрөгийн халамж авдаг 5,000 гэр бүл байна” гэж хэлсэн аж.

Энэ мэдээлэл олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Арга ч гүй биз, татвар төлдөг хэсэг нь ажил хийдэггүй, хийх дургүй баахан нөхдийг тэжээгээд байна гэсэн ойлголтыг өгч  байгаа юм чинь. Манай улсад “халамжийн” гэж нэрлээд байгаа үнэндээ бол нийгмийн хамгааллын тогтолцоо, халамж олгох шалгуур стандарт нь ОУ-ын байгууллагуудын зөвлөмж, стандартаар боссон бүтэц л дээ.

Энэ мэдээлэл зориуд гэмээр, иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх, нийгмийн хамгааллын системийг буруутгах, олон нийтийг эмзэглүүлэх өнцгөөр л түгсэнээс бусдаар үнэхээр “хэт их”халамж аваад, халамжаар амьдраад байгаа энэ 5,000 гэр бүл хууль зөрчсөн, шалгуураас гадуур халамж хүртээд байгаа талаар дурдаагүй, нэг удаадаа 2 сая төгрөг авсан уу, эсвэл сар болгон аваад байгаа юм уу гээд тодруулах шаардлагатай мэдээллүүд дутуу байгаа юм.

Ямартай ч журам, шалгуураас гадуур олгогдсон гээгүй тул 5000 гэр бүл халамжинд хамрагдах ёстой болоод л халамж хүртжээ гэсэн үг. Тэдэнд нийгмийн хамгаалал хэрэгтэй болоод л дэмжлэг авч буй хэрэг. Гэхдээ бас нягтлан үзэх зүйлс байна. Тухайлбал, олон нийтэд “халамж’ гэж харагдаад, харагдуулаад байгаа 2020 оноос хэрэгжиж эхэлсэн Ковидын үеийн ЭЗ-ийг уналтаас сэргийлэх онцгой арга хэмжээ болох хүүхдийн мөнгө юм.

5-10 хүүхэдтэй, өвөө эмээтэйгээ амьдардаг гэр бүлүүд гэхэд сар болгоны хүүхдийн 100,000 төгрөг, ковидын үед нэг удаадаа өгсөн 300,000 төгрөг, хөгшдийн тэтгэмж, тог цахилгааны мөнгө зэрэг бусад тэтгэмжийг оруулж тооцвол зарим саруудад 2 сая төгрөгийн “тэтгэмж” хүртсэн байх боломжтой. 

Хүүхэдгүй гэр бүлүүдээ ялгаварлан “хүүхдийн” нэрээр ЭЗ-таа шингээсэн Ковидын мөнгө улс төрийн зорилгоо ч, эдийн засгийн зорилгоо ч амжилттай биелүүлсэн, үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэмээр байна. Гэвч үүнийг одоо “халамжийн мөнгө” гэж нэрлэн мушгин гуйвуулж олон нийтийн эмзэг сэтгэхүй дээр дөрөөлөн худал мэдээлэл тарааж буй нь ямар зорилго агуулна вэ? 

Нийгмийн хамгаалалын мөнгөө хасаад юу хийх гэсэн юм бэ, банкуудад байрлуулах юмуу хуучин шигээ, яах гэсэн юм бол оо? Ямартай ч “халамжийн улс боллоо” гэх энэ попролын золиос нь нийгмийн хамгаалал гарцаагүй шаардлагатай, нэлээн зузаарч байгаа эмзэг давхаргынхан болж буй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд: Хувийн хаус, хоёр тээврийн хэрэгсэлтэй, мянгат малчид хүнсний талон авч байгаа …, нийт 5,525 иргэн хүнсний талоныг хасахаар болсон…

Хаустай, мянгат малчин энэ тэр гээд, энд нэг зүйл тодорхой харагдаж буй нь халамж олгодог шалгуур стандарт зөрчигдсөн, тэтгэмж авах ёсгүй нөхдүүд авсан бололтой харагдаж буй юм. Нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчлаа гэдэг шиг юм болчоогүй байгаа даа. Асуудал ярих гээд өөрсдийн ажлаа хийхгүй байгаа, хийж чадахгүй байгааг л илчих шиг болох юм.

