No menu items!
HomeЭмч зөвлөж байнаС.Амармандах: Жирэмсний хожуу хордлого нь эх, хүүхдийн амь насанд аюул, эрсдэл учруулдаг

С.Амармандах: Жирэмсний хожуу хордлого нь эх, хүүхдийн амь насанд аюул, эрсдэл учруулдаг

-

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы магистр, Клиникийн профессор С.Амармандахын “Жирэмсний хожуу үеийн хордлого” сэдвээр өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Жирэмсний хожуу үеийн хордлого гэж юуг хэлэх вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

– Жирэмсний хожуу хордлого нь эх, хүүхдийн амь насанд аюул, эрсдэл учруулдаг. Мөн эхийн ноцтой хүндрэлд орох шалтгааны дээгүүрт явдаг. Энэ байдлаас гарсан ч гэлээ эх, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой уршиг насан туршид ч үлдэж болно. Жирэмсний хожуу хордлого хүнд хэлбэрээр явагдахаар дутуу төрөлтийн голлох шалтгаан болдог. Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр нь жирэмсэн үед эмчлэгддэггүй. Манай ард иргэд энэ талаар ойлголт маш муутай байна. Жирэмсний 12 долоо хоног буюу эхний гурван сар хүртэлх хугацааг жирэмсний эрт үе гэж нэрлэдэг. Энэ үеийн хордлогын шинж тэмдгүүдийг манай эмэгтэйчүүд сайн мэддэг. Жишээ нь огиулж бөөлждөг, дотор муухайрдаг, хар шүлс нь асгардаг гэх мэтээр. Гэтэл жирэмсний хожуу хордлогын талаар ойлголтгүй байдгаасаа болж хүндэрчхээд хүүхдээ тээж, гаргах ёстой гэж эмч, эмнэлгийнхэнд шаардлага тавьдаг. Энэ нь үнэхээрийн эхийн болоод хүүхдийн амь насанд аюултай эмгэг учраас гүйцэд тээх боломжгүй болох талтай.

– Шинж тэмдгийн тухайд?

– Энэ эмгэг нь жирэмсний таван сартайгаас буюу 20 долоо хоногоос хойш хугацаанд гурван гол шинж тэмдгээр илэрдэг. Үүнд

Цусны даралт ихэснэ

Бие хавагнана

Шээсээр уураг алдах шинжүүд илэрдэг.

Энэ гурван гол шинж ямар байдлаар илэрч байна вэ гэдгээр нь хөнгөн, хүнд хэлбэр гэж ангилдаг. Хөнгөн үед цусны даралтын хэмжээ 140/100 хүртэл ихсэх, хөлийн шилбэ, шагайгаар хавагнаж, нүүр зовхи нь цэлхийж, дараа нь шээсээр уураг алдаж гурвалсан хамж шинжээр илэрнэ. Хөнгөн хэлбэр нь хүндрүүгээ маш богино хугацаанд шилжчихдэг талтай.

Харин хүнд хэлбэрийн үед артерийн даралт 160/100 хүртэл нэмэгдчихсэн байх бөгөөд даралт  ихдэлтийн  зовиур  илэрнэ. Тухайлбал,

  • Толгой өвдөнө
  • Дотор муухайрна
  • Шилэн хүзүү өвдөж, хөшнө
  • Аюулхай орчимд өвдөнө
  • Нүд бүрэлзэнэ /оч харагдаад байгаа мэт болно/
  • Хэвлийн баруун доогуур өвддөг. Үүнийг хүнд хэлбэр гэж үзнэ.

Хэдийгээр би 160/100 гэсэн хэмжээг хэлж байгаа хэдий ч зарим эмэгтэйчүүд даралт багтай байдаг. Тухайлбал 90/60, 80/50 гэсэн даралттай эхчүүд бий. Тэгэхээр тухайн эмэгтэйн жирэмсэн биш байх үеийн суурь даралтан дээр нь 30-аас дээш хэмжээгээр нэмэгдвэл хүнд хэлбэр гэж үзнэ.

