No menu items!
HomeХүмүүсХошин урлагийн нэрт мастер Д.Батсүх

Хошин урлагийн нэрт мастер Д.Батсүх

-

Монголын цирк, хошин урлагийн тайзнаа өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж, дундаршгүй их авьяасаар үзэгч олны сэтгэлд хоногшсон Д.Бахтсүхийг онцолж байна. Монгол Улсын гавьяат жүжигчин, “погдгор” хэмээх түүнийг танихгүй хүн ховор бизээ.

Цирктэй холбогдсон түүх

Нийслэлийн 10 жилийн 17 дугаар сургуулийн сурагч байх үедээ сонинд тавигдсан циркийн сургуульд хүүхэд шалгаж авна гэсэн зарын дагуу шалгуулах хүсэлтээ аавдаа хэлэхэд аав нь зөвшөөрөөгүй юм билээ. Харин хавар нь дахиад шалгаруулалт явагдахад ангиараа оролцож, хоёр хүүхэд тэнцсэний нэг нь Батсүх гуай байв. Монголын циркийн алтан үеийн найруулагч, багш Ц.Намхай 1972 онд сургуулиудаар явж, ирээдүйн жүжигчдийг хайж байхдаа Батсүх гуайн авьяасыг олж харсан юм гэдэг.

“Циркийн сургуульдаа явж байтал Оросын циркийн дунд сургуульд сургах хүүхдээ бидний дундаас сонгосон. Аз дайраад циркийн бэлтгэл ангиас хоёр хүүхэд тэнцсэн. Ингээд л би цирк гэдэг том айлд эргэж буцалтгүй орсон түүхтэй хүн. Алиалагч, акробатын ангийг дүүргэсэн” хэмээжээ. Монголын циркийн алиалагч дундаас Батсүх, Д.Мөнхбаатар хоёр ЗХУ-д бэлтгэгдсэн мэргэжлийн алиалагч юм билээ. Тэд нэг нутгийнх бөгөөд багаасаа нөхөрлөж, адил мэргэжлийг эзэмшин 1972 онд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуульд элсэж, хоёр жил болоод, хойд хөршийн нийслэл Москва хотын Цирк, эстрадын дунд сургуульд үргэлжлүүлэн суралцжээ. Хоёр жилийн хугацаанд Оросын Ардын жүжигчин С.А.Каштелянаар хичээл заалгав.

Ингэж тэрбээр С.Данзан, Б.Содном гуай болон Цээеэ /Д.Цэдэнбал/, Энхээ, Латиф зэрэг монголын үе үеийн алдартай алиалагч нартай хамтарч ажиллаж, хамгийн хүнд агаарын палётыг тоглон, 20 гаруй жил циркийн алтан манежыг эзэгнэв.

Алиалагч Цээеэ /Д.Цэдэнбал/, Д.Батсүх, Ж.Сандаг нар.
1982 он.

ОХУ-ын Ардын жүжигчин Олег Поповтой Улаанбаатар, Москва, Новосибирск, Фрунзед нэг манежинд хамтран тоглож байсан цор ганц алиалагч нь Батсүх гуай. Олег Попов “Монголын алиалагч Дамбын Батсүх бол 100, магадгүй 1000 жилд ганц төрөх ховор авьяастан” хэмээн тодорхойлсон байдаг. Тухайн үед ЗХУ-ын мэргэжилтнүүд “Олег Поповтой тоглож байгаа энэ жижигхэн залуу гайхалтай авьяаслаг, жинхэнэ байгалиас заяасан бие бялдартай, алиалахын одонд төрсөн хүн байна” хэмээн шагшин магтаж байлаа.

Төгсөж ирснийхээ дараа жил буюу 1977 онд Ардын армид алба хаахаар мордсон ч долоо хонолгүй Соёлын яамны тушаалаар эргэн дуудагдаж, тоглолтондоо орж байсан гэдэг. 1987 онд Социалист орнуудын дунд болсон циркчдийн тэмцээнээс тусгай шагнал хүртжээ. Түүнээс хоёр жилийн дараа БНХАУ-ын Бээжин, Бугат, Хөх хотод тоглож, Ухань, Учаод болох тэмцээнд заавал оролцох захиас авч байсан юм гэнэ лээ.