Хариуцсан ажилтнууд нь ажлаа хийж чадахгүй, туршлага, ур чадвар дутагдаж байна эсвэл авилгад идэгдсэнээс боллоо гэж ойлгогдож байна. Ямар ч байлаа гэсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хангалтгүй ажиллаж буй бололтой. Хүнсний талон хасна гэнэ, үндэслэл нь зөв, шударга юм бол болж байна. Хүүхдийн мөнгийг танана л гэнэ. Тэгэж л их хэмнэх шаардлага гарсан юм байх даа. Ингэхэд хичнээн хэмнэлээ гээд нэмэр байна уу?

Нийгмийн даатгалын мөнгөө хэдэн арав, зуун тэрбумаар нь алдчихаад сууж байгаа биз дэ? Мөнгөө олж ирэх нь эн тэргүүний ажил баймаар юм! Яагаад хөдлөхгүй байна вэ?  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныханд хийх ажил их байна, тэд өөрсдийн алдаа дутагдлаа одоо л олж харж байна, хожимдсон ч гэсэн залруулах арга хэмжээ авахаар шийдэж буй бололтой.

Халамж үнэхээр хэтрээд байна, Монгол халамжийн улс боллоо гэж үзээд буй бол үүнд логиктой хоёрхон л тайлбар бий.

1. Монгол улсад авилга их байна. Халамжийг авах ёсгүй хүмүүс нь аваад байна, энэ нь хариуцсан яам, тамгын газрын хариуцлагын асуудал бөгөөд авилгын асуудлаа цэгцлэх хэрэгтэй.

2. Монголчууд нэлэнхүйдээ ядуурчээ тэд халамж авахаас өөр арга алга. Ажлын байр алга, байсан ч ажиллах дур хүсэл алга. Учир нь ажлын байр, ажлын санал нь ихэнхдээ улирлын, эсвэл түр зуурын шинжтэй, ажиллах орчин нөхцөл муу, хөдөлмөр хамгааллын журам хангалттай хэрэгждэггүй бөгөөд хамгийн гол нь цалин хөлсөө өгдөггүй, хүний хөдөлмөрийг мөлжсөн шинжтэй байдаг нь хэвийн үзэгдэл болсноос үүдэлтэй. Эрх баригчид, эвээ олчихсон давхаргынхан ард иргэдээ ажил хийхгүй байна гэж буруутгахаасаа өмнө “Яагаад ажил хийхгүй, хийх хүсэлгүй байна вэ?” гэдэг асуултад ул, суурьтай, шинжлэх ухаанч, судалгаатай хариу өгөх ёстой.

Албан статистикаар хүн амынх нь 30% ядуу, албан бусаар 60% ядуу ангилалд байгаа улс ДНБ-ийхээ 1.9% (667 тэрбум, 2019), 1.8% (750 тэрбум, 2020) хувийг халамжид зарцуулж буй нь тун чиг их биш, хавтгайрсан бус харин ч цомцойлгон хумисан дүн гэдгийг ойлговол зохино. Үнэхээр хавтгайрсан гэж үзэж буй бол нийгмийн хамгаалал олгодог шалгуур, стандартуудыг өөрчлөх, хасах хэрэгтэй.

Үүнд халамжийн мөнгөн дүнд ихээхэн жин дарж байгаа хүүхдийн мөнгө, хөгшдийн гавьяаны мөнгө, алдарт эхийн мөнгө, үйлдвэрлэлийн ослоос хөдөлмөрийн чадвараа алдагсад, тэжээгчээ алдсан хүүхдийн мөнгө, жирэмсэн эхийн тэтгэмж, олимп, дэлхийн медальт тамирчдын мөнгийг хасах хэрэгтэй болно. Зарим нэгийг нь хасаж танаж болох л байх. Гэхдээ ер нь эдийн засаг, санхүүгийн бүтэц, бодлогын шинжтэй асуудлуудыг бид дангаараа шийдэх эрхтэй билүү? Дэлхийн банк, ОУВС зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй юм. Попорч болно, гэхдээ хөрсөн дээрээ бууцгаая,  ялангуяа мэргэжлийн хүмүүс!

Х.БАТСУУРЬ /Эдийн засагч/

2021-10-04

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд