Ю.Баянмөнх: Хулхи нь чихийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг

0
1263

“УБ Сонгдо” эмнэлгийн чих, хамар, хоолойн мэс заслын эмч Ю.Баянмөнхийн чихний хулхи яагаад үүсдэг, ямар үүрэгтэй байдаг талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Чихний хулхи ямар үүрэгтэй вэ?

– Хүний чих нь гадна, дунд, дотор гэсэн гурван бүтэцтэй. Гадна чихний гуравны нэг нь мөгөөрснөөс бүтдэг. Тэгээд ясан хэсэг, дараа нь хэнгэрэг байрлана.  Гадна чих нь дуу авиаг хүлээн авч, байрлалыг тогтоох үүрэгтэй юм. Тэрхүү мөгөөрсөн хэсэгт хучигдсан арьс нь үсэрхэг хэсгээс тогтдог бөгөөд хулхи ялгаруулдаг булчирхайтай байдаг. Хулхи нь усанд уусдаг, хүчиллэг өтгөн зүйл. Энэ нь гадна чихэнд ус орох, хүчтэй дуу авиа сонсох, ямар нэг зүйлээр санамсаргүй хатгах тохиолдолд  чихийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Мөн гаднаас ирж байгаа ус, шороо зэргийг гадагшлуулах чиглэлтэй байдаг. Ер нь чих нь өөрөө өөрийгөө цэвэрлэдэг эрхтэн. Хулхи гаднаас орж ирсэн усыг өөр дээрээ шингээж, томсгоод хэнгэрэг рүү очихоос сэргийлдэг. Өөрөөр хэлбэл хамгаалах үүрэгтэй байх нь. Түүнчлэн янз бүрийн бактериудыг үсэн дотроо цуглуулж, эрүүний хөдөлгөөнөөр өөрөө гадагшлуулдаг. Чихээ хэт цэвэрлэж, ухсанаас болж чихний цикл алдагдаж, хулхи хэт цугларах эсвэл юу ч үгүй болоод ирэхээрээ загатнаад хуурайшиж эхэлдэг. Өөрийнхөө амьд орчинг үүсгэж чаддаггүй гэсэн үг.

– Хулхи ер нь хүнд хэр хэрэгтэй зүйл вэ?

– Хулхи нь чихийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Мөн чихний үрэвслийн үед хулхи маш их ялгардаг гэнэ  л дээ. Энэ нь хүчиллэг учраас бактерийг устгах чадвартай. Түүнчлэн чихийг тойрсон маш олон булчирхайнууд байдаг. Түүнийг ялгаруулж буй имуноглобулин, дархлааг дэмжигч ихтэй учир чих үрэвсэхээс хамгаалдаг.

– Тэгвэл чихийг байнга цэвэрлэж болохгүй гэсэн үг үү?

– Болохгүй. Яагаад гэвэл өөрөө гадагшаа хаяж байх ёстой. Яах вэ зарим нэг настай хүмүүсийн ялгаралт нь багасаад хулхи үүсэхгүй тохиолдол байдаг. Эсвэл эрүүний хөдөлгөөн муу, шүдний үйл ажиллагаа муудсанаас болоод хулхи ихээр хуримтлагдаж болно. Ер нь хүмүүсийн өөрсдийнх нь буруу үйл ажиллагаанаас болоод хулхи их цуглардаг. Мөн чихэвч их зүүхээр хулхи нь дотогшоогоо түлхэгдэж байдаг. Ингэснээр хэнгэрэг дээр очиж, авиануудад саад болж чих шуугих шинж илэрнэ.

– Чихний аппараттай хүмүүс юуг анхаарах вэ?

– Чихний аппараттай хүмүүсийн хувьд хулхи их цуглараад байвал эмчид очиж, цэвэрлүүлэх хэрэгтэй. Өөрөө хүчтэй угааж, цэвэрлэх үед арьсны бүтэн чанар алга болж, хулхи гадагшлах урсгал буруу болдог. Энэ үед өвдөлт өгөөд, өвчин болж эхэлнэ. Цаашлаад дүлийрэлд ч хүргэх эрсдэлтэй. Хулхийг аль болох цэвэрлэхгүй л байх хэрэгтэй. Энэ нь хамгаалалтын үүрэгтэй. Хулхи нь өөрөө усыг шингээдэг учир хэнгэргээ хамгаалж байдаг.

– Хулхи гадагшлах урсгал буруу байгаа тохиолдол ямар шинж илэрдэг вэ?

– Хамгийн түрүүнд сонсгол буураад  ирдэг. Мөн өөрийн дуу өөртөө чанга болоод, чихэн дотор шижигнэх шинж тэмдэг илэрдэг. Чихийг буруу цэвэрлэсний улмаас хулхи ялгарч байгаа хэмжээ нь, чих өөрийгөө цэвэрлэдэг хэмжээнд хүрэхгүй учраас заримдаа загатнаж, үрэвсэн, хатиг гарах эрсдэл ч үүсдэг.

– Чихээ хамгаалахын тулд юуг анхаарах вэ?

– Байнга чихээ цэвэрлэх шаардлагагүй. Яагаад гэвэл биднийг ярьж, инээж байх үед хулхи өөрөө гадагшилж байх ёстой. Гэхдээ хүмүүсийн арьсны онцлог, тослог шинж чанараас нь болоод зарим хүний хулхи чийгтэй байдаг. Тийм хулхитай хүмүүс жил эсвэл 6 сар тутам эмчид хандаад цэвэрлүүлж болно. Харин хуурай хулхитай хүмүүс ойр ойрхон цэвэрлэх шаардлага байхгүй. Нас ахих тусам хүний чихний тослог чанар алдагдаж, хуурайшилт үүсдэг. Тэр үед нь эмчид үзүүлж, цэвэрлүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн бага насны хүүхдийн чихэнд анхаарал тавьж байх нь зүйтэй. Учир нь хүүхэд зөөлөн юм иддэг учир эрүүний хөдөлгөөн бага. Тиймээс эмчид үзүүлж, хулхи нь цугларч байгаа эсэхийг жилд нэг удаа үзүүлбэл тохиромжтой. Хэнгэргээ бүтэн, гадна чихээ эрүүл байлгавал байгалийн түмэн гоё чимээг сонсох боломжтой.

Эх сурвалж: “Сонгдо” подкаст