No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилБ.Алтанзаяа: Өсвөр насны хүүхдийн сэтгэл нь тогтворгүй, хэцүү үе нь 14-16...

Б.Алтанзаяа: Өсвөр насны хүүхдийн сэтгэл нь тогтворгүй, хэцүү үе нь 14-16 нас байдаг

-

“Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэл зүйч Б.Алтанзаяатай өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн талаар ярилцлаа.

-Өсвөр насны хүүхдийн насны онцлогийн талаар яриагаа эхэлье?

– Өсвөр насыг анхан, дунд, сүүлийн үе шат гэж гурван түвшинд хуваадаг. 

Анхан шат гэдэгт 10-13 насны хүүхдүүд багтана. Энэ үед хүүхдийн бие махбодь хөгжиж, түүндээ дасан зохицоод явж байдаг. Энэ насны хүүхдэд тийм ч их анхаарал халамж шаардагдахгүй хэдий ч ааш зангийн хувьд өөрчлөлт гарч байдаг.  Зарим анзаарга сайтай, хүүхэдтэйгээ ойр байдаг аав, ээжүүд  хүүхдийнхээ сөрөг сэтгэл хөдлөлүүдийг маш сайн анзаарсан байдаг.

Өсвөр насны хүүхдийн сэтгэл нь тогтворгүй, хэцүү үе нь 14-16 нас буюу дунд үе байдаг. Хүүхдүүд энэ үедээ би хэн бэ, хэн болох хэрэгтэй вэ, нийгэмд эзлэх байр суурь минь юу вэ гэх бодолд автаж, хэн нэгэнд таалагдах хүсэл нь төрж байдаг. Манайхаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь дунд үеийнхэн. Хэрэв энэ үед ээж, аав нь салбал хүүхэд эрчимтэй сэтгэл гутралд ордог. Хүүхдэд стресс, сэтгэл гутрал давхар явагдаад л байвал лавшраад амиа хорлох тухай бодож эхэлдэг. Стресс, сэтгэл гутрал хоёр нь ялгаатай ойлголт л доо.

Харин сүүл үе буюу 16-18 насныхан аль хэдийн өөрийгөө тодорхойлчихсон байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүний харилцааны тухай ойлголтыг авчихсан, харьцангуй тогтворжсон үе юм. Ихэнх 16-18 насныхан эцэг эхээсээ эд материалын хувьд хамааралтай байдгаас биш сэтгэл зүйн хувьд биеэ даасан байдаг. Тэгэхээр ээж ааваас сэтгэл зүйн үед хамааралтай байдаг нь эхний хоёр үе юм. Тэр үед л ээж, аавууд дэмжиж туслаад өгчихвөл хүүхэд цаашид хэвийн хөгжинө.

– Стресс, сэтгэл гутрал хоёр нь ялгаатай гэдгийг та хэлсэн. Үүнийг тодруулаад тайлбарлана уу. Энэ хоёрын илрэх шинж тэмдэг нь өөр байдаг уу. Хүүхэд стресст орсон бол ямар шинжүүд илрэх вэ?

– Хүмүүс стресс нь даамжирсаар байгаад сэтгэл гутралд орчихлоо гэдэг. Гэтэл яг үнэндээ энэ нь ондоо зүйл юм. Бие махбодь гаднын сөрөг зүйлд хариу урвал үзүүлж байгааг л стресс гээд байгаа юм шүү дэ. Тэр байтугай ураг ч стрессдэг. Стрессийг дотор нь урт, богино, түр хугацааны гэж 3 ангилж болно. Жишээ нь хичээлээсээ хоцрох, томчуудад бол ажлаас халагдах зэрэг нь түр хугацааны стрессийг үүсгэнэ. Гэтэл богино хугацааны стресс гэдэг нь анги хамт олон дундаа санал нийлдэггүй хүүхдээсээ болж таагүй байдалд орохыг хэлнэ. Энгийнээр. Харин ихэнх өсвөр болон бага насны хүүхдүүд урт хугацааны стресст өртөж байдаг. Энэ нь байнга нэг зүйлээсээ таагүй мэдрэмж авах үед үүснэ. Урт хугацааны стресст орсон хүүхэд хүнтэй юм ярихгүй, үг дугаархгүй, буланд суух, орилж хашхирах, орондоо шээх, хөмсөг зангидах, хуруу хумс уруулаа мэрэх зэрэг үйлдлийг хийдэг.

Харин сэтгэл гутрал нь нэг ёсондоо эмгэг юм. Сэтгэл гутралтай байгаа хүүхэд би хэнд ч хэрэггүй, ямар ч үйлдэл хийсэн хэнд ч таалагдахгүй, энэ орчлонд байгаад ч яахав гэх бодлуудаар өдөр тутамдаа “тэжээгдэж” байдаг. Та хүүхдээ урамшуулаад, магтаад л байхад хүүхэд улам дотогшоогоо байгаад байвал сэтгэл гутралтай болсон байх магадлал өндөр гэсэн үг.

– Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн юунаас болж сэтгэл гутралд ордог вэ?

– Нэгдүгээрт, Ээж ураг байхаас нь эхлээд энэ хүүхдийг хэн болгоноо, яаж хүмүүжүүлнээ эсвэл бүр “авахуулах” талаар бодож байсан бол эдгээр нь сэтгэл гутралд орох суурь болдог. Өөрөөр хэлбэл ураг байхдаа  авсан сөрөг мэдрэмжүүд нь сэтгэл гутралын суурийг тавьсан байдаг.

Хоёрдугаарт,  үл хайхрал. Аав, ээжүүд хэт их халамж үзүүлж байснаа гэнэт болих үед сэтгэл гутрал үүсдэг. Эсвэл амьдралын шаардлагаар эмээ, өвөө өөр хэн нэгэнд үлдээгээд явах үед хүүхэд сэтгэл гутралд ордог.

Гуравдугаарт, дарамт. Хичээлээ сайн хий гэж шахах, хэт өндөр шаардлага тавих зэрэг нь сэтгэл гутралд оруулж байдаг. Учир нь хүүхэд хэт ачааллаасаа болоод аз жаргалыг мэдэрч чадахгүй байна гэсэн үг.

– Эцэг эхчүүд энэ насны хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй гэдгийг мэддэг хэрнээ арга барилаа мэддэггүй. Юунаас эхлэх вэ?

– Эцэг эхчүүд хүүхдээ зургаан нас хүртэл нь маш их хайрладаг. Хайраар “бөмбөгддөг”. Зарим тэгдэггүй хүн бий л дээ. Гэхдээ ихэнх тохиолдолд. Гэтэл бид хүүхдээ 7-10 насанд нь орхисон байдаг. Ингээд явж байснаа 11-13 насанд нь гэнэт “хүүе миний хүүхэд өөрөө ч хоолоо хийгээд идэж чадахаа байж” гэдэг. Гэтэл томчууд хүүхдээ бага байхад нь хэт халамж үзүүлчихээд дээр хэлсэн насанд хайхралгүй орхисноос болж асуудал үүсдэг байх нь.

Тэгэхээр хүүхдээ ажиглаагүй юм чинь яаж ярилцахаа мэдэхгүй шүү дээ. Тиймээс хүүхдээ эхлээд сайн анзаарах хэрэгтэй. Миний хүүхэд өглөө босоод уурладаг уу, хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэх мэтчилэн. Та хэсэг хугацаанд л чимээгүй хараад үз. Хүүхэд өөрөө л хариултаа өгнө.

Мөн ээж аавууд хүүхдээсээ асуулт асууж байх хэрэгтэй. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд өдөрт 15-20 минут тэдэнтэй ярилцах хэрэгтэй байдаг. Ингэхдээ  “Өнөөдөр хэр өдөр байв, хичээл нь ямар байсан, Сүүлийн үед ямар дуу сонсож байна, ямар хүнээс үлгэр дуурайлал авч байна гэх мэт асуултыг асууж хүүхдийнхээ ертөнц рүү орох хэрэгтэй. Гэр бүлд эзлэх байр суурь чинь өндөр шүү гэдгийг л батлах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ ээж аав нар хүүхдийнхээ итгээд ярьсан зүйлийг өөр хэнд ч бай ярьж болохгүй гэдгийг анхаараарай. Хүүхдийнхээ итгэлийг алдаж болохгүй.

-Өсвөр насны хүүхэдтэй ээж, аавууд харилцаандаа юуг анхаарах ёстой вэ. Аавуудын оролцоо хэр чухал вэ?

– Түрүүн хэлсэн өсвөр насны эхэн, дунд үед аавын оролцоо хамгийн хэрэгтэй байдаг. Энэ үед хүүхдүүд ааваасаа үлгэрлэж, суралцдаг. Тухайлбал, өсвөр насны хүүхдийн анхаарлаа хандуулдаг сэдвийн нэг нь хайр, дурлал байдаг. Энэ үед аав харилцааны талаар нээлттэй ярьж өгөх хэрэгтэй. Ямар ч насны хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлж байдаг хүн нь аав юм. Ээж бол бүхий л  хэрэгцээг хангадаг шүү дээ. Хооллох, хувцаслах, ажилд сурах гэх мэт. Аавын дэмжлэг сайтай байдаг охид хөвгүүдтэй илүү нөхөрлөдөг. Гэтэл аавын оролцоо бага охид эрэгтэй хүнээс зайгаа барих аястай нь анзаарагддаг.

-Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд