LOADING

Type to search

76: УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Share

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

Ц.Мөнх-Оргил 1964 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутагт төржээ. Түүний эцэг, эх хоёул эмч мэргэжилтэй. Багадаа нисгэгч, архитектор, дараа нь сэтгүүлч мэргэжилтэй болохыг мөрөөддөг байсан тэрээр “Үнэн”, Оросын сонинуудыг шимтэн унших болсоноор Олон Улсын харилцааг сонирхох болсон гэдэг. Нийслэлийн 23-р дугаар дунд сургуулийг төгсөөд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, АНУ-ын Харвардын Их Сургуулийн Хуулийн Сургуулийг дипломатч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Ийнхүү 1988 онд Гадаад харилцаааны яаманд дипломат ажилтнаар хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, сайд болтлоо ажиллажээ.

Түүний хувьд УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон төдийгүй, Гадаад харилцаа, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан төрийн албаны өндөр туршлагатай нэгэн. 1991 оноос Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт улс төр, эрх зүйн асуудал хариуцсан III, II нарийн бичгийн дарга, 1996-1997 онд АНУ-ын Вашингтон хотноо хуульч, Хуулийн зөвлөгөө өгөх “Мөнх-Оргил, Идэш, Линч” компанийн гүйцэтгэх захирал, 2000-2004 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2016-2017 онд Гадаад харилцааны сайд зэрэг албан тушаалуудыг хашиж байв. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсоныхоо дараа Монголын Засгийн газрыг төлөөлж, Японы Марубени корпорацын нэхэмжилсэн 18 сая ам.долларын заргаар Английн Лондон хотын шүүхэд ялалт байгуулж байв.

Мөнх-Оргил гишүүн Англи, Орос, Франц хэлээр чөлөөтай ярьдаг. Тэрбээр Израиль Улсын Ерөнхий сайд асан, Нобелийн шагналт Шимон Пэрэсийн “Томоор мөрөөд” номыг орчуулан хүргэжээ.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 35,7 сая гэр бүлийн орлого 4.8 тэрбум гэж мэдүүлжээ. Тэрбээр нэг тэрбумын амины орон сууцтай.

170 саяын үнэлгээ бүхий туулах чадвар өндөр Lexus, 570 маркын автомашинтай бол 72 саяын үнэт эдлэлтэй аж.

Дотоодын хадгаламжиндаа 6,4 тэрбум төгрөгтэй гэж мэдүүлсэн бол 2 тэрбум төгрөгийн авлага, 410 саяын зээлтэй гэж мэдүүлжээ. “Өлзийт Төв” ХХК, “М-Си-Эс Монголиа” ХХК, “Тандер Болт” ХХК-д хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх дэлгэрэнгүйг http://xacxom.iaac.mn хаягаар орж харах боломжтой.

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ, ХЭВЛЭЛД ГАРСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

“Жаст”-ын Ш.Батхүүгийн гэрээнүүдийг Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил хянаж байжээ

“Жаст”-ын. Ш.Батхүү бусдын гарын үсгийг дуурайлган Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахдаа зээлийн батлан даагчийн гэрээ байгуулсан байдаг. Харин энэхүү гэрээнд хуулийн талаас нь туслалцаа үзүүлсэн гэх хүнээр Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилын нэр тодорч нэлээд шуугиан тарьж байв.

Өглөөний сонин, 2013

“Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам айлчлахгүй”

Түүнийг Гадаад харилцааны сайдын алба хаших хугацаанд дуулиант хэрэг мандсан нь XIVдалай ламтай холбоотой үйл явдал билээ. Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын Монголд хийсэн гэнэтийн айлчлал нь шашны агуулгатай байсан ч Хятадын тал эгдүүцсэнээр хоёр орны харилцааны асуудал болж хувирсан. Үүний хариуд тэрбээр, “Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай барьж ирсэн. Цаашид ч баримтлах болно. Төвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг. БНХАУ-ын язгуур эрх ашгийн асуудал юм. Үүний зэрэгцээ Далай лам айлчлалынхаа хүрээнд сүсэгтэн олонд ном хурсан ч хоёр улсын хооронд үл ойлголцол үүссэн. Энэ айлчлалд Засгийн газрын оролцоо байгаагүй. Гэтэл өнөөдөр айлчлалын үр дагавар хоёр орны харилцаанд нөлөөлж байгаа тул энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам айлчлахгүй гэсэн байр суурьтай байгаа” хэмээн мэдэгдэл хийж байв.

Асуудал намжаад байсан ч удалгүй Мөнх-Оргил гишүүний цагаан хоолой барин Далай лам руу хашгирч байгаа зураг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байжээ.

Хоол хүнсээр үнэ төлбөргүй хангах хуультай болов

2006 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцож, ажил хэрэг болгож байсан бол 2019 онд нэр бүхий гишүүдийн хамт санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон, санхүүжилтийг нь нэмэхээр өөрчлөлт оруулан батлуулсан билээ. Түүний санаачлан батлуулсан уг хууль хэрэгжиж, үдийн хоол хөтөлбөр энэ оноос эхлэн 1-5 дугаар ангийн хүүхдүүд үдийн хоолонд хамрагдаж 1500 төгрөгийн хоол идэх боломжтой болж  байгаа бөгөөд 2023 он гэхэд Ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгаа бүх хүүхдүүдийг тус хөтөлбөрт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Хөдөлмөр эрхлэгчид ажил олгогчдын олон хэлбэрт очсоноор  хөдөлмөрийн харилцаа өөр хэлбэрт шилжлээ”

Өнгөрсөн хаврын ээлжит чуулганаар ахалж ажилласан томоохон хууль нь Хөдөлмөрийн тухай хууль. Энэ хууль Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын 1 сая гаруй ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах юм. Уг хуулийн төсөл 2018 онд өргөн баригдаж 2 ч парламентын гар дамжиж энэ хаврын чуулганаар батлагдсан бөгөөд хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм. Хуульд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон УИХ, Засгийн газрын зүгээс хуульд тусгуулах саналууд оновчтой, дэвшилтэт байдлаар тусгагдан орсон байна.

error: Content is protected !!