20 гаруй жил циркийн манежнаа “Тэмээтэй акробат”, “Шидэх банз”, “Газрын үсрэлт” зэрэг хүнд, циркийн сор болсон үзүүлбэрүүдэд тоглож, алиалж явсан тэрбээр “Шандас” циркийн захирлаар нэгэн үе ажилласан. 1995 онд Д.Сосорбарам, Б.Батзаяа, Б.Туяа Л.Чаминчулаан нартай хамтран Хошин урлагийн академи байгуулж, олон авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэсэн юм.

Батсүх гуай 1996 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан юм.

Циркийн алиалагч дэлгэцнээ

– Күэ,.. Чиний өнөө гэр барьж, гэргий авах яасан бэ?
-Оромжтой болсон цагт бол бусад нь ч болно биздээ…
-Чамд юу хэрэгтэй юм!?,… Ахдаа хэлчих !
-Таны юмны үнэ өндөр! Миний түрийвч нимгэн шүү дээ…
-Чамаас сохор зоос ч илүү хүлхэхгүй.
-За, тэгвэл хавтастай толь, хос авдар хэрэгтэй байна.

-Одоохон очоод авчихаарай. Чи юуны төлөө түргэн гүйгч, мэргэн буудагч билээ дээ. Ахдаа намар хэдэн бурхины арьс өгөөрэй.
-Тэр чинь аминд уу, Агентад уу ?
-Юу гэнээ! Улсын их баян худалдааны дэргэд дам хийнэ гэдэг чинь их мөрний хөвөөнд худаг ухахтай адил
-За тохирлоо. Гар барьчих уу.
-Чи бид хоёр чинь хүлээтэй байгаа шүү дээ…

“Мөнгөн буйл” киноны диалог

1985 онд бүтээгдсэн найруулагч Р.Доржпаламын бүтээл болох “Мөнгөн буйл” кинонд эсгийд өлгийдүүлэн өнждөг залуу түүний анхны киноны дүр. Тэр Дэлгэрэх нэгдлийн Тэмээчин сумын начин Цоодолын дүрийг бүтээжээ. Халуун зунаар эсгийд өлгийдүүлэх амаргүй байсан тухайгаа дурссан байдаг. Тус кинонд сумын начин цолтой бөхийн дүрийг бүтээсэн тэрбээр багадаа Пионерийн ордны бөхийн дугуйланд хичээллэж байсан, шаггүй барилддаг нэгэн гэнэ. Түүний найз Д.Мөнхбаатар “1970-аад онд Д.Долгор гэдэг ногоочны тарьсан нэг байцай 16 кг татаж, орон даяар их алдаршсан юм. Тэгсэн бөхийн дугуйлангийнхан Батсүхийг минь “16 кг” гээд нэрлэчихсэн жижигхэн, туранхай, хөнгөхөн болохоор нь. Тэр жижигхэн биеэс хаанаас нь гарч байна гэмээр бяртай, бас их мэхтэй, “хөөрхөн” уран барилддаг байлаа шүү дээ. Бригадаар явж байхдаа нэг удаа аймгийн арслантай барилдаад давсан түүх бий” хэмээн хуучилжээ.

Д.Батсүх хоёр охин, хоёр хүүтэй. Дөрвөн хүүхдийнх нь нэр бүгд “Б” үсгээр эхэлдэг. Мөн эхнэрийг нь Буянтогтох гэдэг. Тиймээс хошигнож өөрийгөө “Зургаан Б” компанийн захирал гэдэг байжээ. Нэгэн үе бор дарсанд оржээ гэж түүний талаарх мэдээлэл хэвлэлүүдээр дэлгэгдэж байв. Тэрбээр хүнд өвчинтэй тэмцэж байх үедээ “Өө би өвчнөөс айж, санаагаар унадаг хүн биш. Үхэх цаг нь болсон бол түүнийг хэзээ ч, хэн ч эсэргүүцэж чадахгүй шүү дээ” хэмээсэн байдаг.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд