No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Г.Дамдинням

76: УИХ-ын гишүүн Г.Дамдинням

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

Г.Дамдинням бөхийн удамтай. Аав Ц.Гонгор нь Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат,  аймгийн заан цолтон бол ах Г.Дамдинхүү нь Дархан-Уул аймгаасаа анхлан аймгийн арслан цол хүртсэн нэгэн аж.

Г.Дамдинням 1982 онд Дархан хотод төрж, 1999 онд Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургуулийг төгсөөд МУБИС, нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлийг эзэмшжээ.

Түүний ажил хөдөлмөрийн гараа Байгаль орчны сайдын зөвлөхөөс эхэлсэн. Үүний дараа БСШУ-ны сайдын зөвлөх, ШУТИС, Нийгмийн хөгжлийн проректор зэрэг албыг хашиж, Канад улсын Бритиш Колумбын Их Сургуульд Уул уурхайн засаглал, бодлого судлалаар магистр хамгаалсан.

2017 оноос Канад Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Их хуралд сонгогдсон. Тэрбээр УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга юм.

Хувийн амьдрал:

Эхнэр Ц.Уянга нь утга зохиол, хэл шинжлэлийн мэргэжилтэй. Горькийн нэрэмжит утга зохиолын сургууль, Бээжин дэх Хэл иргэншлийн сургуульд бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Түүний аав Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан юм. Зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айл гурван хүү, гурван охинтой.

Г.Дамдинням сагсан бөмбөгийн 3х3 төрлийг сонирхдог бөгөөд найзуудтайгаа хамтран 3х3 сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийг ивээн тэтгэж, “Улаанбаатар Амазонс” мэргэжлийн спорт клубыг байгуулжээ.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 726,3 сая, гэр бүлийн орлого 0 гэж мэдүүлжээ. Тэрбээр тээврийн хэрэгсэл, амины орон сууцгүй бөгөөд 615 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой.

480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын дандсандаа 70,4 сая, гадаадын хадгаламжиндаа 23,5 сая төгрөгтэй, 2,7 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

Марка коиба ХХК, Оргилфинанс ХХК, Топ майнинг солюшнс ХХК, ВМП ХХК, Хера инвестмент ХХК, Эрдэнэс таван толгой ХК зэрэгт хувьцаа эзэмшдэг аж. ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзэх боломжтой.

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ, ХЭВЛЭЛД ГАРСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

Шинэ гишүүнээр сонгогдож, үнэмлэхээ гардаж авсаны дараа хэвлэлийнхэнд дараах тайлбарыг хийж байв. Тэрбээр хэлэхдээ “Шударга зарчимтай багаар ажиллана. УИХ-ын гишүүд нийтийн эрх ашиг, үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой. Түүнчлэн хамгийн түрүүнд Дарханы замыг дуусгана” гэх амлалтыг өгсөн билээ.

Тэрбээр Зам, тээвэр хөгжлийн сайд Х.Халтарт хандаж “Дарханы  замыг дуусгахын тулд таны өрөөнөөс салахгүй шүү гэдгийг хэлье. Олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах гэсэн төлөвлөгөө танилцуулаарай” хэмээгээд Дарханы замын бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцсан.

Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг

Өнгөрөгч оны наймдугаар сард УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, С.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут нар Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулснаа зарлаж байв. Тэд  ЕБС-ийн 10 хувийг Кэмбрижийн хөтөлбөртэй лаборатори сургууль болгох санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Бид нар цоо шинэ зүйл гаргаж ирээд байгаа зүйл огтхон ч биш. Энэ хөтөлбөрт 2010 онд хэрэгжиж эхлэхдээ 6-10 жилийн хугацаанд монголын бүх ЕБС-иудад нэвтрүүлнэ гэж ярьж байсан. Энэ нь ч боломжтой. Кэмбрижийн гэдэг нэрэн дээр ач холбогдол өгч, Английн колони болчихлоо гэж гуйвуулах хэрэггүй. Монголын үндэсний боловсролын хөтөлбөрийг сайжруулах асуудал яригдаж байгаа.

Дэлхийн боловсролын системд Кэмбриж болон IB гэсэн хоёр хөтөлбөр ноёрхдог. IB буюу Женевийн хөтөлбөр нь үндэсний онцлогийг суулгадаггүй, зөвхөн өөрсдийнхөө багш нараар заалгадаг, чанга хөтөлбөр гэж ойлгож болно. Харин Кэмбриджийн хөтөлбөр нь үндэсний агуулгыг бүрэн агуулгадаг, тухайн орныхоо Үндэсний хөтөлбөрийг өргөж гаргаж ирдгээрээ онцлогтой. Манай улсын ЕБС-ийг төгсөгчдийн үнэлгээ, сертификат дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө” хэмээж байв.

33 тэрбум төгрөгийн зээлтэй нь холбоотой асуудал

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх хугацаанд Хөгжлийн банкнаас гаргасан томоохон зээлүүд дунд Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цацагдаж байв.

Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан бөгөөд тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй. Тэдгээр нь Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажиллаж байжээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар эл асуудлыг зохион байгуулалттай гүтгэлэг хэмээн мэдэгдэж байсан юм.

Цагдаа намайг зам дээр 30мин зогсоосон

УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн чухал асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Дамдинням гишүүн замын цагдаа 30 минут зогсоосон замын цагдааг сайдад нь “матаад” сууж байгааг нь шүүмжлэх хүмүүс олон байв.

Тэрбээр “Намайг замын цагдаа саатуулж, 30 минут зогсоолоо. УИХ-ын гишүүн би төрийн ордонд яаралтай хуралтай байсан. Цагдаа нарын зан харилцаанд анхаарах хэрэгтэй.Харилцаа, контакт гээд эрүүл ахуйн аюулгүй байдал хангагдсан юм алга” гэдгийг Х.Нямбаатар сайдад хэлсэн юм.

Тэрбээр цахим хуудсаараа дамжуулсан уучлалт хүссэн юм. Тодруулбал, “Хүний эрхийн зөрчил, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлт, УОК-н Үүрэг чиглэлийн биелэлтэд гарч байгаа асуудлаар үг хэлэхдээ цагдаа зогсоосон талаар зохимжгүй жишээ авсанд минь УУЧЛААРАЙ. Олон түмний санал шүүмжлэлийг авч хичээн ажиллах болно” гэжээ. 

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд