No menu items!
HomeЭмч зөвлөж байнаА.Нота: Өнчин тархи нь хүний биед буй бүх дотоод шүүрлийн булчирхайг удирддаг

А.Нота: Өнчин тархи нь хүний биед буй бүх дотоод шүүрлийн булчирхайг удирддаг

-

“Ачтан” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн зөвлөх, Ардын эмч, Төрийн соёрхолт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Нотатай ярилцлаа.

-Өнчин тархины хавдрын өвчлөл манай улсад хэр олон тохиолддог вэ?

-Манайд хавдрын олон төрөл байна. Тэр дундаа тархины хавдрыг эд зүйн бүтцийн хувьд нь нейроэпителиал хавдар (олигодендроглиома, глиома, эпендимома), тархины хальсны хавдар (менингиом), үсэрхийлсэн хавдар, өнчин тархины хавдар (аденом), гавлын мэдрэлийн эсийн хавдар (сонсголын мэдрэлийн хавдар), судасны хавдар, үр хөврөлийн хавдар гэж ангилна.

Эдгээр хавдрын үүсгэл шалтгаан бүр өөр өөр. Орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар өнчин тархины хавдар нь тархины бүх төрлийн хавдруудын дотроос 7-17 орчим хувь тохиолдож байна гэж үзэж байгаа. Өнчин тархины хавдар нь өнчин тархины урд талын булчирхайлаг эдээс голдуу гардаг.

-Өнчин тархины хавдрын онцлог, илрэх шинж тэмдэг юу вэ?

-Өнчин тархи бол тархины суурь ясанд байрладаг хүний биеийн бүх булчирхайг удирдагч. Өнчин тархины хавдар гурван үетэй явагддаг. Хараа мэдрэлийн үйл ажиллагааны хямралын үе. Энэ үед юмыг тал харах, огт харахгүй болох шинж илэрнэ. Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны хямралын үе.

Өнчин тархи нь хүний биед буй бүх дотоод шүүрлийн булчирхайг удирддаг. Энэхүү хавдрын үед дааврын өөрчлөлтүүд их гарна. Өнчин тархи дөрвөн төрлийн даавар ялгаруулдаг. Эмэгтэйчүүдийн хувьд даавар өөрчлөгдсөнөөр сарын тэмдэг ирэхгүй байх, хугацаанаасаа өмнө ирэх зэрэг шинж илэрнэ.

Эдгээр нь даавар ихсэх, багасахаас шалтгаалдаг. Энэ үед өнчин тархины хавдартай иргэдийн зарим нь огцом өндөр эсвэл хэт жижигхэн болж эхэлдэг. Энэ бол даавар ялгаралтаас шууд шалтгаалж байгаа юм. Мэс заслын үед мэдрэлийн эмнэл зүйн голлох шинж тэмдэг илэрнэ.

Толгой өвдөх, таргалах, ам цангах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хөл, гар томрох, уруул, хэл, доод эрүүнүүд томордог. Өнчин тархины хавдар хүндрэхээр нүдний алимны хөдөлгөөнд өөрчлөлт ордог. Нэг тийшээ харж чадахгүй, солир болох зэрэг өөрчлөлтүүд гарч эхэлдэг.

-Иргэд тархины хавдар туссан эсэхээ яаж мэдэх вэ?

-Өөрсдийн биеэ сайн судлах хэрэгтэй. Харааны хувьд өөрчлөлт байгаа эсэх, дааврын өөрчлөлт байна уу үгүй юу гэдгийг тогтоосон цагт оношилж болно. Хот хөдөөгийн алинд ч хамгийн энгийн оношлогооны арга бол толгойн рентген зураг авахуулах юм. Эгц урдаас болон хажуу талаас авахуулах хэрэгтэй.

Мөн нүдэнд шинжилгээ хийнэ. Нүдний угийг дурандах, харах талбайг тодорхойлох, хараагаа тодорхойлно. Эдгээр шинжилгээг хийлгэсэн тохиолдолд өнчин тархины талын өвчлөл байгаа эсэх нь тодорхой болно. Хамгийн гол нь иргэд жилд нэг удаа шинжилгээнд бүрэн хамрагдаж сурах хэрэгтэй.

Тэгэхгүй бол иргэд бүх зүйл өрнөөд дууссаны дараа эмчид ханддаг сөрөг хандлагатай. Жишээ нь, өнчин тархины хавдар туссан хүмүүсийн дийлэнх нь хараагүй болсон, өсөлт нь зогссон зэрэг өвчин хүндэрсэн үед ханддаг. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн чиглэлийн эмчид яаралтай хандаж, зөвлөгөө авах ёстой.

-Тархины хавдраар хэдэн насны хүмүүс өвчилж байна вэ?

-Энэ өвчнөөр өвчлөгчдийг тодорхой нас заадаггүй. Ихэвчлэн насанд хүрсэн 15-аас дээш насны хүмүүс өвчилнө. Эрэгтэй, эмэгтэй гээд хүйсийн харьцааны хувьд ч ялгаа байхгүй.

-Өнчин тархины хавдар бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Орчин үеийн шинжлэх ухаан өнчин тархины хавдрыг бүрэн эдгэрэх боломжтой гэж үзэж байна. Учир нь өнчин тархины хавдрыг эрт оношилдог болсон. Мөн анагаах ухааны практикт тархины дуран, микроскоп, бичил багажууд нэвтэрсэн.

Эдгээр техникийн шинэчлэлийн үр дүнд өнчин тархины хавдрыг мэс заслаар авах бүрэн боломжтой болсон. Хагалгааны хувьд хавдрыг хоёр янзаар авна. Эхнийх нь тархиа нээж, нөгөөх нь хамраар оруулж авах хоёр хэлбэртэй. Яаж авах нь өнчин тархины хавдрын байрлалаас шалтгаална. Уг хавдар нь таван төрлийн байрлалтай.

-Мэс засал хийлгэсний дараа хавдар дахин сэдрэх тохиолдол бий юу?

-Ангаахын шинжлэх ухааны салбарт шинэ техник, технологи цаг тутам нэвтэрч байна. Гэлээ гэхдээ энэхүү өвчний гаралтыг таслан зогсоож чадахгүй байгаа. Мэс заслын дараах өвчний дахилт 15-25 орчим хувьтай байна гэж үздэг. Өнчин тархины хагалгааны явцад гурван зүйлд анхаарах хэрэгтэй.

Нэгдүгээрт, тархины гүнд нэвтрэх артерийн судас, өнчин тархины хөл, гепотеламусыг цочроохгүй, гэмтээхгүй байх ёстой. Энэ гурвыг бүрэн хамгаалсан цагт хагалгааны үед хүндрэл гарахгүй. Хүндрэл гарахгүй бол хагалгааны дараа эмчлүүлэгчид зовиур бага, тайван байна гэсэн үг.

Хавдар жижиг хэмжээтэй үед хагалгаанаас гадна хавдрыг томруулахгүйгээр эмийн эмчилгээ хийж болж байна. ОХУ, Европын эмнэлгээр нэлээд хэрэглэж байгаа арга нь эмийн эмчилгээ юм. ОХУ- ын эрдэмтдийн сүүлийн үеийн хийсэн судалгаагаар эмийн эмчилгээ үр дүн өндөртэй байна.

Жишээлбэл, 100 хүнд эмийн эмчилгээ хийхэд 60-70 хувийнх нь хавдар томрохгүй хэмжээндээ тогтож байна гэж үзсэн байна. Хоёрдугаарт, сүүлийн үед гарсан гамма туяагаар шарах эмчилгээ хавдрыг хэмжээнд нь тогтоох боломжтой гэж дэлхий дахин үзэж байна.

-Танай эмнэлэгт энэ хагалгааг хийдэг үү?

-Монгол Улсад өнчин тархины хавдрын хагалгааг манай багш Ж.Хайрулла 1980- аад онд анхлан хийсэн гэж бодож байна. Одоо нэгдсэн III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг болон манай эмнэлэгт хийж байгаа. Би “Ачтан” эмнэлэгт ажиллаад найман жил болж байна.

Өнгөрсөн хугацаанд нэлээд олон хагалгаа амжилттай хийсэн. III эмнэлэгт дурангаар хагалгаа хийж байна. Мөн хамрын хөндийн хагалгаагаар өнчин тархины хавдрыг авч байна. Энэ бол Монголын мэдрэлийн мэс заслын хөгжлийн нэгэн тод илрэл.

Манай эмнэлэг голчлон хамрын хөндийгөөр авч болохгүй, томоохон хэмжээний хавдартай хүмүүст хагалгаа хийдэг. Жишээ нь, энэ жилийн хувьд нэг талын нүд нь хараагүй болсон, доошоо намалдаг уруугаа ургаж орсон маш том хавдрыг амжилттай авсан.

Зарим тохиолдолд хагалгааны дараа нүдэнд өртөхгүй хавдрын эс үлдэж болох талтай. Гадаадад хагалгааны дараа гамма туяагаар шардаг. Манай улсад ийм туяа эмчилгээ хийдэггүй дутагдалтай бий.

-Өнөөдрийг хүртэл та хэчнээн хагалгаа хийснээ тоолж үзэв үү?

-Дүнг нь гаргаад үзэхэд би 13000 гаруй хүнд мэс заслын эмчилгээ хийсэн байна билээ. Үзэж зөвлөгөө өгч, эмчилсэн хүн хагас сая давсан. Ардын эмч цол хүртэхэд Ерөнхийлөгч хэлж байсан. Энэ хооронд би зургаан төрлийн мэс заслын эмчилгээг нэвтрүүлэх төсөл удирдаж, эмчилгээнд нэвтрүүлэн, Шинжлэх ухаан, технологийн санд үр дүнг нь хүлээлгэн өгсөн.

-Та мэдрэлийн мэс засалчаар хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-Би 1968 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд, мэс засалчаар ажилласан. Анх Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын сум дундын эмнэлэгт хуваарилагдсан. Улаанхус сум миний төрсөн нутаг. Сум дундын эмнэлэгт өмнө нь хагалгаа хийж байгаагүй тул эхний хоёр сард хагалгааны тасагт засвар хийсэн.

Анх мухар олгой авах мэс засал бие дааж хийсэн. Бие дааж мэс засал хийх хэцүү байсан. Тэгээд арьсанд яаж зүслэг хийхээс эхлээд номнуудаа нээж цонхон дээр өрчихөөд, түүнийгээ хараад хийсээр байгаад олгойгоо авчихлаа. Тэнд би нэг жил ажиллахдаа 52 хүнд хагалгаа хийсэн байдаг.

1969 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт шилжиж, хоёр дахь жилээс нь тасгийн эрхлэгчээр ажилласан. Тэгэхдээ уушги, ходоод тайрах, цөс, элэг, ясны хагалгаанууд, тархины хагалгаа нэлээд хэдийг хийсэн. Гавлын яс цөмрөх, хатуу хальсны дээр, доор цус хурсан хүнд хагалгаа хийж байлаа.

-Нарийн төвөгтэй энэ мэргэжилд яагаад дурласан юм бэ?

-Тархи, нуруу нугас хүний амин чухал эрхтэн. Чадвал хүнд амьдрал бэлэглэх, үхлээс аврах, алдагдсан эд эрхтэн мөчдийн үйл ажиллагааг сэргээх, хөдөлмөрийн чадварыг сэргээх зэрэг хүнд тусламж үзүүлэх талыг нь бодсон. Нөгөө талаар өөрийн сонирхол гэж байна шүү дээ.

Мэдрэлийн мэс заслын салбар дотроо олон салаатай. Тархины, судасных, нуруу нугасных, хавдрынх гэх зэрэг олон нарийн чиглэлд хуваагддаг. Би хөдөө байхдаа ерөнхий мэс заслын курс дүүргэсэн. Энд ирэхэд 1976 онд Оросын Тамара Феодоровна гэж мэргэжилтэн III эмнэлэгт ажиллаж байлаа.

Тэр мэргэжилтэн, Хайрулла багш хоёроо дагалдаж, хөтөлбөр гаргаад, мэдрэлийн мэс засалч, мэдрэлийн эмчийн зургаан сарын курс хийж, үнэмлэх авсан. Мэдрэлийн мэс заслын олон нарийн салбараас би тархины судасны чиглэлээр дагнан ажиллая гэж бодсон.

Мэдрэлийн мэс засалч хүн тархины судсыг нь сайн мэдэж байвал бусад талдаа аюул багатай. Судас хаана байна, энэ хэсгээр зүслэг хийхэд ямар судас таарах вэ гэдгийг мэдэж байхад эрсдэлгүй.

Эх сурвалж: Монголын үнэн

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд