LOADING

Type to search

Афган эмэгтэйчүүд хар хижаб өмсөхийг эсэргүүцэж байна

Share

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа афган эмэгтэйчүүд Талибан дахь сургуулийн охидод хар хижаб өмсөх шаардлагыг эсэргүүцэж, уламжлалт хэв маягийн хувцастай зургуудаа нийгмийн сүлжээнд түгээсээр байна. Сүүлийн өдрүүдэд Талибанчууд анги танхимд сурагчдыг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялган тусгаарлаж хичээллүүлэх болсон.

Тэгвэл бямба гаригаас эхлэн Их сургуулийн лекцийн танхимд эмэгтэй оюутнуудыг толгойгоо далдалсан хижаб хэмээх өмсгөл өмсөхийг шаарджээ. Ийнхүү Шариатын хуулийн дагуу эмэгтэй сурагч, багш, ажилчид бүгд хар хижаб өмсгөл өмсөх болоод байгаа юм. Бямба гаригт Кабул дахь Их сургуулийн лекцийн танхимд толгойгоо далдалсан хижаб өмсгөл өмссөн охид, Талибаны тугийг даллаж буй зураг цацагдсан нь дэлхийн өнцөг булан бүрд буй Афган эмэгтэйчүүдийг нэгдэн, эсэргүүцэхэд хүргэжээ. Талибууд Афганистанд хяналтаа тогтоосноос хойш Афган эмэгтэйчүүдийн хувь заяа ихээхэн санаа зовоосон асуудал болоод байна.

Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Афган эмэгтэйүүд өнгөлөг, уламжлалт хэв маяг бүхий хувцас өмссөн зургаа цахимд нийтэлж, нийгмийн сүлжээгээр давалгаалсаар байна. Твиттерт зураг байршуулж, эсэргүүцлээ илэрхийлэх компанит ажлыг Афганистан дахь Америк сургуульд багшилж байсан Бахар Жалали эхлүүлжээ. Тэрээр анх хижаб өмсгөлтэй охидын зургийг “Афганистаны түүхэнд ийм эмэгтэйчүүд ингэж хувцасласан тохиолдол огт байхгүй. Энэ бол Афганистаны соёлд харшлах харийн зүйл. Би Талибуудын сурталчилж буй ташаа мэдээлэлтэй тэмцэх зорилгоор уламжлалт хувцастай зургаа оруулаа” хэмээн жиргэжээ. Үүний дараагаар маш олон эмэгтэйчүүд түүнийг даган эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

DW News-ийн Афганистаны мэдээллийн албаны дарга уламжлалт хувцас, гоёл бүхий зургаа “Энэ бол Афганистаны соёл, Афган эмэгтэйчүүд ингэж хувцасладаг” гэсэн тайлбартайгаар оруулжээ.

Харин BBC агентлагийн сэргүүлч Sodaba Haidare “Бидний уламжлалт хувцас маш өнгөлөг. Бид өнгөлөг байдалд үнэхээр дуртай” гэсэн тайлбартай зургаа оруулжээ.

Их Британид оршин суух улс төрч бүсгүй мөн л зургаа нийтэлж, “Манай үндэстэн, соёлыг илэрхийлэх хувцаслалт бол Талибан эмэгтэйчүүдийн өмсөж байгаа хувцас биш” гэсэн тайлбартайгаар оруулжээ.

Эх сурвалж: CNN

error: Content is protected !!