Хэвийн тээлттэй эх жирэмсний хугацаанд 10-12 кг нэмэгдэх ёстой. Гэтэл хавангаас болоод огцом нэмэгддэг. Эсвэл бага багаар нэмэгдэж байгаад бүх бие хөөгөөд хавагначихдаг.

Эхлээд хөлийн шилбэ, шагайгаар хавагнаж байгаад нүүр зовхи, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар хавагнадаг. Зарим тохиолдолд гараа атгаж болдоггүй. Мөн гадна бэлэг эрхтэн хавагначихдаг бол үүнийг жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэрийн нэг гэж үздэг.

Хаван нь удаад даамжраад ирэхээр илүү хүндрэлүүд гарна. Хавагнана гэдэг нь судсаар урсаж буй цусны шингэн хэсгүүд нь судасны ханаараа нэвчиж гараад эд эсрүү очихийг хэлж байгаа юм. Ингээд судас дотор шингэн хэсэг байхгүй өтгөн дүрст элементүүд үлдэхээр эргэлт муудаад ирдэг. Энэ үед хамгийн түрүүнд ам нь хатаж, цангах шинж илэрнэ. Эхчүүд өөрсдөө ажиглавал уусан шингэн, шээсний хэмжээ хоёр хоорондоо тохирохгүй болчихдог. Хүн бага зэрэг ачаалал /шатаар өгсөх, хурдан ахлах/ авахад  амьсгаадаж болно. Гэтэл хаван нь цаашаа даамжраад ирэхээр зүгээр сууж байгаа үед ч амьсгаадаад байдаг. Зарим хүн шөнө унтаж байгаад гэнэт босоод суучихдаг шүү дээ. Энэ нь цээжний хөндийд шингэн хуримтлагдаад, хүндэрч байгааг илтгэх шинж юм. Мөн ам нь цангаад жоохон юм уухад л ходоод тулаад, цанхайгаад байдаг. Хэвтэж, суухад ч хэцүү байдалд ордог. Энэ нь хэвлийн хөндийд шингэж үүсч байгааг илтгэх бөгөөд аюултай шинж юм.

Харин шээсээр уураг алдах тухайд шинжилгээ хийж байж оношилдог. Хүн хэвийн үедээ 0.033 гр/л уураг алдаж болно. Гэтэл жирэмсний хордлогын хүнд хэлбэрийн үед мянганы гэдэг хэмжээгээр жиш бүхлээрээ буюу 3 гр/л түүнээс дээш хэмжээтэй уураг алдаж эхэлдэг. Эмнэл зүйн практикт ихэвчлэн 26,27,28 долоо хоногтойгоос  ихсээд  байдаг. Яагаад гэвэл энэ үед жирэмсэн эмэгтэйн эргэлдэх цусны эзэлхүүн гэдэг юм нь нэмэгдчихдэг. Хүмүүс таван литр цус л хүнд эргэлддэг гэж  ойлгодог. Гэтэл хэвийн жирэмсэн эмэгтэйн жирэмсний 6 долоо хоногоос нь эхлээд тэр таван литр цус нь аажмаар нэмэгдэж байгаад 1.5-2 литр хүртэлх хэмжээгээр нэмэгддэг. Энэ өөрчлөлтөд хэвийн жирэмсэн эхчүүд  л дасан зохицож чаддаг. Жирэмсний хожуу хордлого үүсч байгаагийн нэг гол шалтгаан нь хавсарсан эмгэг юм. Тур дундаа бөөрний эмэгтэй байвал жирэмсний хожуу хордлого 80, 90 хувьд хүндэрч байна. Тэгэхээр эмэгтэйчүүд маань жирэмслэхээсээ өмнө эрүүл болох хэрэгтэй. Ямар нэгэн суурь эмгэггүй байх хэрэгтэй гэж хэлмээр байна.

