Грета Тунберг охин Шведийн парламентийн гишүүн болж, “Teen Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимхээсээ өмнө олны анхаарлыг төдийлөн татдаггүй нэгэн байв. 16 настай охин цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ илүү шуурхай арга хэмжээ авахад уриалж, хичээлээ таслан байж Шведийн парламентын гадаа хүлэмжийн хийн ялгарлыг багасгахыг Засгийн газраас шаардан жагсаал хийж байсан нь саяхан.
Өдгөө ч үйл хэргээ үргэлжлүүлэн ирээдүйнхээ төлөө тэмцэгч гэсэн хүндтэй байр суурийг эзэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хурц илтгэлүүдийг тавьсаар яваа түүний үүсгэн байгуулсан “Friday for Future” хөдөлгөөн Швед, Скандинавын орнууд төдийгүй баруун Европт маш ихээр хүчээ аваад буй билээ. Шулуухан үгээрээ дэлхийн удирдагчдыг ч шүүмжилчихдэг энэ охин 2019 онд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр “Та нар хоосон үгээрээ миний мөрөөдөл, бага насыг хулгайлсан” хэмээсэн нь нэлээд олны анхаарлыг татсан юм.
Ингээд түүний талаарх баримтууд болон хүчирхэг эшлэлүүдээс нь онцлоё.
Түүний талаарх баримтууд:
#1: Грета Тунберг 2003 оны нэгдүгээр сарын 3-нд төрсөн. Түүний ээж Малена Эрнман алдартай дуурийн дуучин бол аав Сванте Тунберг нь жүжигчин мэргэжилтэй.
#2. Тэрбээр цаг уурыг өөрчлөлтийн талаар 8 настайгаасаа мэдсэн. Ингээд Грета Тунберг 11 нас хүрэхдээ хүрээлэн буй орчны талаарх санаа зовинолын улмаас сэтгэлийн хямралд орж, хоол идэж, хүнтэй харьцахаа больсон байна. Улмаар аутизмийн нэг хэлбэр болох Аспергерын синдром, улигт бодол, албадмал үйлийн эмгэгтэй (OCD) болох нь оношлогджээ. Тэрээр “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Бусдаас өөр байх нь бэлэг. Хэрэв би Аспергерийн өвчтэй байгаагүй бол ийм их хүсэл тэмүүлэлтэй тэмцэгч болж чадахгүй байсан” хэмээн ярьжээ.
#3: Тэр цагаан хоолтон. Тэр 12 наснаасаа хойш махан хүнс хэрэглэхээс татгалзсан байна. Түүний эцэг эх охиноо дэмжин мөн л цагаан хоолтон болж, байгальд хор уршигтай тээврийн хэрэгсэл ашиглахаас татгалзжээ. Нэгэн удаа түүний ээж Малена Эрнман аялан тоглолтоор Япон руу нисжээ. Түүнийг эргэн ирэхэд Грета түүнд энэ нислэгийг үйлдэхэд хэдэн тонн нүүрстөрөгчийн хий зарцуулагдсаныг хэлсэнээр түүний эцэг эх амьдралын хэв маягаа эрс өөрчлөхөөр шийдсэн гэдэг.

#4: 2018 оны тавдугаар сард Грета Шведийн Svenska Dagbladet сониноос зохион байгуулсан уур амьсгалын сэдэвт нийтлэлийн уралдааны ялагчдын нэг болов. Нийтлэл хэвлэгдэн гарсны дараахан экологи хамгаалах Fossilfritt Dalsland байгууллагын идэвхтэн Бу Торен түүнтэй холбоо барьсан юм. Ингээд түүнд сургуулийн сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал хийх санааг дуулгажээ.
#5: Ингээд 15 настай Грета Стокхольм дахь парламентын ордны гадаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг эрх баригчдаас шаардан, гартаа самбар барин ганцаараа тэмцэж эхэлсэн. Энэ нь Герман, Япон, Их Британи, Австрали болон бусад олон орны хүүхэд залууст урам өгч, “Friday for Future” хөдөлгөөн хүчээ авсан.


#6: 2019 оны гуравдугаар сард Шведийн парламентын хоёр гишүүн, Норвегийн парламентын гурван гишүүн хамтран Грета Тунбергийг Нобелийн Энх тайвны шагналд нэрийг нь дэвшүүлжээ. Ингэснээр тэр дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналд нэр дэвшсэн хамгийн залуу нэр дэвшигч болсон байна.

#7: 2019 оны Шведийн шилдэг эмэгтэйгээр тодорч, Time сэтгүүл түүнийг 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр настнаар нэрлэжээ.

#8: Түүнд Галуст Гюльбенкяны нэрэмжит хүн төрөлхтний төлөөх шагналыг олгожээ. Тус шагналыг дагалдан нэг сая евро ирдэг байна. Тэрбээр шагналын мөнгөө өөрөө авахгүй, дэлхийн зүүн хойд хэсгийн орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулан хандивлахаа мэдэгдэж байлаа.
#9: Грета НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохын тулд нүүрс төрөгч огт ялгаруулдаггүй дарвуулт завиар Атлантын далайг гатлан Нью-Йорк хотод хүрэлцэн очсон. Энэ нь 15 хоногийн турш үргэлжилсэн 3000 милийн аялал байв.
Онцлох эшлэлүүд
Нөлөөлөл: Чамайг өөрчлөхөд хэт жижиг зүйл гэж огт үгүй
Зорилго: “Бид ямар нэг зүйлийг биелүүлэхээр шийдсэн тэр мөчид бид юуг ч хийж чадна”
Өөрчлөлт: “Яг энд, яг одоо бид зураасаа зурж байна. Дэлхий сэрж байна. Танд таалагдах эсэхээс үл хамааран өөрчлөлт ирнэ”
Бууж өгөхгүй: “Та нар арга хэмжээ авах ёстой, боломжгүй зүйлийг ч хийх ёстой. Учир нь бууж өгөх нь хэзээ ч сонголт биш”. “Бид энэ гариг, ирээдүйнхээ төлөө, үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйн төлөө тэмцэхээ хэзээ ч зогсоохгүй”
Үр дүн: “Би тийм ч онцгой нэгэн биш. Би хүн бүхэнд итгүүлж чадахгүй. Гэхдээ хийхийг хүссэн зүйлдээ хамгийн их нөлөө үзүүлэхээр хичээж байна”
Дүрмийг өөрчлөх: “Дүрмээр тоглосноор бид дэлхийг аварч чадахгүй, учир нь дүрмийг өөрчлөх ёстой. Бүх зүйлийг өөрчлөх хэрэгтэй – өнөөдрөөс эхлэх ёстой”
Үнэн: “Бид итгэж, найдаж, бие биендээ урам зориг өгөх ёстой. Гэхдээ “хэт олон сөрөг зүйлийг хэлж чадахгүй байна” гэж хэлэх нь утгагүй. Байгаа зүйлийг байгаагаар нь хэлэх ёстой. Хэлэх эерэг зүйл байхгүй бол бид яах ёстой вэ, хуурамч итгэл найдварыг түгээх ёстой юу? Бид үүнийг хийж чадахгүй, үнэнийг л хэлэх ёстой”
Зайлшгүй: “Энэ бүгд буруу байна. Би энд байх ёсгүй. Би далайн нөгөө эрэгт сургуульдаа буцаж очих ёстой. Гэсэн ч бидэнтэй нэгдэх залуучуудын төлөө… Тө нар хоосон үгээрээ миний мөрөөдөл, бага насыг хулгайлсан”