LOADING

Type to search

Х.Ундармаа: Хөдөлгөөний хомсдол, таргалалт нь даралт ихсэлттэй шууд хамааралтай

Share

ТТАХНЭ-ийн Зүрх судасны их эмч Х.Ундармаа цусны даралт ихсэлт, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл хүргэлээ.

– Цусны даралт ихсэлтийн талаарх сүүлийн үеийн мэдээллээс танилцуулна уу?

– Олон улсын статистик судалгаанаас харахад дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь артерийн даралт ихсэлттэй байна. Дэлхийд төдийгүй Монгол оронд артерийн даралт ихсэлт өндөр хувьтай байгаа бөгөөд улам залуужиж байгаа юм. Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтагаан болох артерийн даралт ихсэлт нь тархины харвалтын 62 хувь, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49 хувийг үүсгэдэг. Даралт ихсэлт гэдэг нь судсаар эргэлдэж буй цусны урсгал артерийн судасны хананд өндөр давтамж өгөхийг хэлээд байгаа юм.

– Цусны даралт ихсэх өвчнийг үүсгэж буй гол шалтгаан нь юу вэ?

– Даралт ихэсгэдэг эрсдэлт хүчин зүйлс бий. Үүнийг өөрчилж болох хүчин зүйлс, өөрчилж болохгүй гэж хувааж авч үздэг. Өөрчилж болохгүй эрсдэлт хүчин зүйлд тухайн хүний нас, хүйс, удамшил зэрэг орно.

Мөн өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлийн улмаас үүссэн даралт ихсэлтийг анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг. Өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлүүд нь тухайн хүний амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Тухайлбал,

1. Стресс- Тархинаас стрессийн даавар ялгарч, судас нарийссанаар даралт ихсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Нөгөөтэйгүүр хүн стресст орсноор хоолны дуршил нь нэмэгдэж, нойргүйдэж, тамхи татаж бусад эрсдэлт хүчин зүйлүүдээ нэмэгдүүлдэг.

2. Нойргүйдэл- Шөнө унтах үед даралт өдрийнхтэй харьцуулахад буурдаг. Гэтэл ээлжийн ажилтай, шөнө хангалттай унтаж чадаагүй үед даралт ихэсдэг. Даралтны эм уусан ч нойргүйдээд байвал даралт хангалттай буурч чаддаггүй.

3. Архи тамхины хэрэглээ

4. Давсны хэрэглээ – ДЭМБ-аас хоногт хэрэглэх давсны хэмжээг 5 гр-аас бага байлгахыг зөвлөдөг. Зарим хүмүүс хоолны цайндаа давс бага хийдэг ч далд давсныхаа хэрэглээг анзаардаггүй. Тухайлбал даршилсан бүтээгдэхүүн ьн хоногийн давсны хэмжээг ихэсгэж байдаг.

5. Хөдөлгөөний хомсдол, таргалалт нь даралт ихсэлттэй шууд хамааралтай. Дээрх шалтгаанууд нь хоорондоо харилцан хамааралтайгаар анхдагч даралтыг ихэсгэдэг.

– Анхдагч болон хоёрдогч даралт ихсэлт байдаг гэлээ. Хоёрдогч даралт ихсэлтийн талаар тайлбарлана уу?

– Хоёрдогч даралт ихсэлтийг үүсгэж буй шалтгааны 10-15 хувийг бөөрний эдийн эмгэг, /төрөлхийн болон олдмол/ бөөрний судасны эмгэг, дотоод шүүрлийн эмгэг, эмийн болон хортны бодистын нөлөө эзэлж байна.

– Даралт ихэссэн үед ямар эмнэлзүйн шинжүүд илрэх вэ?

– Дараах шинжүүд илэрнэ. Хэрэв доорх шинжүүд илэрсэн бол эхлээд яаралтай даралтаа хэмжих нь зүйтэй.

  • Толгой өвдөх
  • Толгой эргэх
  • Нүд бүрэлзэх  
  • Зүрх өвдөх /Титэм судасны эмгэгтэй холбоотойгоор стенокардийн /цээжний/ өвдөлт өгөх/

– Даралт ихсэлттэй холбоотойгоор ямар хүндрэлүүд үүсэх вэ?

– Хэд хэдэн хүндрэлүүд үүснэ. Тухайлбал, тархинд цус харвах, зүрхний шигдээс, бөөрний дутагдал үүсч болно. Хамгийн гол нь эдгээрээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Түүнчлэн даралт ихсэлтийн ноцтой хүндрэл нь аневризм юм. Аневризм буюу судасны цүлхэнтэй хүмүүсийн даралт ихэссэнээр цүлхэн хагарах эрсдэлтэй. Энэ нь амь насанд аюул учруулдаг. Тиймээс  аневризмаас урьдчилан сэргийлэхийн тулд даралтаа тогтмол хэмжих нь зөв. Артерийн даралтыг баталгаажсан төхөөрөмжөөр хэмжих нь өвчний тавилан явцыг хянахад чухал ач холбогдолтой. Та хэмжихээсээ өмнө даралтын эм ууж болохгүй. Ялангуяа өглөө болон оройд даралтаа хэмжих нь тохиромжтой байдаг.

– Даралт хэмжихдээ юуг анхаарах вэ?

Хэмжилт хийхээс өмнө  5 минут тайван сууна.

  • Бие зассан байх ёстой.
  • Кафены төрлийн хүнс болон кофе, архи, тамхи хэрэглэхгүй.
  • Хөлний улыг шалан дээр наагаад, нуруугаа тэгшилж тухтай сууна.
  • Даралт үзэж буй гар зүрхтэй харалдаа байрлана.

Мөн даралтаа үзээд тэмдэглэл хөтөлнө. Ингэснээр ууж байгаа эм таарч байгаа эсэх, ямар үед даралт ихэсдэг, эмээ хэдийн ухаа мэдэх боломжтой.

– Баярлалаа.

1 Comment

error: Content is protected !!