– Жирэмсний хожуу хордлогын үед ямар хүндрэл үүсэх вэ?

– Артерийн даралт нь ихэсдэг эхчүүдэд дээр дурдсан шинжүүд илэрч байвал жирэмсэн үеийн аюултай шинж тэмдэг гэж үздэг.

Энэ үед цусны даралтыг маш богино хугацаанд буулгаж, эмчилгээ хийхгүй бол татаад ухаан алдах эрсдэлтэй. Хэдэн ч удаа татаж болох бөгөөд эх, ургийн аминд хамгийн их аюул учруулдаг. Нэг удаа татахад л тархинд нь цус харваад эх нас барчхаж болно. Үхэлд хүргэх хэмжээний цус харвахгүй байлаа гэхэд эхийг насан туршид нь хөдөлмөрийн чадваргүй болгоно.

Энэ бүх зүйлс нь эргээд урагтаа маш муу нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл эхийн цусан хангамж муудаж, маш их хавагначихсан байгаа шүү дээ. Энэ нь урагт очих тэжээлийг хомсдуулчихдаг юм. Энэ бүх үзүүлэлтүүд тав, долоо хоногийн дотор гараад муудчихдаг эд биш л дээ. Хоёр, гурван долоо хоногоос дээш хэмжээнд энэ байдал үргэлжлээд байвал хүндрэлд хүргэнэ. Дээрх гурван гол шинж тэмдгийн аль нэг нь жирэмсэн эмэгтэйд гарч байгаа бол шууд эмнэлэгт хандах шаардлагатай.

Мөн дараагийн нэг амь насанд эрсдэл учруулдаг зүйл нь, энэ нь цусны бүлэгнэлтийг муудуулчихдаг. Өөрөөр хэлбэл цус бүлэгнэхгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр жирэмсэн болон төрөх үедээ, төрсний дараа ч цус алдаж болно. Энэ нь эхийг маш богино хугацаанд үхэлд хүргэх аюултай.

Түүнчлэн хүндэрсэн үед хөндийт эрхтнүүдэд шингэн хуримтлагддаг. Энэ нь олон эрхтний үйл ажиллагааг нэгэн зэрэг алдагдалд оруулна. Жирэмсний хожуу хордлогын хүндрэлийг ерөнхийд нь “базаад” хэлбэл энэ нь нэг  эрхтний өвчин биш юм. Маш олон эрхтэн, цусны бүлэгнэлтийг хүртэл гажуудуулдаг. Тиймээс үүнээс  урьдчилан  сэргийлэх шаардлагатай гэдгийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь эмнэлзүйн практикт их тохиолдож байгаа бөгөөд дутуу төрөлтийн шалтгаан болж байна.  Ерөнхийдөө бол олон эрхтний үйл ажиллагааг алдагдуулж, дутагдалд оруулдаг эмгэг байх нь.

– Хожуу хордлогын үед хоол идэх дуршил буурдаг уу?

– Жирэмсний таван сараас хойших хугацаанд хоолонд дургүй болно гэдэг нь хожуу хордлогын шинж биш. Даралт ихсээд, хавагнаад тэрний сууринд дээр хоолонд дургүй болох талтай.

– Жирэмсний хожуу хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

– Жирэмсэн хүн болгон үүнд өртдөггүй. Үүнээс сэргийлэхийн тулд ажил, амралтаа сайн зохицуулах хэрэгтэй. Тухайлбал,

  • Шөнө сайн унтаж, амарна
  • Шингэн зүйл хангалттай ууна
  • Ачаалалтай ажил хийж болохгүй

Хүндрээд ирсэн эхчүүдийг харахад оюутнууд их байдаг. Учир нь шалгалт, хичээлээс болоод ачаалал авчихдаг. Мөн нягтлан бодогч, тогооч хүмүүс их ирдэг.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны...

трэнд