“Эдгэсэн эсэхээ мэдэх гэж PCR, эсрэг биеийн титр тодорхойлох шинжилгээ өгөх шаардлагагүй”

0
6268

“Коронавируст халдварын үед гэрээр хийх эмчилгээ” сэдвээр ТТАХНЭ-ийн Дотрын ахлах зэргийн эмч, АУ-ны магистр, ахмад Т.Ариунтунгалаг мэдээлэл өглөө.

-Коронавируст халдварын батлагдсан тохиолдол болчихвол ямар үед нь гэрээр эмчилгээ хийлгэж байгаа вэ?

– Коронавируст халдварын батлагдсан тохиолдол болчихсон хэрнээ тухайн хүний биеийн байдал хөнгөн байвал гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийхийг зөвлөж байгаа. Хөнгөн гэж үзсэн тохиолдолд тухайн иргэн маань өрх, баг, сумын эмчийн хяналтад 7-10 хоног эмчилгээ хийлгэнэ.

– Ямар тохиолдлыг хөнгөн гэж үзэх вэ?

– 38 хэмээс доош халуурсан, томуу томуу төсч өвчний шинж илэрч байгаа тохиолдолд хөнгөн гэж үзнэ. Мөн толгой, үе мөч, булчингаар өвдөх, амьсгаадах шинж тэмдэг илрэхгүй байх ёстой. Тухайн хүнд хамар уруулын гурвалжин болон гарын үзүүр хөхрөх шинж илрэхгүй байвал хөнгөн байна гэж үзээд гэрээр эмчилнэ.

–  Коронавируст халдварын хөнгөн зэрэгтэй хүмүүст гэрээр ямар эмчилгээ хийхийг зөвлөж байгаа вэ?

– Өрх, сум, багийн эмчийн хяналтад шинж тэмдгийн эмчилгээг хийж байна. Жишээлбэл, халуунтай бол халуун бууруулах эмчилгээ, булчин, үе мөч өвдөж байгаа бол өвчин намдаах эмчилгээ хийнэ гэсэн үг. Мөн вирусийн эсрэг гарааны эмчилгээг хийж байна.

Хамгийн гол нь сайн унтаж амрах, сэтгэл санаагаа тайван байлгаж, агаар сэлгэж чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийхийг анхаарах шаардлагатай.

– Иргэд биеэ хэрхэн хянах ёстой вэ. Ямар шинж тэмдгүүд түлхүү илрэх вэ?

–  Халуурах, бие сулрах, толгой өвдөх булчин үе мөчөөр өвдөх шинжүүд түгээмэл байна. Хоол боловсруулах эрхтний талаас талаас гэдэс гүйлгэх шинж илэрч байгаа.

Хамгийн гол амьсгаадах, цээжээр хөндүүрлэх, 38 хэмээс дээш халуурах, хамар уруулын гурвалжин хурууны үзүүр хөхөрсөн тохиолдолд хугацаа алдалгүй эмнэлэгт хандана.

– Хөнгөн туссан хүмүүсийг ямар тохиолдолд бүрэн эдгэрсэн гэж үзэх вэ?

– Бид эрүүл мэндийн сайдын түр зөвлөмжийг баримтлан ажиллаж байгаа. Хөнгөн өвдсөн хүмүүс эмчийн  хяналтан  дор 10 хоног эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн хүний клиник шинж тэмдэг арилсан тохиолдолд эдгэрсэн гэж үзнэ.

– Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүс эмийн эмчилгээнээс гадна юуг анхаарах вэ?

– Дэглэмүүд баримтална. Манай иргэд нилээн стресстэж байна Аль болох тайван байж, шим тэжээллэг хоол иднэ. Мөн өөрт мэдэгдэх шинж тэмдгүүд нь даамжирч байгаа тохиолдолд  эмнэлэгт хандах шаардлагатай.

– Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?

– Хамгийн түрүүнд хүн хоорондын зайгаа барина. Бусад халдвар хамгааллын дэглэмээ баримтална. Хэдийгээр иргэн та вакцинд хамрагдсан байж болох ч дамжуулагч бол болзошгүй учир халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой.

Хүмүүсийн дунд бас нэг буруу ойлголт байна. Эдгэсэн эсэхээ мэдэх гэж заавал PCR шинжилгээ эсвэл эсрэг биеийн титр тодорхойлох шинжилгээ өгнө гэж эмнэлгээр үйлчлүүлж байна. Тэгэх шаардлагагүй. Шаардлагатай бол эмчлэгч эмч нь зөвлөнө шүү дээ. Түүнээс хүн болгон өгөх хэрэггүй гэж зөвлөж байна.

-Баярлалаа.