No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Батцэцэг: Жирэмсэн үед эм бэлгийн даавар хэт ихэссэнтэй холбоотой сэтгэл зүйд өөрчлөлт...

Б.Батцэцэг: Жирэмсэн үед эм бэлгийн даавар хэт ихэссэнтэй холбоотой сэтгэл зүйд өөрчлөлт илэрдэг

-

“Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн сэтгэцийн эмч Б.Батцэцэгийн  “Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт” сэдвээр өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Жирэмсэн үед сэтгэл зүйн ямар өөрчлөлтүүд явагддаг вэ?

– Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт нь жирэмсэн эхэд тохиолддог хэвийн зүйл. Учир нь жирэмсэн үед эм бэлгийн даавар хэт ихэссэнтэй холбоотой сэтгэл зүйд өөрчлөлт илэрдэг. Энэ үед баярлах, гуниглах, ганцаардах, ууртай болох гэх мэт олон шинжүүд илэрч болно. Тэгэхээр энэ нь даралт ихсэх, хавагнах зэрэг жирэмсэн үед биед илэрдэг шинжүүдтэй адил гэсэн үг. Манай улсад 2020 онд хийгдсэн судалгаагаар жирэмсэн эхчүүдийн 41.2 хувьд жирэмсэн үеийн сэтгэл гутрал илэрсэн байдаг. Мөн олон улсад дөрвөн ээж тутмын нэг нь жирэмсэн үеийн сэтгэл гутралд өртдөг гэсэн судалгаа бий.

Жирэмсэн ээжүүдэд

  • Би зөв үедээ хүүхэд төрүүлэх гэж байна уу?
  • Бид сайн эцэг эх болж чадах болов уу?
  • Бид хүүхэдтэй болоход бэлэн байна уу?
  • Би өөрөөрөө төрж чадах болов уу?
  • Би эрүүл хүүхэдтэй болох болов уу?

Миний нөхөр сайн аав болж чадах болов уу? Гэсэн маш олон бодлууд эргэлдэж байдаг. Тэдгээр бодлоос шалтгаалаад сэтгэл зүй хямарч болно.

Хэдий тийм боловч өдөр бүхэн шинэ зүйлд суралцаж, таны амьдрал магадгүй илүү сонирхолтой болох юм. Зарим үед аз жаргал, баяр баясгалангаар бялхаж байхад, өөр нэг өдөр санаа зовсон, түгшсэн, урам хугарах мэдрэмж танд төрж болно. Үүнд зөв, буруу гэсэн дүгнэлт өгөх нь өрөөсгөл байдаг. Учир нь тухайн үеийн нөхцөл байдлаас ямар ч сэтгэл хөдлөл хүнд үүсч болдог.

– Жирэмсний үед сэтгэл гутралд ороход юу юу нөлөөлж байна вэ?

– Жирэмсэн үеийн сэтгэл гутралд ихэвчлэн өсвөр насандаа жирэмсэн болсон ээжүүд өртдөг. Түүнчлэн санхүүгийн байдал тааруу байх, гэр бүл болон хамтран амьдрагчтай харилцаа муу байх, хэн нэгний тусламж бага авах, жирэмсний эрт болон хожуу хордлогод өртөх зэрэг нь нөлөөлж байдаг.

Түүнээс гадна бие махбодийн өөрчлөлт нөлөөлж болно. Тухайлбал бамбайн булчирхайн дааврын өөрчлөлт, чихрийн шижин гэх мэт өвчлөлүүд нөлөөлдөг.

– Жирэмсэн үеийн сэтгэл гутралд орсон бол ямар шинжүүд илрэх вэ?

  • Хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох гэх мэт хоолны дуршил өөрчлөгдөх, жин бага нэмэгдэх
  • Нойргүйдэх эсвэл хэт их унтах гэх мэт нойрны өөрчлөлт
  • Эрч хүчгүй болох
  • Өөртөө итгэлгүй болж өөрийгөө үнэ цэнгүй хэмээн мэдрэх
  • Шалтгаангүйгээр уйлах
  • Өмнө таашаал авдаг байсан зүйлээсээ таатай мэдрэмж авахаа болих
  • Хүүхдэд хэт их санаа зовох
  • Эцэг, эх болж чадахгүй гэж бодох зэрэг шинжүүд илэрнэ.

Мөн цаашлаад нийгмээс өөрийгөө тусгаарлах, аливаа зүйлд хариу урвал багатай болно. Түүнээсээ шалтгаалаад тамхи татаж, архи уух, мансууруулах бодис хэрэглэнэ. Цаашлаад амиа хорлох тухай бодол төрөх гэх мэт сэтгэл зүйн өөрчлөлтүүд илэрдэг.

– Жирэмсэн үед стресстсэнээр ямар үр дагаврууд гарч болох вэ?

– Стрессээс шалтгаалсан удаан хугацааны нойргүйдэл, толгой өвдөлт, хоолны дуршлын өөрчлөлт нь урагт нөлөөлдөг. Байнгын сэтгэлийн зовиур шаналгаатай байх нь булчингийн чангарал үүсгэж байдаг. Үүнээс шалтгаалаад цусны даралт ихсэх, зүрхний цохилт олшрох гэх мэт үр дагавар үүсч болно. Уг үр дагаврын дүнд цагаасаа эрт төрөх, бага жинтэй хүүхэд төрөх, зулбах эрсдэлтэй.

– Тэгвэл жирэмсэн үеийн стрессээ бууруулахын тулд ямар аргуудыг ашиглах вэ?

– Сайн эцэг, эх байхын тулд аль хэдийн ээж, аав болсон найз нөхөд, гэр бүлийн хүмүүсээс туршлага хуваалцаж болно. Жирэмсний сургалтуудад хамрагдах, жирэмслэлт болон төрөлттэй холбоотой ном сурах бичиг, гарын авлага унших хэрэгтэй. Түүнчлэн удахгүй ээж, аав болно гэдэгт сэтгэл зүйгээ бэлдэнэ. Мөн хэрэгтэй үед хэнд хандахаа мэдэг байх нь зүйтэй.

Эдгээрээс гадна, хангалттай сайн унтаж амарч, шим тэжээллэг хүнс хэрэглээрэй. Энэ нь сэтгэл зүйгээ тайван байлгах хамгийн эхний арга. Мөн жирэмсэн эхчүүдэд тохирсон дасгал хийх хэрэгтэй.

  • Өөрийнхөө итгэдэг хүмүүстэйгээ жирэмслэлт,  төрөлтийн талаар өөрт үүсч байгаа мэдрэмж сэтгэгдлээ хуваалцаарай.
  • Өөрийнхөө эргэн тойронд эерэг харилцааг эрхэмлэж, өөдрөг үзэл бодолтой хүмүүстэй ойр байгаарай. Мөн цахим ертөнцөөс хол байж, сөрөг мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй.
  • Нөхөртэйгөө эсвэл хамтран амьдрагчтайгаа хүүхэдтэй болсноор амьдралд нь гарах шинэ өөрчлөлтүүдийн тухай сайтар ярилцаж, санал бодлоо солилцоорой.
  • Шинэ эцэг, эхчүүдэд зориулсан ном уншиж, мөн төрөлтийн өмнө зохион байгуулагддаг сургалтад хамрагдаарай.
  • Хэрэв та давтан төрөгч бол төрсний дараа бусад хүүхдүүдийнхээ хэрэгцээтэй зүйлсийг бэлдээд тавиарай.
  • Хэрэв танд асуулт байвал эмчээсээ асуухаас санаа зовох хэрэггүй.

Сэтгэл тавгүй уурлаж, бухимдсан үед зүрхний цохилт нэмэгдэж, ходоод орчим эвгүй оргиж, булчингууд чангарч өнгөц олон удаа амьсгалдаг. Энэ үед тайвшруулах амьсгалын дасгал хийгээрэй. Тайвшруулах амьсгалын дасгал нь:

  • 3 секундын турш аажим амьсгал авах
  • 3 секундын турш амьсгал түгжрэл
  • 3 секундын турш аажим амьсгал гаргах

Энэ дасгалын дор хаяж 10 удаа хийвэл стресс тайлагдана. Хэрэв та сэтгэл зүйн асуудлаа өөрөө даван туулж чадахгүй бол мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй.

– Баярлалаа.

Эх сурвалж: СЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд