НҮҮР Хэн юу хэлэв “Ажилтан ажилдаа ирэх, харих замдаа эрүүл мэндээрээ хохирсон бол үйлдвэрийн осолтой адилтгаж...

“Ажилтан ажилдаа ирэх, харих замдаа эрүүл мэндээрээ хохирсон бол үйлдвэрийн осолтой адилтгаж үзнэ”

0
1124

НДЕГ-ын БХСГ-ын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Лхагвадоржийн “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал”-ын талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хүнд үйлдвэр, барилга, уул уурхай гэх мэт мэргэжлийн салбаруудын ажилчид хамрагддаг гэж зарим хүмүүс төсөөлдөг. ҮОМШӨ-ийн даатгалын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

– Энэхүү төрлийн даатгалд албан журмын болон сайн дурын даатгуулагчид аль аль нь хамрагдах боломжтой. Тухайн даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа ямарваа нэгэн сөрөг хүчин зүйл, нөлөөлөлд өртөж, биеийн эрүүл мэнд, амь насаараа хохирохыг үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. Мөн тухайн хүн ажлын байран дээрээ хурц хордлогод өртсөн, цацраг идэвхт бодист хордсон тохиолдлыг үйлдвэрийн осолтой адилтгаж үздэг.

Үүнээс гадна тухайн ажилтан өглөө ажилдаа ирэх, ажлаа тараад гэртээ харих замдаа сөрөг хүчин зүйлийн нөлөөлөлд өртөж, биеийн эрүүл мэндээрээ хохирсон бол мөн үйлдвэрийн осолтой адилтгаж үзнэ.

– Ажил олгогчид ҮОМШӨ-ийн шимтгэлийг төлдөг. Ингэхдээ ялгаатай хувь, хэмжээгээр төлдөг шүү дээ. Ямар зүйл дээр үндэслэж ҮОМШӨ-ийн шимтгэлийн хувь, хэмжээг нь тогтоодог вэ?

– ААН, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, ажлын онцлогоос шалтгаалаад ҮОМШӨ-ний даатгалын хувь хэмжээг Монгол Улсын Засгийн газраас 3 ялгаатай хэмжээгээр тогтоож өгсөн байдаг. Үүнд хамгийн өндөр хувь хэмжээгээр төлдөг салбар нь нисэх, авто зам, төмөр зам, химийн үйлдвэрүүд, далд уул уурхай зэрэг юм. Учир нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчид үйлдвэрийн осолд өртөх магадлал хамгийн өндөр байдаг. Мөн эдгээр салбарт он удаан жил ажилласан даатгуулагчид мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвдөх магадлал хамгийн өндөртэй. Тиймээс эдгээр байгууллагуудын сард төлбөл зохих хувь хэмжээ нь цалин хөлсний сангаас 2.8 хувь байдаг. Үүнээс гадна хэвийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд ажил олгогч цалин хөлснийхөө сангаас 0.8 хувиар бодож төлдөг. Мөн хэвийн байгууллагуудыг бодвол үйлдвэрлэлийн осол гарах магадлал арай өндөр байгууллагууд сард 1.8 хувиар ҮОМШӨ-ийн даатгалын шимтгэлийг төлдөг байгаа.

– ҮОМШӨ-ний даатгалын сангаас даатгуулагчдад ямар тусламж үйлчилгээг үзүүлдэг вэ?

– Энэхүү даатгалын сангаас

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж
  • Оршуулгын тэтгэмж
  • Мөн үйлдвэрлэлийн осолд өртөөд биеийн эрүүл мэндээрээ хохирсон  даатгуулагчийн хиймэл эрхтэн, протез, ортопедийн үнийг нь төлдөг.
  • ҮОМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвараа түр болон удаан хугацаагаар алдсан даатгуулагчид рашаан сувилалд эмчлүүлсэн тохиолдолд зардлаас нь нэг өдрийн 30,000 төгрөгөөр тооцож зардлыг нь төлдөг. Мөн ирэх, очих унааных нь зардлыг нь ҮОМШӨ-ний даатгалын сангаас төлж өгнө.

Түүнчлэн үйлдвэрлэлийн осолд өртөөд тахир дутуу болсон, хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан хүмүүсийн тэтгэвэр авах хугацааных нь тэтгэврийн даатгалыг уг сангаас төлдөг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн ослын улмаас тахир дутуугийн тэтгэмж авч байгаа даатгуулагчдын тэтгэвэртэй байх хугацааных нь шимтгэлийг төлдөг гэсэн үг.

– Дээр дурдсан үйлчилгээг авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ. Мөн үйлдвэрлэлийн осолд өртсөн гэдгийг хэрхэн нотолдог вэ?

-Үйлдвэрлэлийн осол болсон тохиолдолд үйлдвэрлэлийн ослын акт үйлддэг. Байгууллага бүрд орон тооны бус байнгын комисс гэж заавал байх ёстой. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийн дагуу тус комисс холбогдох баримт бичгийг бүрдүүлээд, тодорхой ажлуудыг хийнэ. Үйлдвэрлэлийн акт үйлдээд харьяа орон нутгийнхаа мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид өгч хянуулна. Тухайн актыг үйлдвэрлэлийн осол гарснаас хойших нэг сарын дотор байгууллага өгөх шаардлагатай.

Мөн даатгуулагч ҮОМШӨ-ний даатгалд хамрагдсан л бол шимтгэл төлсөн хугацааны болзол тавьдаггүй. Жишээ нь ажилтан шинээр ажилд томилогдоод 10 хоногийн дараа үйлдвэрлэлийн осолд өртлөө гэж бодвол хөдөлмөрийн гэрээнд тусгасан цалин хөлснөөс нь бодож тэтгэмж олгодог. ҮОМШӨ-ний даатгалын сангаас олгож байгаа хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг өвчилсөн хоногийн тоогоор цалинг нь 100 хувь өгдөг.

Мөн тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэр хүний цалин хөлсний дунджаас нь тооцож өгдөг. Жишээ нь:

– Үргэлжлүүлэн мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар ярилцъя. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

– Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл гэдэг нь тухайн ажилчин ажлаасаа шалтгаалаад бие, эрүүл мэндээрээ ямар нэг сөрөг нөлөөлөлд өртсөнийг хэлж байгаа юм. Жишээ нь багш хүн олон жилийн турш шохойгоор юм бичсээр байгаад уушгины шохойжилт өвчтэй болдог. Энэ бол мэргэжлээс шалтгаалсан өвчин юм. Өөрөөр хэлбэл тухайн хүн ажлаа хийж байгаад л эрүүл мэндээрээ хохирчхоод байна шүү дээ. Монгол Улсад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв” гэсэн эмнэлэг байдаг. Энэ эмнэлгээс хөдөлмөрийн чадвар алдалтыг нь тогтоож өгдөг. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан хүмүүсийн эмнэлгийн хуудсыг олгодог.

error: Content is protected !!