No menu items!
HomeСэдэвИжий минь ирээгүй хавар

Ижий минь ирээгүй хавар

-

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Гуравдугаар байрын шагналт захидал

Ховд аймгийн оролцогч Н.Таванцэцэгийн “Ижий минь ирээгүй хавар” захидал

ИЖИЙ МИНЬ ИРЭЭГҮЙ ХАВАР

 Дүү бид хоёр сумын бүрэн дунд сургуульд би 8-р ангид, дүү нэгдүгээр ангид суралцаж байсан үе 2005 он байлаа.

Манай гэр сумын төвөөс нилээд зайтай 60 орчим км-ийн цаана байдаг.. Үе үе ээж дүү бид хоёрыг эргэхээр ахтай хамт мотоциклоор сумын төв орж ирнэ. 2005 оны тэр нэгэн хавар ээж, дүү бид хоёрыг эргэхээр сумын төв рүү гарсан сураг дуулаад тэсэн ядан хүлээж 4 цагийн хичээл 40 цаг мэт удаанаар үргэлжилж, завсарлагааны цагаар сургуулийн хашаагаар гүйн гарч ээжийн ирэх зүг рүү ахин дахин ширтэнэ.

Хичээл тараад бас л сургуулийн хашаагаар гүйн гарч цэлгэр хөдөө рүү нүдээ чилтэл хүлээсэн ч тэр өдөр ээж минь ирсэнгүй. Одоогийнх шиг гар утас, интернет гэдэг зүйл хөдөө малчны хотонд битгий хэл суманд ч дэлгэрээгүй байлаа. Ээж минь ямар ч байсан ирж л байгаадаа гэсэн битүүхэн бодол тээж шөнө нойр хүрэхгүй хонолоо.

Өглөө нь босоод дүүгийнхээ үс гэзгийг самнаж, цай ундыг нь уулгачихаад хичээлээ давтаж байгаарай миний дүү гэж хэлээд хичээлдээ явлаа. Ээж л хурдан ирээсэй гэсэн бодол толгойд эргэлдэж,  ангийн цонхоор ширтээстэй хүлээнэ.

Гэтэл нагац ах маань хаалгаар шагайж багштай хэдэн үг солимогц багшийн царай барайж ирээд над руу харснаа ээжийн чинь бие муу байна гэнэ явдаа гэв. Ийм үг сонссон би  өөрийн мэдэлгүй  том том нулимс унаган дэвтэр номоо эмхлээд босохдоо ангийн хаалгаар яаж гарснаа ч санадаггүй юм.

Ингээд л гэр рүүгээ явахаар унаанд суулаа. Явсаар манай гэрээс 10 гаруй км-ын зайд байх “Баянхайрхан” багийн төвийн ойролцоох 3-н айлын гадна ирж зогслоо. Төрлүүд маань бүгд энэ гэрт цуглажээ. Дотроо бодов. Миний ээж энэ гэрүүдийн нэгэнд л байгаа юм байна гэж таамаглаад гадна жаахан зогсож байгаад хүмүүсийн хамгийн ихээр орж гараад байгаа гэр рүү шууд яваад орчихлоо.

Ээж минь хойморын орон дээр дусал залгуулсан унтаж байгаа бололтой нүдээ аньсан хэвтэж байлаа. Ээжийн дэргэд очоод суутал нүүр нь хонхийж цайсан байдалтай, уруул нь хатаж, зовхи нь унжиж царай алдсан ядруухан байгаа нь илт харагдаж байв. Би яахаа мэдэхгүй балмагдаж гар хөлийг нь дэмий барьж энгэрт нь наалдаж зүрхний цохилтыг нь мэдэрч байв. Ямар ч байсан амьд байгаа юм байна гэж бодоод тэрүүхэндээ баярлав.

