No menu items!
HomeХэн юу хэлэвХэн юу хэлэв: Ковидоор халдварлаад эдгэрсэн бол юуг анхаарах вэ

Хэн юу хэлэв: Ковидоор халдварлаад эдгэрсэн бол юуг анхаарах вэ

-

Ковид-19 халдварын урт хугацааны сөрөг нөлөөллийн талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулж буй. Ялангуяа “Ковид-19” халдвараар өвдсөн хүүхдийн дархлаа суларч, халдварын дараах хам шинж удаан үргэлжилж буй. Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуудал тулгараад байна. Тэгвэл халдвар аваад эдгэрсний дараа юуг анхаарах талаар мэргэжилтнүүдийн тайлбаруудыг эмхэтгэн хүргэж байна.

“Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө”

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав:

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Иргэд өөрсдөө, сайн дураараа  сэргээн засах эмчилгээг гэрээрээ хийх нь бий. Ингэхдээ зарим иргэн, тэр дундаа залуучууд алдаа гаргаж, биедээ хэт их ачаалал өгч байна. Эдгэрээд удаагүй байхдаа спортын хурд, хүч шаардсан дасгал, багийн тоглоом тоглож биед ачаалал өгөх нь эсрэг заалттай гэдгийг тодотгоё.

Халдварын улмаас өвдөж эдгэрсний дараа дасгал хөдөлгөөнийг бага эрчимтэй хийх учиртай. Хурд хүчээ аажмаар нэмэгдүүлээгүйгээс, урьдын адил хэт ачаалалтай дасгал хийснээс болж уушги хэтэрхий ачаалж, эргэн сэргэж буй уушгинд сөргөөр нөлөөлж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид онцгойлон тэмдэглэсэн. Иймд иргэд  коронавируст халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, дасгал хөдөлгөөний эрчмээ тохируулахыг сануулъя.

“Халдвар аваад эдгэрсэн хүн доошоо, хажуу тийш харж унтвал уушги хурдан сэргэнэ”

COVID-19-өөр өвдөөд эдгэрсний дараа баримталбал зохих зөвлөмжүүд:

1. Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй

2. Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.

3. Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.

4. Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.

5. Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай

Эрүүл Мэндийн Яам

“Эрүүл агаарт гарах нь маш чухал”

Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн эмч Ц.Буянхишиг:

Ерөнхийдөө хүүхдийн дархлаа маш их суларч байгаа. Тиймээс халдвар авсны дараа өөр ямар нэгэн өвчлөлд өртөх магадлал өндөр байна.Уушги хүндээр өвчилсөн тохиолдолд эмгэг үлдэнэ, фиброз, уушгины хатуурал үүсч болзошгүй. Ер нь найман наснаас дээш хүүхдүүдэд уушги үрэвсдэг тохиолдол гарч байна. Эмчлэгдээд гарсны дараа наад зах нь сарын хугацаанд үрэвсэл нь дарагдаж бүрэн эдгэрэх боломжтой. Тухайн хүүхэд цаг ямагт эрүүл агаарт байх нь л хамгийн чухал нөлөөтэй. Хоол унданд нь маш сайн анхаарч, дандаа амин дэмтэй, витаминлаг хоол өгөх хэрэгтэй. Мөн цэвэр агаар чухал. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Тэгэхдээ дааруулж болохгүй, дулаан хувцаслах зэрэг маш нарийн анхаарах шаардлагатай.

UBN.mn, 2021.07.05

Коронавирус мэдрэлийн эсийг гэмтээж болзошгүй тул ой тогтоолтын дасгал тогтмол хийх хэрэгтэй

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст толгой өвдөх, ядрах, үс унах, сэтгэл гутралд автах, мартах зэрэг 50 гаруй шинж тэмдэг илэрч байгаа. Эдгээр шинж тэмдэг 4-6 сар, зарим хүнд нэг жилийн хугацаанд үргэлжлэх ч тохиолдол байна. Эдгэрсний дараа шинж тэмдгүүд удаан үргэлжлээд байвал эмчид хандах хэрэгтэй.

Мөн эдгэрсний дараа хэвийн амьдралын горимдоо огцом биш аажмаар шилжих нь зөв. Зарим хүн толгой дүйнгэ болсон. Эмчээс юм асуухаар бодож суусан ч гарсан хойноо асуугаагүй гэдгээ санасан гэх зүйлсийг хэлж байна. Вирусийн сэртэн уураг хүний мэдрэлийн эд эсийг гэмтээсэн байх магадлалтай. Тийм учраас тархины үйл ажиллагааг сайжруулах, оюуны ухаан, ой тогтоолтыг дэмжих дасгал тогтмол хийх хэрэгтэй.

Gogo.mn, 2021.09.07

“Хүндээр өвдсөн хүмүүс амьсгалын эрхтний болон уушгины эмч, бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай”

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эмч Д.Мөнх-Эрдэнэ:

Уг өвчнөөр өвдөөд, эмнэлэгт хэвтээд гарах үед амьсгалын эрхтний үйл ажиллагааг үнэлэх хэрэгтэй байдаг. Тухайн өвчтөний ажил мэргэжлийн болон биеийн байдалд үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай. Амбулаториор болон гэрээр хянагдсан өвчтөнүүдэд мөн адил үнэлгээ хийнэ. Өвчтөнүүд эмчээс зөвлөгөө авч цаашдын эрүүл мэндийн байдлаа тодорхойлох нь зүйтэй. Ингэхдээ эхлээд онлайн эсвэл утсаар зөвлөгөө авахыг санал болгож байгаа.

