LOADING

Type to search

“Харанга”-ын Лхагвасүрэнгийн онцлох гэрэл зургууд

Share

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч, ард олны хүндэтгэлийг хүлээсэн “Харанга” хамтлагийн дуучин Хатанбаатарын Лхагвасүрэнг онцолж байна.

“Харанга” хамтлаг 1989 онд Драмын Театрын дэргэд байгуулагжээ. Гитарчин, МУГЖ Ц.Энхманлай тухайн үед театрын дарга байсан МУАЖ Н.Сувдад хандаж, “Монголын анхны Соёл Эрдэнэ хамтлаг Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэд байгуулагдаж байсан. Чуулгаас тийм хамтлаг мэндэлж байхад Драмаас яагаад хамтлаг гарч болохгүй гэж” хэмээн ятгасан гэдэг.

Анхандаа гоцлол гитарчин, дуучнаар Энхманлай, аргил гитарчнаар Одсүрэн, бөмбөрчнөөр Пүрэвдаш, даралтат хөгжимчнөөр Х.Булган нар тоглож байв. Энэ бүрэлдэхүүн удалгүй өөрчлөгдөж Булган хамтлагаас гарч “Соёл Эрдэнэ” хамтлагт орсон юм.

Ингээд тэр жил армиас халагдаж байсан Ц.Чулуунбатыг хамтлагтаа авчээ. Анхандаа түүнийг тонмейстерээр авахаар ярьж байгаад, Булганыг гарсны дараа даралтат хөгжимчнөөр авах санал хэлжээ. Гэвч Чулуунбат бол аргил гитарчин байлаа. Хоорондоо ярилцаад Одсүрэн хэмнэлт гитарчин болж, Чулуунбат аргил гитараа тоглох болжээ. Удалгүй дуучнаар “Соёмбо”-д хамт байсан Х.Лхагвасүрэнг авснаар үндсэн бүрэлдэхүүн тогтжээ. 

Хамтлагийн ажил жигдэрч, уран бүтээлдээ шаргуу орсон тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр болж хамтлагийн ахлагч Энхманлайгийн зохиосон “Амьдрал” дуугаар тоглолтоо нэрлэжээ. 

Хамтлагийн ахлагч Ц.Энхманлай “Ардчиллын салхи сэвэлзэж байсан тэртээх 1989 оноос хойш 30 жил өнгөрчээ.  Анхныхаа бүрэлдэхүүнээр 30 жил оршин тогтносон хамтлаг дэлхий дахинд гарын таван хуруунд багтахаар цөөхөн” хэмээж байв.

“Харанга”-ын Лхагвасүрэн хэмээн хамтлагаараа овоглосон тэрбээр 1983 онд Цэргийн хөгжимд орж, 029-р ангийн хөгжмийн салаанд нарийн бүрээ тоглодог байжээ.

Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлаач, доктор С.Соронзонболд “Дуучин Х.Лхагвасүрэн бол хар багаасаа цэргийн хөгжим сонсож өссөн хүүхэд. Цэрэг армийн эрч хүчтэй, бадрангуй, баатарлаг өнгө аяс дотроос нь илэрч гарч байдаг. Тэрбээр зөвхөн дуучин хүн бус яруу найрагч нэгэн. Монголын рок хөгжмийн яруу найраг, хөгжмийг үндэслэгч, эцэг нь юм” хэмээжээ.

1995 он: Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ, поп дива Б.Сарантуяагийн хамт.

Анх удаа Оросод тоглохдоо “Большой театр”-т морилжээ. Ийнхүү “Толин хул” Их театрын тайзнаа цууриатаж байв.

2011 онд “Нарыг хайрла” тоглолтоо хийв. Энэ нь түүний урлагаар амьдарсан 40 жилийн анхны бие даасан тоглолт байв.

Дуулна гэдэг бөөлөхтэй адил. Бөө онгод нь орж бөөлдөг бол дуучин хүн дуундаа орж дуулна. “Харанга” хамтлаг  2 бөөтэй. Нэг нь Энхманлай, нөгөөх нь Лхагвасүрэн. Лхагвасүрэн “Би дуулахдаа л бөөлчихдөг” гэж ярьж байсан удаатай.

2014 онд: Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр энгэрээ мялаажээ.

2016 он: Рок поп хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2016 онд “Харанга” хамтлагт Алдрын од гардуулсан юм. Соёлын төв өргөөний гадна талбайд тус хамтлагт зориулан хүндэтгэлийн индэр босгосон билээ. 

Түүнийг хар шил, хар савхигүйгээр төсөөлөхөд бэрх.

2019 он: “Харанга” хамтлагийн уран бүтээлчид  Төрийн соёрхол хүртэв. Төрийн шагнал хүртээх тухай зарлигт

“…Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон:

Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”,

Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”,

Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”,

Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”,

Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

error: Content is protected !!