LOADING

Type to search

Монголбанк: Койн төлбөрийн хэрэгсэл биш, маш өндөр эрсдэлтэй зүйл

Share

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдааны шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан. Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Манай улс виртуал хөрөнгийг зохицуулах хууль батлах ёстой юу. Үүнд Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?

-Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яам ажлын хэсэг гараад хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан байгаа.

Намрын чуулган эхлэхээр хуулийн төслийг хэлэлцээд явах байх. Дэлхийн улс орнууд виртуал хөрөнгийг зохицуулдаг, зохицуулахгүй хөрөнгө гэж тооцохгүй гэж хоёр хуваагдсан байна. Монгол Улсын хувьд виртуал хөрөнгийг зохицуулна гэж үзээд хууль гаргах гэж байгаа.

Виртуал хөрөнгийг зохицуулахын тулд шууд зөвшөөрөл өгөөд явахгүй. Чөлөөтэй зах зээл дээр койныг арилжаалахдаа бирж нь технологийн хувьд аюулгүй, найдвартай байж чадах уу, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой юу гэдгийг харна.

Монгол Улс саарал жагсаалтад ороод өнгөрсөн онд гарсан. Тиймээс энэ хуулиар койныг бүртгэж аваад явна. Хууль гаргаагүй байхад, зохицуулалтгүй зах зээл дээр койнууд гарч байна. Монголбанкны байр суурь маш тодорхой байгаа. Ер нь дэлхийн улс орнуудын Төв банк яг ижилхэн байр суурьтай байгаа.  

Койн бол төлбөрийн хэрэгсэл биш. Гүйлгээ хийж байх явцад гүйлгээ чинь зогсох магадлал өндөр байгаа учраас маш өндөр эрсдэлтэй зүйл. Энэ эрсдэлтэй зүйл рүү та өөрөө хүсээд хөрөнгө оруулна гэвэл хувь хүний өөрийнх нь сонголт гэж Монголбанк үзэж байгаа.

-Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байна шүү дээ. Чанаргүй зээл нэмэгдэх нь эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?

-Манай банкны салбарын нийт зээлийн 10 хувь нь чанаргүй гэдэг ангилалд байгаа. Дээр нь хугацаа хэтэрсэн зээл чанаргүй зээлд ордоггүй. Энэ нь нийт зээлийн зургаан хувь байгаа. Ийм хүнд үед ийм түвшинд байгаа нь харьцангуй гайгүй байна гэж Төв банк үзэж байгаа. Зарим өндөр хөгжилтэй оронд чанаргүй зээл 20 хувьд хүрсэн байна. Манай улсын чанаргүй зээл 10 хувь хүрч байсан тохиолдлууд байдаг.

-Ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа юу?

-Есдүгээр сарын байдлаар 760 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт. Ипотекийн зээлийн хүү найман хувь байсныг зургаан хувь болгож шинэ хөтөлбөрт оруулсан. Шинэ хөтөлбөрт оруулсны бас нэг шалтгаан нь ипотекийн зээлийн 60 хувийг Төв банк, 40 хувийг банкууд эх үүсвэрээс олгоод явж байгаа. Ипотекийн зээл хэвийн үргэлжилж олгоно. Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрт гурван жилийн хугацаанд 2 их наядыг ипоткийн зээл олгохоор тусгасан.

-Арилжааны банкууд хэзээ IPO хийх вэ?

-Системийн нөлөө бүхий банкуудыг заавал олон нийтэд хувьцаагаа санал болгосон нээлттэй компани бол гэж хуульчлаад өгчихсөн. Энэ оны долдугаар 1-ний дотор бүх банк IPO хийх төлөвлөгөөгөө Монголбанкинд өгөх ёстой байсан. 11 арилжааны банк бүгд төлөвлөгөөгөө өгсөн. Таван банк нь IPO хийнэ. IPO хийхээс өмнө бүх санхүүгийн тайлангаа хөндлөнгийн аудитын компаниар баталгаажуулсан байх ёстой. Ингээд 3-6 сарын дотор буюу тайлан хуучирхаас өмнө IPO хийсэн байх ёстой. Ерөнхийдөө ирэх оны нэг, хоёрдугаар улирлын хооронд банкууд IPO хийхээр байгаа.

error: Content is protected !!