Амьсгалын эрхтэн талаас үйл ажиллагааны алдагдлыг үнэлэх, бусад эрхтэн тогтолцооноос шалтгаалсан мэдрэл танин мэдэхүйн талын алдагдлыг үнэлэх, зүрх судасны тогтолцооноос гарч буй хүндрэлүүдийг үнэлэх зэргээр нарийвчилсан үзлэг шинжилгээ хийж болно. Хэрвээ эдгээр үзлэгийн дараагаар эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэсэн хэдий ч үргэлжлэн зовиур илэрч, хүндээр өвдсөн хүмүүст 3, 6, 12 сарын дараагаар амьсгалын эрхтний болон уушгины эмч, бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэж үзэж байна. “Ковид-19” халдварын дараа үлдэж буй амьсгалын эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүд нь удаан хугацаагаар үргэлжлэхээс гадна зарим тохиолдолд огт арилахгүйгээр амьсгалын дутагдалтай болох тохиолдол гарч байна.

“Цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээ маш чухал”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын хэлтсийн дарга Ж.Нарангэрэл:

Цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээ маш чухал. Яагаад гэхээр цар тахлын дараах үлдэц тухайн хүнд ужиг явцтайгаар эдгэрэх тохиолдол байна. Мөн уушги, зүрх, хоол боловсруулах эрхтний тогтолцоо болон сэтгэлзүйд үлдэц үлдээх асуудал гарч байна. Энэ бүхэнд нөхөн сэргээх эмчилгээ маш чухал. Салбар яамнаас зарим эмнэлгүүдэд бодлогоор нөхөн сэргээх эмчилгээний тасаг нээх байдлаар ажиллана. Жишээлбэл, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээний төслийг хийж байна.

Гэхдээ хувь, хувьсгалын эмнэлгүүд гэлтгүй цар тахлын дараах өвчтөн авах амбулатори, хэвтүүлж эмчлэх болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байгаа. Тухайн өвчтөний биеийн байдал, архаг хууч өвчнөөс шалтгаалж өөр өөр нөхөн сэргээх эмчилгээг хийнэ. Нийт батлагдсан тохиолдлын тодорхой хувийг хүнд, нэн хүнд хүмүүс эзэлж буй. Эдгээрт уушгины хэдий хэмжээний талбайг тухайн цар тахлын вирусийн шалтгаант хатгалгаа эзэлсэн байна гэдгээр нь хэмжиж байгаа. Ингээд их талбайг хамарсан уушги эдгэхдээ сорвижиж, буцаад энгийн уушгины эд ургах боломжгүй болж байна. Тиймээс энэ явцыг нь удаашруулах, амьсгалын дасгал тогтмол хийх, сэтгэлзүйн хувьд зөвлөгөө авах, зүрх судасны өвчин, хоол боловсруулах тогтолцоо гээд бүх эрхтний тогтолцоонд гарч буй эмгэгийг удаан хугацаанд засах асуудал гарч байна.

News.mn, 2021.09.27

“Хөнгөн халдвар авсан хүмүүс агаар салхинд гарч, амралтаа сайтар зохицуулж, амьсгалын дасгалаа сайн хийх хэрэгтэй”

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч Д.Жавзан-Орлом:

Цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээ чухал. Гэхдээ хүн бүхэнд эмчилгээ хийх шаардлагагүй. Хүнд хүмүүс эдгэрсэний дараа цаашдын эмчилгээг нь зөвлөж, 14 хоногийн дараа эмнэлгээс гарахыг зөвлөж байгаа. Эмнэлгийн эрчимт эмчилгээнд эмчлүүлсэн хүмүүсийн хувьд амьсгалын нөхөн сэргээх үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдаж, булчин суларсан байдаг. Тийм учраас хэвийн байдалд орохын тулд нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй хэрэгтэй.

Харин хөнгөн халдвар авсан хүмүүс агаар салхинд гарч, амралтаа сайтар зохицуулж, амьсгалын дасгалаа сайн хийхэд болно.

Тухайн хүнд архаг хууч өвчний сэдрэл байна уу. Жишээлбэл, чихрийн шижин, зүрхний суурь эмгэгтэй, зүрхний хэм алдагдалтай, бөөрний дутагдалтай, элэгний хатууралтай, уушгины архаг бөглөрөл өвчтэй хүмүүс Covid-19 халдвар авбал хүндрэх эрсдэл өндөр байна. Тийм учраас архаг хууч өвчнийг нь хамтад нь эмчлэх хэрэгтэй. Нас ахих тусам 2-3 хавсарсан өвчинтэй байх жишээтэй. Тиймээс цар тахлын дараах хяналтын эмчилгээг нөхөн сэргээх эмчилгээтэй хослуулах нь зүйтэй.

News.mn, 2021.09.27

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд