LOADING

Type to search

76: УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Share

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургуулийг дүүргэж, Монгол Улсын их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн тэрбээр Отгонтэнгэр Их сургуульд хууль зүйн ухааны магистрыг зэргээ хамгаалжээ. 2000-аад оноос ажлын гараагаа эхэлж, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн болов. Тус яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэл дэвшин 10 жил ажилласны эцэст УБЕГ-т шилжин ажилласан.

УБЕГ-ын улсын байцаагчаас жилийн хугацаанд  газрын дарга хүртэл дэвшин ажиллажээ. 2008 онд Цагдаагийн хурандаа цол авч, хамгийн залуу хурандаа нарын нэг болов. 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх болсон бөгөөд дараа жил нь Монгол Ардын Намын даргын зөвлөх болжээ. 2012 онд УБЕГ-ын даргаар ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшихээр ажлаа өгч байсан. Улмаар Хөвсгөл аймагт 17830 хүний санал авсанаар аман хүзүүдсэн бөгөөд сонгуульд ялагдал хүлээсний дараа Хөвсгөл нутгийг зорьж тэндээ суурьшин, “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүнээр ажилласнаар дараагийн сонгуульд нь ялалт байгуулж, ард иргэдээ төлөөлөн дөрвөн жил хууль батлалцах болсон юм. Ийнхүү хоёр дахь парламентын нүүр үзэж буй түүнийг 2007 онд С.Бая­­­рын сонгуулийн менежерээр ажиллах болсноор улс төрд хөл тавьсан гэх яриа бий.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 35,7 сая гэр бүлийн орлого 62,5 сая гэж мэдүүлжээ. Тэрбээр амины орон сууцгүй бөгөөд 840 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, зуслангийн байр, авто зогсоолтой.

170 саяын үнэлгээ бүхий туулах чадвар өндөр BMW-X-6, Lexus-570 маркын автомашинтай бол 138 сая төгрөгийн мал /адуу-28, хурдан удмын адуу-8/, 20 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 150 саяын үнэт эдлэлтэй аж.

Дотоодын хадгаламжиндаа 2,9 сая төгрөгтэй гэж мэдүүлсэн бол гадаадын хадгаламжиндаа мөнгөгүй гэж мэдүүлжээ. “Эрдэнэс Таван толгой” ХК, “Бодиткапитал” ХХК”-д хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ, ХЭВЛЭЛД ГАРСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

Л.Мөнхбаатар гишүүн 25 адуугаа 90 сая төгрөгөөр үнэлжээ

Тэрбээр хурдан моринд хорхойссон нэгэн. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт дурьдсанчлан хурдан удмын 8 адуутай. “Түмний эх” галын уяач түүний хул халзан даага Ардын хувьсгалын 96 жилийн Үндэсний их баяр наадмаар айргийн тавд хурдалсан билээ. Түүнийг 2019 онд 25 адуугаа 90 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээлэл бий.

“Аёон” пропортийз ХХК ба ЖДҮХС

ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан 49 гишүүдийн нэрсийн жагсаалтыг нийтэд ил болгосон.  Түүнийг “Аёон” пропортийз ХХК-иар дамжуулж ЖДҮХС-гаас зээл авсан гэх мэдээлэл бий.

Улсын төсвийн мөнгөөр тойрогтоо мотоцикл тараажээ

2020 оны улсын төсвийн мөнгөөр тухайн үеийн БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг, гишүүн Мөнхбаатар нар сонгогдсон тойрогтоо мотоцикл тараажээ гэх мэдээлэл гарч байв. Тухайлбал, 300 орчим сая төгрөгөөр Өмнөговь, Архангай, Хөвсгөл аймгийн сумдад мотоцикль тараахаар 2020 оны төсөвт суулгасан байна. Тодруулбал,

Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх сумын Багийн засаг дарга болон эмч нарт нийт 60 сая төгрөгөөр,