Ээжийгээ ирж яваа гэж хүсэн хүлээж байсан тэр өдөр ээж минь аваарт оржээ гэдгийг томуучдын ярианаас шууд ойлголоо. Намайг ирэхэд ээж ямар байдалтай байсан яг л тэр хэвээрээ нүдээ нээлгүй 5 хоногийг үдлээ. Сүүлчийн энэ өдөр ээж минь нүдээ аажмаар том нээгээд над руу эгцлэн ширтэж том том нулимс дуслуулан харлаа. Би ч ухаангүй баярлаж ээжээ ээжээ гээд инээгээд ээж сэрчихлээ намайг харж байна хэмээн хашгирав.

Хавийн хүмүүс ч баярлаж инээх нь давхцаж байлаа. Гэтэл төд удалгүй нүдээ аньсан нь сүүлчийн хүчээ шавхаж над руу хараад эцсийн амьсгал хураасан нь энэ байв.Ингээд л би гэдэг хүн өнчин зээрийн янзага шиг торойж хоцров.

Яг л гүн харанхуйд ганцаарханаа үлдсэн мэт тэвдэж, тэнхээ цуцаж, жаалхан охин би орчлонгийн хатуу тоглоомтой нүүр туллаа. Ижийнхээ ачийг заавал хариулнаа гэж бодож байсан бодлыг минь амьдралын шуурга нэг л өдөр үгүй хийчихнэ чинээ би яаж ч санах билээ дээ. Бүлтгэр дүүгээ харахаар өр эмтэрч том том нулимс хацар исгэн дэндүү гашуунаар урсах хяслант өдрүүд эхэлсэн дээ.

Энэ үед аав минь ч бас бурханы оронд очоод жилийн нүүр л үзэж байлаа. Ингээд л эрдэнэ болсон эцэг эхээсээ нэг жилийн дотор салж хагацсан миний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг зүйл л болсон доо. Ээжийгээ хөдөөлүүлээд дүү бид хоёр сургууль руугаа буцах болов. Ээжийн минь зурагны өмнө бадамлуулан асаасан зул, маанийн ерөөл хоёр миний сэтгэл зүрхийг улам зурах шиг болж байлаа. Эргэж харан харан гэрээсээ гарлаа. Ингээд л хичээлдээ буцаж ирэв.

Нэг л мэдэхэд зуны амралт ч эхэлж гэртээ очиход ах эгч нар минь халуун дулаан сэтгэлээр угтаж, өмсөж зүүх, идэж уухыг бэлдэж хайрлаж, халамжилж аав ээжийн минь орон зайг нөхөх гэж хичээж байсан ч сэтгэл нэг л хоосон оргиж аль болох өөрийгөө завгүй байлгасаар намар хичээл эхлэх болов.

Дүү 2-р ангид харин би 9-р ангид орно. Дүү бид хоёр багаасаа л бие даагаад сурагчийн дотуур байранд амьдраад сурчихсан болохоор байранд байх нь амар санагдав. Тухайн үед эрт бүртгүүлээгүй учраас сурагчийн дотуур байрны хүүхдийн тоо дүүрч байранд байх боломжгүй болсон тул хамаатныхаа 2 охинтой ижилсээд тэднийд хэсэг хугацаанд байхаар боллоо. Энэ айлд байх нь дүү бид хоёрт анхнаасаа л таагүй мэдрэмж төрүүлж байлаа.

Удалгүй бид хоёрыг нүд үзүүрлэж, өөр айлд бай гэх мэтээр гадуурхаж эхлэв. Нэг өдөр хичээлээ тараад иртэл үүдний коридорт байдаг хогийн савны хажууд дүү бид хоёрын хувцасыг гаргаад хаячихаж. Үүдийг нь цохиод орох гэтэл цаашаа яв, та хоёрыг одоо байлгахгүй, өөр газар бай гэж хэлээд шилэв татаад хаалгаа тас хийтэл хаагаад орчихлоо. Дүүгээ дагуулаад аавынхаа хамаатны өндөр настай буурлынд очлоо.

Болсон үйл явдлыг бүгдийг нь хэллээ. Тэднийд ач зээ нар нь гээд 4 хүүхэд бас байдаг байв. Хүнд хүн илүүдэх биш дээ миний хүү дүүтэйгээ манайд байж бай дараагийн амралтаар багштай нь уулзаж байгаад сурагчийн дотуур байранд нь оруулж өгье гэлээ. Намрын шаргал өдрүүд юу юугүй шувтарч цанхайсан өвөл дөхөх нь тэр.

Ингээд нэгдүгээр улирлын амралт ч тавьж эхлэв. Амралт дуусч хичээл сургууль жигдэрч эхлэхтэй зэрэгцэн дүүгийнхээ хамтаар сурагчийн дотуур байрандаа орж билээ. Дүү бид хоёрын амьдрал буйдхан өрөөнд өрнөж эхлэх нь тэр. Нэг удаа хичээл тараад ороод иртэл дүү минь хярсан туулайн бүжин шиг айдаст автсан байдалтай цонхны өмнө сууж байв.

Өрөө маш хүйтэн цонхны нимгэн хөшиг даялзан салхинд хийсч, хөшигний цаанаас хүйтэн жавар үлээх нь тэр. Юу болсныг асуутал дүү минь багшийнхаа өгсөн гэрийн даалгаварыг хийх гэж цонхон дээр зураг гэрэлтүүлж байгаад цонхны шилийг хагалсан байж.Энэ үeд байрны багш ч орж ирэв.

Өнөөдрийн дотор цонх шиллээрэй гээд ширүүхэн харцаар шилбүүрдээд гараад явав. Ингээд л бас нэг сэтгэлийн зовлонд цүлхийгээд унах шиг болов. Ах эгч нар маань хөдөө байдаг тул тэр бүр эргэж тойроод байх нь ховор учир дүү бид хоёрт мөнгө байхгүй үe таарлаа. Сумын төвд байдаг нь л өнөөх хамаатны өвөөгийнх байлаа.

Үнэн учраа хэлээд мөнгө зээлж аваад шил хайж сумын эгнэсэн түцнүүдийг дуусгах алданд нэг олж аваад худалдагч ахаар зүсүүлж ирээд цонхондоо хийлээ. Хэмжээг нь см-ийн зөрүүгүй яг л тааруулж билээ. Ингэж л дүү бид хоёрын бага нас өнгөрсөн юм. Одоо дүү минь эгчтэйгээ мөр чацуурсан том охин болсон. Олон ч хаврыг өнчин нулимстай үдэж угтаж билээ. Одоо би ижийнхээ гучин нас руу дөхөж явна.

Дөрвөн настай том хүүгээ аргадаж, дөнгөж мэндэлсэн өлгийтэй үрээ тэврэн суухдаа таныгаа маш их үгүйлж таныхаа намайг хайрлаж өдий зэрэгт хүргэсэн тэр агуу хайр сүү мэт сэтгэлээр бахархаж бахдаж байна. Мөнх бус орчлонгийн мөч бүрийг хайрлахаар ханилсан ханьтайгаа зорилго нэгтэйгээр амьдралын оргил руу тэмүүлж явна.

Ижий минь та охиндоо бүү санаа зовоорой. Ижийг минь авч одсон тэр хавар хүүхэд насны минь баяр жаргалыг тэр чигт нь авч одсон хатуухан хавар байсан даа. Одоо охин нь алзахгүй болсон. Хүний сайн мууг ялгадаг болсон, аливаа юм бүхэн ээлж дараатай байдгыг нүдээрээ харж, чихээрээ сонсож явна. Надад амьдралаас няцаж, ухрах эрх байхгүй.Тэнгэрээс л охиноо харж байгаадаа… Намайг хэрсүү болгосон амьдрал чамдаа баярлалаа .

Ховд аймаг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд