LOADING

Type to search

ЗГ: Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн парк байгуулна

Share

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэсплазм” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо. Мөн паркийн дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологи ашиглан барьж байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

Нийслэлийн Багахангай дүүрэгт байгуулагдах технологийн парк нийт гурван үйлдвэрийн бүстэй бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох савлагааны шилний үйлдвэр нь жилд дунджаар 48 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 10 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 380 гаруй ажлын байр шинээр бий болгох урьдчилсан тооцоо хийгджээ.

Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 50 гаруй сая ам. долларын шил, шилэн хийцийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Эхний ээлжинд ашиглалтад орох савлагааны шилний үйлдвэр нь хоногт 68,8 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. 

Монгол Улс шил, шилэн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор худалдан авч байна. Үүнээс 80 орчим хувийг БНХАУ-аас оруулж ирдэг. 2020 оны мэдээгээр 21 нэр төрлийн 55 сая ам.долларын бүтээгдэхүүн импортоор худалдан авч дотоодын үйлдвэрүүд шилний хэрэгцээгээ хангаж байна. 

error: Content is protected !!