LOADING

Type to search

76: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Share

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

Хоёр дахь парламентын нүүр үзэж буй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрөгч оны сонгуулиар санал авсан сонгогчдын тоогоор нэлээд дээгүүрт бичигдэж байв. Тодруулбал, 67.5 хувийн санал авсанаар дөрөвдүгээрт бичигдсэн байна.

Тэрбээр 1964 онд Дорноговь аймагт төржээ. 90-ээд оноос хойш тасралтгүй бизнес эрхэлсэн тэрбээр анх махны наймаа эрхэлж, тэр нь амжилт олсоноор 1993 онд “Дорнын говь” компаниа үүсгэн байгуулжээ.

Үүнээс өмнө Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргын алба хашиж байсан тэрбээр ажлын гараагаа Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаас эхэлж. Тэрбээр НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуульд суралцаж, хуульч мэргэжил эзэмшсэн нэгэн.

Бизнесийн салбарт чамгүй амжилт олж, хүнсний үйлдвэрлэлээс уур уурхайн салбарт хөл тавьсанаар 2004 онд “Болдтөмөр Ерөө гол” компаниа байгуулжээ. Өдгөө “Болд төмөр Ерөө гол”-ын зам нь 98 км, өртөөний зам нь 20 гаруй км төмөр замыг эзэмшдэг. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгож байжээ. “Болд төмөр Ерөө гол” компани ОХУ-аас 1000, урд хөршөөс өргөн царигийн 2000 вагоныг нэмж авсанаар УБТЗ нийгэмлэгээс ямар ч хамааралгүй болсон аж. Тэрбээр төмөр зам бариад зогсохгүй Засгийн газраас 100 сая ам.долларын авлагатай тухайгаа дурдаад өнгөрсөн байдаг.

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдож байсан тэрбээр удалгүй нутгаасаа Их Хурлын суудалд томилогдсон юм.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 5,5 тэрбум, гэр бүлийн орлого 96,2 сая гэж мэдүүлжээ. Тэрбээр амины орон сууцгүй бөгөөд 4,8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, хоёр авто зогсоолтой.

200 саяын үнэлгээ бүхий жийп болон туулах чадвар өндөр Land Rover, Range Rover машинтай бол 44 саяын хоёр хурдан удмын адуутай. Дотоодын хадгаламжиндаа 2,2 тэрбум төгрөгтэй гэж мэдүүлсэн бол гадаадын хадгаламжинд мөнгөгүй гэж мэдүүлжээ. Дорнын говь ХХК, Монтай Эрдэнэ ХХК-д 100 хувь хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ, ХЭВЛЭЛД ГАРСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

“Иргэд хэт их тансаг амьдарч ирсэн байна. Тиймээс хэмнэлтийн горимоор амьдруулж сургахгүй бол…”

УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан Монгол Улсын иргэд хэт их тансаг амьдраад ирсэн байна. Тиймээс ард иргэдийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургана хэмээсэн нь олныг шуугиулж байв.

Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Эдийн засаг ийм хүндрэлтэй байгаа нөхцөлд Засгийн газар энэ төсвөө танах нь зөв. Одоо ард түмэнд үнэнээ хэлсэн нь шулуухан. Засгийн газар ч ард иргэд ч бүгд хэмнэлтийн горимоор амьдарч сурах хэрэгтэй байна. Энэ асуудлаар санал гаргаж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа сайн хиймээр байна. Ард иргэдийг хэмнэлтийн зарчмаар амьдарч сургахгүй бол бид тансаг хэрэглээнд дасчихжээ” хэмээжээ.

Улсад 100 саяыг хандивлав

2017 онд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь нар улс орноо эдийн засгийн хямралаас гаргахад дэмжлэг үзүүлэх хандивын аянд нэгдэж буйгаа мэдэгдсэн. Б.Дэлгэрсайхан төрд 100 саяыг хандивлаж, дансны хуулгаа дэлгэн мэдээлэл хийж байв.

