No menu items!
HomeХэн юу хэлэвХэн юу хэлэв: Ковидын халдвар аваад эдгэрсэн ч эрсдэл бий

Хэн юу хэлэв: Ковидын халдвар аваад эдгэрсэн ч эрсдэл бий

-

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” булангаараа коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах эрсдэлтэй эсэх талаар мэргэжилтнүүдийн тайлбарыг эмхэтгэн хүргэж байна.

Манай улсад Ковид-19 тусаад эдгэрсэн ч дахин халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ “Би Ковид-19 тусаад эдгэчихсэн” гэж хайнга хандаж болохгүй, дахин өвчлөх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

П.Нарангэрэл: Өвчлөөд эдгэрсэн хүн дахин халдвар авч болзошгүй

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар бол дэлхий дахины өмнө шинээр гарч ирсэн. Маш олон эрдэмтэн судлаачид энэ вирусийг судалж байгаа ч одоогоор тодорхой болсон зүйлүүд нь маш бага.

Бусад орнуудад эдгэрч гарсан хүнээс дахин вирус илэрсэн тохиолдол олон бий. Тухайлбал, АНУ-д эдгэрээд эмнэлгээс гарсаны дараа дахин вирус илэрсэн 10 мянга  тохиолдол бүртгэгдсэн.

Мөн Испани, Италид халдвар аваад эдгэрсэн 61 мянган хүнийг хамруулсан судалгаагаар тэдгээр хүмүүс эдгэрсэний дараагийн гурван сард коронавирусийн эсрэг дархлаа нь 81 хувьтай байсан ч дахин гурван сар өнгөрөхөд 16 хувь болж буурсан байна.

Харин БНСУ-д яг ийм тохиолдол 116 бүртгэгдсэн бөгөөд эдгэрчихээд 56 хоног өнгөрсөний дараа вирус дахин илэрсэн байсан. Гэхдээ үүнийг дахин халдвар эсвэл эргээд сэдэрсэн эсэхийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, энэ асуудал одоогоор тайлагдаагүй.

Солонгосын эмч нар эхний судалгаагаараа коронавирус нь бусад элэг, ДОХ-ын вирус шиг архаг хэлбэрт шилжиж, тухайн хүний дархлаа унаж, ядарвал дахин сэдэрдэг байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн.

Тиймээс өвчлөөд эдгэрсэн хүн дахин халдвар авч болзошгүй учир хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүх дүрмийг маш сайн мөрдөх нь зүйтэй” гэв.

Eagle.mn, 2020 оны долдугаар сарын 20

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүс Дельта хувилбарт өртөх эрсдэлтэй

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өгсөн.

Тэрбээр, “Бидний дараагийн анхаарах гол асуудал нь Дельта хувилбар байна. Өнөөдрийн байдлаар 124 улсад Дельта вирус тархсан бөгөөд халдварлах чадвар нь бусад хувилбараас 60 хувиар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Эмнэлзүйн шинж тэмдэг богино хугацаанд илэрдэг тул орны ачааллыг нэмэгдүүлдэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл 2 дахин өндөр.

Альфа хувилбараас 46 хувиар илүү халдварлах чадвартай гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн Дельта хувилбараар өвчлөх боломжтой гэсэн сүүлийн үеийн судалгаа гарч байна. Мөн вакцины идэвхийг сулруулж байгаагаараа бусад хувилбараас аюултай. Энэ нь Альфа хувилбараас 60 хувь илүү вакцины идэвхийг бууруулдаг гэсэн судалгаа эхнээсээ гарч эхэлсэн байна. Манай улсад одоогийн байдлаар Дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан бөгөөд холбогдох судалгаа хийгдэж байна” гэв.

Л.Энхсайхан: Эдгэрсэн хүн халдвар авахгүй гэсэн үг биш, эрсдэл бий

ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өгчээ.

Хэдийгээр ховорхон гэж байгаа боловч Энэтхэгт хийсэн судалгаагаар нийт халдвар авсан иргэдийн 4.5 хувь нь дахин халдвар авсан гэсэн судалгаа байна. Гэхдээ бүс нутаг, тухайн хүний биеийн онцлогоос хамааран ялгаатай байж болно. Манай улсад одоогоор коронавирусийн халдвар авч эдгээд, дахиад өөр хувилбараар өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ энэ нь эдгэрсэн хүн халдвар авахгүй гэсэн үг биш, эрсдэл бий гэсэн үг.

“Би Ковид-19 тусаад эдгэчихсэн юм чинь” гэж хайнга хандаж болохгүй. Агаарт салхинд гарч, цэвэр агаарт амьсгалын дасгал хийвэл үр дүнтэй. Ер нь л дасгал сайн хий. Өвчилсний дараа хүний бие их ядардаг тул дасгал хийхэд амаргүй. Гэхдээ бага багаар тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Дасгал хийснээр цус, тунгалгийн эргэлт сайжирч, биеэс хортой бодисуудыг гадагшлуулж, дархлаа, чалх сайжирна. Мөн ой тогтоолт, тархины эд, эсийн нөхөн сэргэх чадвар нэмэгдэж залууждаг. Аль болох тэжээллэг, шөл устай хоол идэж, шингэн юм сайн уух хэрэгтэй. Чихэрлэг хоол хүнс, архи, тамхи, түргэн хоол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Itoim.mn, 2021 оны Долдугаар сарын 20

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Олон улсад халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах магадлал маш бага гэж үзэж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тохиолдуулан мэдээлэл хийсэн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр, “Олон улсын түвшинд халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах магадлал маш бага гэж үзэж байна. Манай улсад ковидоор өвчлөөд эдгэрсэн ч дахин халдвар авсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй. Магадгүй өөр төрлийн мутацид орсон шинэ хувилбарын нөлөөгөөр халдвар авах эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар дэлхий дахинд ийм тохиолдол маш цөөхөн. Ковидоор өвчлөөд эдгэрсэн хүн дельта вирусээр өвчлөх эрсдэл бага” гэсэн юм.

Б.Бумдэлгэр: Өвдөөд эдгэрсний дараа вирусийн эсрэг үүссэн дархлаа тодорхой хугацааны дараа алга болно

Тавдугаар сарын 11-ний ЭМЯ-ны Хэвлэлийн хурлын үеэр тус яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга хэлтсийн дарга Б.Бумдэлгэр дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар /тавдугаар сарын 11/ КОВИД-19 халдвараар өвдөөд эдгэрсэн 32,000 гаруй хүн байна. Эдгээр иргэн маань өвчлөөд эдгэрсэн учраас дархлаа тогтсон гэж бодож байж магадгүй. 

Халдвар авсан хүний биед үүссэн эсрэг бие 14-20 дахь хоногт хамгийн дээд хэмжээндээ хүрч байна. Үүнээс хойш тодорхой хугацаагаар хадгалагдаж байгаа бөгөөд зарим судалгаанд эсрэг бие 3-6 сар хадгалагдаж байгааг дурдсан. Халдвар авснаас хойш 160 дахь хоногоос эхлэн эсрэг бие байхгүй болж байгаа талаар судалгаа бас бий. Мөн хүндээр өвчилсөн хүмүүсийн биед үүссэн бие хөнгөн өвчилсөн хүнийхээс урт хугацаагаар тогтвортой байна. Хөнгөн өвчилсөн хүмүүсийн биед үүссэн эсрэг бие хурдан хугацаанд эрчимтэй буурсан гэсэн үг. Үүнээс үзэхэд халдвар аваад эдгэрсэн хүн 4 сарын дараа халдвар авах эрсдэлтэй гэсэн үг.

Биологичдын үзэж байгаагаар өвдөөд эдгэрсний дараа үүсэж байгаа дархлаа бол сул дархлаа. Мөн үргэлжлэх хугацаа нь богино гэж хэлж байгаа. Харин эсрэгээрээ вакцин хийлгээд үүсэж байгаа дархлаа удаан хугацаагаар хадгалагдах магадлалтай” гэх мэдээллийг өгч байв.

Ikon.mn, Тавдугаар сарын 11

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд