LOADING

Type to search

76: УИХ-ын гишүүн Д.Ганбат

Share

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Ганбатыг онцолж байна.

Товч намтар

УИХ-ын гишүүн Д.Ганбат 1977 онд Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургуулийг, 1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгссөн. Мөн ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуульд механик инженерийн мэргэжил эзэмшжээ. Харин  2004 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна.

Тэрээр 1982 онд салаан захирагчаар ажлын гараагаа эхлүүлжээ. Харин 1989 онд армийн салбарын техникийн орлогч инженерээр тушаал дэвшин ажиллаж байгаад 1992 оноос бизнесийн салбарт орсон байна. Д.Ганбат Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанийн дэд захирлаар ажиллах болжээ. Харин үүний дараа тэрээр  Түүх, соёлын дурсгал сэргээх газрын даргын албыг хашжээ.

Тэрээр 1999-2004 онд Техник импорт ХК-ийн ТУЗ-ийн дарга, 2004-2012 онд Техник импорт ХХК-ийн ерөнхий захирлаар ажилласан байна. Д.Ганбат анх 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон билээ.

Харин 2016-2020 онд Техник импорт ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад 2020 оны сонгуульд дахин нэр дэвшиж УИХ-ын гишүүн болжээ.

Хөрөнгө, орлого

Тэрээр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнасан байна. УИХ-ын хурлын гишүүн Д.Ганбатын жилийн орлого 273 сая 977 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого 268 сая 464 мянга. Түүнчлэн 2 тэрбум 254 сая 200 мянган төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг оффисттой.

Харин тэрээр тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, үнэт эдлэлгүй хэмээн ХОМ-тээ дурджээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 145 сая 748 мянган төгрөг аж. Мөн 207 сая төгрөгний зээлтэй. Тэрээр “Техник Импорт” ХК, “Зоос трейд” ХК, “Хүнс төв” ХК, “Капмон ББСБ” ХХК, “Уран Барилга” зэрэг компаниудаас 1.23-51.4 ногдол хувь эзэмшдэг байна.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний мэдээллүүдийг товчлон хүргэе.

“Бидон” Ганбаа

Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон тэрээр тойргийнхоо иргэдэд бидон тарааж, “Бидон” Д.Ганбат хочтой болсон. Тэрээр энэ талаараа тайлбарлахдаа “Би юу гэж бидон дээр юу гэж зургаа тавих вэ дээ. Хүмүүсийг ойлгодог юм болов уу гэж бодсон ойлгодоггүй юм байна. Би бидон дээр зураг тавих хүн мөн үү. Хоёрдугаарт тийм бидоныг ашиглах уу. Ийм зүйлийг хүмүүс ойлгочих байх гэж боддог юм, үгүй юм байна. Фотошоп, эвлүүлэг л байсан юм шиг байгаа юм.

Нөгөө талаар тэр нийгмийн даатгалын мөнгөөр худалдан авч олгоогүй. Би 2014-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа, 2016-2020 он хүртэл гишүүн биш байхдаа Баянхонгор аймгийнхаа 8000 ээжид дөчийн бидон тараасан. Хуванцар сав хэрэглэж, хавдар тусаж байна гэсэн судалгаа байдаг учраас багасгах үүднээс анх санаачилсан. Тухайн үед өрхийн орлогыг дэмжихээр улсын төсвөөс нэг тэрбум төгрөг тусгасан байсан. Үүнээс 300 сая нь Завхан, 300 сая нь Чингэлтэй дүүрэг, 300 сая нь Баянхонгор аймагт хэрэгжсэн. Үүнээс гадна би өөрөөсөө нэг тэрбум төгрөг гаргаж 8000 бидон тараасан. Гишүүн байхдаа, гишүүн биш байхдаа ч тараасан. Тайлбарлах боломж олгосонд баярлалаа” гэсэн байдаг.

Д.Ганбат: Еврей хүний хийлгэж байгаа вакциныг хийлгэмээр байна

УИХ-ын гишүүн Д.Ганбат коронавирусийн вакцины хямдыг авахаар хэлэлцэж байгааг шүүмжилж, чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрээр энэ үеэр “Вакцинд хандаж байгаа хандлагатай санал нийлэхгүй байна. Яагаад бид хүн ам цөөнтэй юм байж, Израиль шиг, Сингапур шиг байж болохгүй гэж. Еврей хүн ямар вакцин хийлгэж байна тэрийг хийлгэмээр байна. Яагаад Монгол хүн хамгийн хямд, хамгийн муу вакциныг хийлгэх ёстой юм” гэсэн нь олны анхаарлыг татаж байсан билээ.

Д. Ганбат: АН-ын засагладаг гурван аймагт халдвар тархсангүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрүүл мэнд хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Коронавирус орж ирээд бараг хоёр жил болчихлоо. Засгийн газар 10 их наядын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм байна. Гэвч гаргаж байгаа мөнгө хийж байгаа ажлыг нь харьцуулаад харахад их муу байна. Өнөөдөр Монгол Улсын бараг ихэнх аймагт халдвар тарчихлаа. Ардчилсан нам засагладаг гурав аймагт л халдвар тархсангүй, тэд нар хариуцлагатай сайн ажиллаж байна. Өчигдөр Засгийн газраас 14 хоногийн хөл хорио тогтоож, хүн бүрд 300 мянган төгрөг өгөхөөр болж. Энэ зөв алхам. Үүнийг эрт хэрэгжүүлэх байсан юм” гэсэн байдаг.  

error: Content is protected !!