мөн тус аймгийн Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Цахир, Тариат, Хангай, Чулуут, Жаргалант сумын багийн засаг дарга нарт нийт 88 сая төгрөгөөр,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Ханх сум, Хатгал тосгоны багийн Засаг дарга нарт 40 сая төгрөгөр,

мөн тус сумдын багийн эмч нарт 40 сая төгрөгөөр,

Өмнөговь аймгийн багийн эмч нарт 30 сая төгрөгөөр тус, тус мотоцикль авч өгөхөөр төсөвт суулгажээ. Дээрх сумд нь Ё.Баатарбилэг болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарын сонгогдсон тойрог аж.

“Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хууль боловсруулна”

Тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн яриолцлагадаа “Манайд тэтгэврийн даатгалын шимтгэлийг төр бүхэлд нь хурааж аваад эргээд хуваарилдаг тогтолцоо нь ажиллаж байна. Ийнхүү хуваарилахдаа хэн хэдэн төгрөгийн шимтгэл нийтдээ төлсөн гэхээсээ илүү ерөнхийд нь, нийтэд нь хүртээх байдлаар бүхэлдээ хуваарилалт хийж байгаа. Ингэснээр хувь хүн өөрийн төлсөн хэмжээнээс шууд хамаарах бус тэгшитгэн хуваарилсан бага хэмжээтэй тэтгэвэр авахад хүрч, энэ нь төрд ч дарамттай, иргэддээ ч ээлгүй байна.

Иймд хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хууль боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Хуулийн хувьд маш сайн зохицуулсан хувийн тэтгэврийн сангууд бий болсноор зардлаа өөрийн өгөөжөөрөө санхүүжүүлээд явчих бөгөөд энэ нь зөвхөн шимтгэл төлөгчид ч төдийгүй эдийн засгийн бусад салбарт ч эерэг үр нөлөөтэй бөгөөд их хэмжээний, урт хугацааны хуримтлал үүсгэдэг тогтолцоо юм. Гэхдээ энэ тогтолцоонд шилжиж түүний үр ашгийг хүртэж тогтолцоо бүрэн дүүрэн ажиллах хүртэл хугацаа орно. Түүнчлэн өнөөгийн үүссэн нийгмийн даатгалын өр төлбөрийг төлөх буюу хийсвэр үлдэгдлийг бодит үлдэгдэл болгох суурь санхүүжилт шаардагдана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид баялгийн сан байгуулах, уул уурхайгаас олсон ашгийг иргэдэд тэгш хүртээмжтэй хүртээх зохицуулалт тусгасан. Магадгүй энэ хүрээнд нэг удаадаа уул уурхайгаас олох ашгаас уг санхүүжилтийг авч болох юм” хэмээжээ.

Ковид тусаад эдгэрсэн хүмүүсийн сэтгэл зүйг дэмжих чиглэлд ЭМЯ хэрхэн ажиллах вэ?

Зургадугаар сард болсон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр тэрбээр дараах асуудлыг хөнджээ.

Тэрбээр, “Цар тахлын гамшгийн үеийн менежементийг эргэн харах шаардлагатай болжээ. Үүнийг улс төрийн албан тушаалтнууд хийдэг тогтолцоог халах шаардлагатай байна. Гамшиг эрсдлийн тархавар судлалын мэргэжлийн хүмүүс хийдэг тогтолцоо руу орох нь зүйтэй. Гамшгаас хамгаалах хууль гэж бий. Энэ хуулиар л байдлыг зохицуулах ёстой. Цар тахлаас үүдэн нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй байсан учраас л энэ ковидын гэх хуулийг баталсан. Уг хууль өнөө цагт шаардлага хангахгүй боллоо.  Зарим хүмүүст эдгэрсэн ч өвчний шинж тэмдэг арилахгүй байна гэж байгаа. Энэ чиглэлд судпагаа байна уу?” хэмээв.

error: Content is protected !!