Тэрбээр, “Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэдээс боломж бололцоогоороо хандив тусламж өгөх уриалга гаргасан байна. Би энэ уриалгад нэгдэж бусад гишүүндээ уриалж, хямралын  байдлаас гарахад бага ч гэсэн нэмэр болох үүднээс  гишүүнийхээ хувьд 100 сая төгрөг хандивлалаа” хэмээж байв.

“Намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байна”

Иргэн Э.Цэрэндолгор  “Б.Дэлгэрсайхан мөнгө нуусан, мөнгө угаасан, оффшорчин бөгөөд энэ хүний хэргүүд дарагддаг, татвар төлдөггүй” хэмээн хэвлэлээр ярьсан байдаг.  Үүний хариуд тэрбээр мэдээлэл хийж, “Намайг Швейцарийн прокурор, Английн тагнуул, АТГ, Хонконг гэх мэт орнуудын байгууллага шалгалаа. Өмнө нь энэ үйл ажиллагааг явуулсан хүмүүс С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхсэн. Би УИХ-ын гишүүн болохоос өмнө 25 жил бизнес хийсэн. Энэ үед гадаад улсуудад данстай байсан нь үнэн. “Болд төмөр Ерөө гол” компанийг өөр хүнд шилжүүлсэн. Энэ компани ХК болоогүй, олон нийтэд нээлттэй биш. ХХК статустай. Энэ компанийн 51 хувийг БНХАУ, 49 хувийг Монголын тал эзэмшдэг. Цаашид Монголын тал 51 хувийг эзэмших гэрээтэй. Би С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Надад буцаагаад хагас жилийн дотор төлсөн. Үүнийг мушгин гуйвуулж байгааг гайхаж байна.      

Дорноговь аймгийн газрыг БНХАУ-ын иргэдэд худалдлаа гэдэг нь ташаа. Би газар зарах эрх мэдэлтэй ч хүн биш. Нийслэлийн прокурор миний хэргийг хаасан. Би хууль хяналтын байгууллагад нөлөөлөх шаардлага байхгүй. “Засаг чандмань майнз” компани  Дорноговь аймагт тусгай зөвшөөөрөлтэй. Тэд 70 сая ам.долларын залилан хийгээд зугтан алга болсон, тэднийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа шүү дээ. Надад бусдын бизнесийг булаах сонирхол байхгүй” хэмээж байв.

Б.Дэлгэрсайхан: Эрсдэлээс айгаад байвал юу ч хийхгүй шүү дээ. Зээлийн хүүгээ тодорхой хугацаагаар зогсоо

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдсан. Энэ үеэр гишүүн Б.Дэлгэрсайхан “Аж ахуйн нэгжийн авсан арилжааны зээлийг царцаасан ч хүүгээ нэхээд байна гэсэн асуудал яригдаж байна. Онцгой цаг үед хамгийн түрүүнд хадгаламжийн хүүгээ зогсоовол яах вэ.

Тэгэхээр өртөг бүрдүүлж байгаа зээлийн хүү аяндаа буурчихна. Тийм учраас зээлийн хүү буугаад ирэхээр ядахдаа зогссон аж ахуйн нэгжүүдэд арай хөнгөн тусна. Зээлийн хүүг буулгах боломж бол хадгаламжийг хүүгүй болгоод өгөх хэрэгтэй. Эрсдэлээс айгаад байвал юу ч хийхгүй. Хадгаламжийн хүүгээ 3-6 сараар ч юм уу зогсоо. Одоо гудсан доороо мөнгөө хийдэг хүн байхгүй болсон. Гадны орнуудад мөнгөө хадгалуулсны төлөө банк шимтгэл авдаг болоод байна. Манайд банк нь өөрөө оршин тогтнохын тулд хүү амлаад байгаа чинь буруу байна” хэмээв. Тэрбээр хадгаламжиндаа 2,2 төгрөгтэй билээ. Энэ нь өнгөрөгч оныхоос 2 тэрбумаар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

error: Content is protected !!