LOADING

Type to search

76: УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа

Share

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Жаргалмааг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

Телевизийн салбарт тасралтгүй 30-аад жил хөдөлмөрлөсөн Б.Жаргалмааг “Ийгл ньюс”-ын гэдгээр нь олон түмэн андахгүй. Жүжигчин болох мөрөөдөл тээж явсан тэрбээр Хүүхэд, залуучуудын театрын дэргэдэх дугуйланд суралцаж, “Алгебрын дэвтэр”, “Мөнгөн хонх”, “Миний чин зоригт бяцхан найз” зэрэг жүжиг, “Агшин” кинонд дүрээ бүтээжээ. Жүжигчин болж чадаагүй ч тэрбээр дэлгэцийн урлагтай ажил, амьдралаа холбоод 30-аад жил болж, туслах болон ассисент найруулагч, нэвтрүүлэгчээс мэргэжлийн анкор хүртэл хөдөлмөрлөжээ. 

Анх ажлын 1992 оноос ажлын гараагаа эхэлж, Монголын үндэсний телевизэд туслах найруулагчаар орсон тэрбээр, хүүхэд, залуусын “Харц” нэвтрүүлгийг хөтөлж эхэлснээр олны танил болсон. “Ийгл” телевизээр овоглож, мэдээний сурвалжлагч болсон гараа нь 1996 оноос эхлэлтэй. Нэгэн үе мэргэжлийн бус сэтгүүлч гэх асуудалтай нүүр тулгарч байсан бөгөөд зургаан жил UBS телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад “Ийгл”-дээ эргэн ажиллажээ. Энэ хугацаанд “Бэрс” кино урлагийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн байна.  2013 оноос “Бадарчийн Жаргалмаа” хэмээх өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болсон. 2018 онд тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байв.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Ер нь бол хоолоо хийгээд хүүхдүүдтэйгээ инээлдэх дуртай. Миний хувьд их ажлын ард гараад гэртээ хариад ямар хоол хийх үү л гэдэг нь тайвшрал болдог. Хүмүүс ямар гоё юм бэ гээд дуу алдвал урам аваад л, дараачийн хоолоо хийж эхэлдэг. Сүүлийн үед бас гүйх, фитнесс хийх сонирхолтой болоод байна. Хэтэрхий их ачаалал авахаар хүний толгой дийлэхгүй шүү дээ, тиймээс хөдөлгөөн хийж алжаалаа тайлах зүгээр санагддаг” хэмээжээ.

Түүнд 2008 онд АН-аас, 2012 онд МАН-аас сонгуульд нэр дэвших санал ирж байсан ч тэрээр “Би өөрийнхөө дуртай ажлыг хийнэ” хэмээн татгалзаж байв.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 33,8 сая гэр бүлийн орлого 11,4 сая гэж мэдүүлжээ. Тэрбээр амины орон сууцгүй бөгөөд 272,4 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, зуслангийн байртай.

129 саяын үнэлгээ бүхий Toyota, Land Cruiser 200, Toyota, Harrier маркын автомашинтай бол 116 сая төгрөгийн мал /адуу-50, хонь-280, сайн үүлдрийн үхэр-30, хурдан удмын адуу-2/, 80 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 235,2 саяын үнэт эдлэлтэй аж.

Дотоодын хадгаламжиндаа 4,4 сая төгрөгтэй гэж мэдүүлсэн бол гадаадын хадгаламжиндаа мөнгөгүй гэж мэдүүлжээ. “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК-д хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ, ХЭВЛЭЛД ГАРСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

“Архины гоё ганган савлагааг болиулна” 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг намрын чуулганд өргөн барихаар холбогдох байгууллагуудаас санал авсан юм. Хуулийн төсөл санаачлагчид судалгаагаар Монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтайг хүлээн зөвшөөрч байгаа нь илэрхий, уг асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах шаардлага зүй ёсоор харагдаж байгаа бөгөөд архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас үүсэх эрсдэлийг бууруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж үзжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Архийг бага хэмжээгээр савлаж, гоё ганган савлагааг болиулна” хэмээсэн билээ.

Олон Улсын залуу парламентчдын форумд Монголын парламентыг төлөөлөв

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос зохион байгуулсан Залуу парламентчдын форумын ээлжит цахим хуралдаан өнгөрөгч тавдугаар сард болж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Монголын парламентыг төлөөлсөн билээ. Хуралдаан 142 дугаар Ассамблейн ажилд залуучуудын хандлагыг нэмэгдүүлэх, хувь нэмэр оруулах үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан ба залуучуудын эдийн засгийн чадавхжилт, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн оролцоонд үзүүлж буй КОВИД-19 цар тахлын үр нөлөөг хэлэлцсэн юм.

“Сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүй”

“Бусдыг гүтгэх” хэмээх үйлдлийг Зөрчлийн хуулийн дагуу шалгаж, шийтгэдэг байсан бол 2020 оны хавраас хойш “худал мэдээлэл тараах” болгон өөрчилж, Эрүүгийн хуулиар шийтгэдэг болоод буй. Хэдийгээр уг өөрчлөлтийг оруулсан хууль санаачлагчид “гүтгэх” үйлдэлд хорих ял оноохгүй,  зөвхөн торгож, зорчих эрхийг хязгаарлана гэсэн ч энэхүү өөрчлөлт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй зөрчилдсөөр байгаа юм. Уг заалттай холбоотой өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар боловсруулж, хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,Б.Энхбаяр нарын хамт өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйлд заасан илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн судалгаагаар 2020 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар цагдаагийн байгууллагад нийт 107 эрүүгийн хэрэг бүртгэгдсэн. Улс төрд нөлөө бүхий этгээдийн гомдлоор хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдуулан шалгагдсан хэргийн тоо 36 байна. Эдгээр тоо бол энэ хууль нэн шаардлагатай болохыг харуулж буй тоон дүн юм.Иргэдийн мэдэх, мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлж, тухайн нийгмийн харилцаанд зөрчил доголдолтой асуудлыг илчлэн нээлттэй болгож байгаа хүмүүсийн нэг бол сэтгүүлчид юм. Эдгээр хүний эрхийн хамгаалагчдаа бид ажиллах боломжоор нь хангаж өгөхийн тулд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм” гэсэн юм.

“Коронавирусын халдвараар амь насаа алдаж байгаа хүнийг нутаглуулахдаа яаж анхаарч байна вэ?”

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд асауулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Миний хувьд Дархлаажуулалтын тухай хуульд хяналт тавих ажлын хэсэгт ажиллаж байгаа. Газар дээр нь очиж ажиллахад иргэдээс ногоон бүсээ вакцинжуулах талаар хүсэлт ирж байгаа. Үүнийг би тухайн үед нь уламжилж байсан. Мөн Коронавирус тусаад амь насаа алдаж байгаа хүнийг нутаглуулахдаа яаж анхаарч байна вэ? Яагаад гэхээр цогцсоос маш  их хорт хий ялгардаг. Сүүлийн үед Ковидоор амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Үүн дээр хяналтаа тавихгүй бол нөхцөл хүнд байна. Вакцин оруулж ирж байгаа бүх хүмүүст талархаж байна. Бас вакцинжуулалтад орсон ч гэсэн бид халдвар, хамгаалалтын дэглэмээ сайн барих хэрэгтэй” хэмээжээ.

error: Content is protected !!