ТТАХНЭ-ийн хүүхдийн эмч Н.Хандтай “Хүүхдийн хүүхдийн амьсгалын замын өвчлөл” сэдвээр ярилцлаа.
– Хүүхдийн хүүхдийн амьсгалын замын өвчин дундаас элбэг тохиолддог нь ханиад томуу байх. Хичээл сургууль эхэлж байгаа энэ үед юуг анхаарах вэ?
– Хүүхдийн өвчлөл дундаас амьсгалын замын өвчин хамгийн элбэг тохиолддог. Энэ нь хүүхдийн дархлааны тогтолцоо болон амьсгалын эрхтэн тогтолцоо бүрэн хөгжөөгүйтэй холбоотой. Ханиад томуу нь хүний биеийн температур буурч, вирусийн идэвхжил явагдсанаар үүсдэг. Хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй, хамар нь судасжилт багатай байдаг учир ханиад хүрэх нь амархан байдаг.
-Хүүхдүүд болон томчууд ойр ойрхон ханиад томуу хүрч, хоолой өвдөхийг энгийн үзэгдэл мэт ойлгодог. Гэхдээ ханиад томууг дулааны улиралд ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, суурь эмчилгээ хийх ёстой байх?
– Бид хүүхдэд дадлыг суулгах шаардлагатай. Ялангуяа олон нийтийн газраар явахдаа амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Гэхдээ зөв зүүх нь чухал. Зүүсэн маскандаа гараараа хүрж болохгүй гэдгийг маш сайн сануулах хэрэгтэй. Мөн гараа тогтмол савандаж угаана. Үүнийг хүмүүс маш сайн хэвшүүлсэн. Гэхдээ дутуу угаадаг. Савандаад 20 секунд хөөсрүүлж угаах хэрэгтэй. Богино хугацаанд савандаад өнгөрвөл нян, вирус бүрэн арилахгүй. Энэ эргээд вирусийн халдварыг гараараа дамжуулах нөхцөл болдог.
Түүнчлэн улиралд нь тохируулж хувцаслах хэрэгтэй. Намрын улиралд өглөө оройдоо сэрүүн, өдөр нь халуун байдаг. Тиймээс хэт зузаан эсвэл нимгэн хувцаслах нь ханиад томуу хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Намрын улирлаас эхлээд дархлааг нь сайн дэмжээд, шингэн хоол хүнсээ түлүү хэрэглээд эхэлбэл ханиад томуу хүрэх эрсдэл буурна.
– Ханиад хүрсэн нярай хүүхдийг хэрхэн зөв асрах вэ. Юуг анхаарах вэ?
– Нярай хүүхдийг сайн хөхүүлнэ. Сургуулийн насны хүүхдэд шингэн хангалттай уулгахыг зөвлөдөг бол нярай хүүхдийг хангалттай хөхүүлэх ёстой. Шингэн сайн уулгаснаар цусны эргэлт сайжирч дархлаа дэмжигдэнэ. Мөн асаргаа маш чухал. Нярай хүүхдийн ханиад хүрэх хамгийн том шалтгаан нь гэр бүлийн гишүүд. Тэд халдварыг зөөж, дамжуулж байдаг. Тиймээс гадуур явсан хүмүүс болж өгвөл усанд орох хэрэгтэй. Учир нь гар болон үсэнд нян бакитер наалдчихсан байдаг. Ээж нар “Би нярайтайгаа гадуур явдаггүй. Гэтэл ханиад хүрээд байна” гэдэг. Тэгэхээр гадуур ажил хийдэг гэр бүлийн гишүүд халдвар дамжуулж байна гэсэн үг.
Мөн хүүхдийн ханиад хүрэх гол шалтгаануудын нэг нь агаарт гаргах. Эмч нар агаарт гаргаж, эрүүл ахуйн дэглэм баримтална шүү гэхээр хэтрүүлээд байдаг. Хүүхдийг агаарт гаргаж байгаа бол 30 минутаас хэтэрч болохгүй. Эцэг эхчүүд “манай хүүхэд агаарт гарахаараа л унтчихдаг” гээд удаан байлгадаг. Энэ үед хүүхэд жиндээд эргээд ханиад хүрэх нэг шалтгаан үүсдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хамар судасжилт багатай, агаарыг бүлээцүүлэх орчингүй учраас ханиад хүрэх гол нөхцөл болдог гэсэн үг.
– Хүүхдийн халууныг шууд буулгах ёстой юу. Хүүхдээ халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн анхан шатны эмчилгээ үзүүлэх вэ?
– 38 болон 38.5 хэмээс дээш халуурсан бол үүнийг халууралт гэж үзнэ. Халууралт бол өвчний эсрэг үзүүлж буй дархлааны хариу урвал. Шууд халуун бууруулах шаардлагагүй. Энгийнээр хэлбэл бие махбод вирус нянгийн эсрэг “тэмцэлдэж” байна гэсэн үг.
Хүүхдийг халуурсан үед эцэг эхчүүд зузаан хувцас өмсгөөд, хөнжил нөмрүүлээд хөлөргөөд байдаг. Гэрийн нөхцөлд халуун бууруулах хамгийн энгийн арга нь хүүхдийн хувцсыг нимгэлэх. Түүнчлэн хүйтэн бүлээн усаар норгосон алчуураар нимгэн арьстай хэсгийг арчиж өгнө. Тухайлбал суга, цавийг арчиж механик аргаар бууруулна. Мөн шингэн сайн уулгана. Хэрэв эдгээр аргыг хэрэглээд халуун буурахгүй бол тохирсон тунгаар эм уулгана. Нярайд шулуун гэдсээр лаа хийнэ. Үүний дараа эмнэлэгт хандана. Мөн хүмүүсийн анхаарах нь нэг зүйл нь, хүүхдийн халууныг буусны дараа эмнэлэгт авчирна. Учир нь өндөр халуунтай хүүхэд татах эрсдэлтэй байдаг.
– Хүүхдийн ханиаданд антибиотик шууд хэрэглэх нь зөв үү?
– Хүүхдийн амьсгалын эрхтний тогтолцоо бүрэн хөгжөөгүй, том хүн шиг биш. Тиймээс дархлааг нь дэмжиж, шингэн хангалттай уулгах хэрэгтэй. Жишээлбэл, одоо яг дэгдэлттэй байгаа риновируст ханиадны үед нус гоожих шинж илэрдэг. Энэ вирус нь хүний биеийн температур 33-35 хэмд очиход өсөж үржээд, 37 хэмд очиход өөрөө устчихдаг. Тиймээс эхлээд гэрийн нөхцөлд ханиаднаас сэргийлэхийн тулд шингэн сайн уулгах хэрэгтэй. Ер нь дулаан яваад, хоолоо сайн идээд, амраад ирэхээр ихэнх вирусууд устана. Тиймээс заавал эм уух шаардлагагүй.
Хүмүүс ханиадыг хүндрэхээс нь өмнө антибиотик хэрэглэнэ гэдэг. Энэ маш буруу. Антибиотик нянгийн гаралтай ханиадыг эмчлэхэд үр дүнтэй. Гэтэл бид вирусийн ханиад хүрчхээд нянгийн эсрэг эм уугаад байж болохгүй. Учир нь антибиотик бидэнд хэрэгтэй нянг давхар устгаад дархлааг буруулна. Ингээд ирэхээр вирус үржих таатай орчин бүрдээд ханиад улам хүндэрнэ.
– Та сая нянгийн болон вирусийн гаралтай ханиад байдаг гэлээ. Үүнийг хэрхэн ялгах вэ?
– Нянгаар үүсгэгдэх ханиад нь ховор тохиолддог. Хүмүүсийн ханиадны 80-90 хувь нь вирусээр үүсгэгдсэн байдаг. Нянгаар үүсгэгдсэн ханиад нь вирусийн ханиадыг бодвол огцом өндөр халуурахгүй. Мөн идээрхэг ногоон нус гоожиж, хатгаагаар хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Харин вирусийн гаралтай ханиад нь хамар залгиур хэсэгт үрэвсэл үүсгэдэг. Энэ үед нус гоожих, хоолой ирвэгнэх, хуурай ханиалгах шинжүүд илэрнэ. Гэхдээ хүндрэл нь бага тохиолддог.
Мөн нэг зүйлийг тодруулж хэлье. 200 гаруй нэр төрлийн вирус бий. Вирус болгон өөрийн гэсэн онцлог шинжүүдээр илэрч болдог. Гэхдээ түгээмэл шинжүүд нь адил байж болно. Долоо хоног бүр вирусийн тандалтын багаас аль вирус нь давамгай байгаа талаар судалгаа гаргадаг. Жишээлбэл энэ долоо хоногт аденовирус, риновирус их байна. Энэ вирусууд нь ихэвчлэн суулгалт, бөөлжилт үүсгэдэг.
-Баярлалаа.