LOADING

Type to search

“Үе солиулах хагалгаа хамгийн сүүлд хийгддэг эмчилгээний сонголт”

Share

Улсын хоёрдугаар төв эмнэлгээс иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор эмчийн зөвлөгөө бүхий шууд дамжуулалтыг хийдэг.  

Улсын хоёрдугаар эмнэлгийн үений мэс заслын II тасгийн их эмч, Анагаах ухааны магистр Г.Билгүүн, н.Анхбаяр нар шууд дамжуулалтад оролцож, үений эмгэгүүд болон үе солих мэс заслын эмчилгээний талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.  

– Өвдөгний үеэр өвдөх нь ямар шалтаантай вэ?

– Аливаа үе, өвдөгний үеэр өвдөх нь олон шалтгаантай. Насжилт, гэмтэл, төрөл бүрийн үений архаг үрэвслүүд гэсэн шалтгаанууд зонхилдог. Залуу хүмүүсийн хувьд өвдөгний үеэр өвдөх шалгаанаас зонхилон тохиолддог нь гэмтлийн болон үений хэт их ачаалалтай холбоотой. Гэмтлээс шалтгаалан жийргэвч мөгөөрс урагдсан, холбоос тасарсан, өвдөгний үений мөгөөрс элэгдсэн гэх мэт шалтгаануудын улмаас өвдөгний үеэр өвддөг. Энэ тохиолдолд шаардлагатай оношилгоог хийж, тохирсон эмийн болон мэс заслын эмчилгээг хийнэ.

Настай хүмүүсийн хувьд суурь, архаг өөрчлөлтүүдээс гадна насжилт нь дангаараа аливаа үений элэгдэлд орж, муудах шалтгаан болж байдаг. Нас ахих тусам өвдөгний үе аажим аажмаар муудаж, өвдөлт зовиур ихсэн, эмийн эмчилгээ үр дүнгүй болдог. Энэ тохиолдолд үе солиулах мэс засал хийгддэг байгаа. Гэхдээ мэдээж хагалгаа хийлгэх шаардлагатай эсэхийг эмчид үзүүлж, өвдөгнийхөө зургийг авахуулж байж шийднэ. Мэргэжлийн эмчийн зааврын дагуу ямар эмчилгээ хийхийг шийднэ гэсэн үг.

–  Үе хоорондын жийргэвчийн урагдал юунаас болж үүсдэг вэ, хэрхэн эмчлэх вэ?

– Энэ нь ихэвчлэн залуу хүмүүст гэмтлийн шалтгааны улмаас үүсдэг. Үений жийргэвчийн урагдалтын үед дурангийн мэс засал хийдэг. Гаднаас нь ямар нэгэн эм, тосон түрхлэг хэрэглээд зовиурыг л түр намдаана уу гэхээс жийргэвчийн урагдал өөрөө нөхөн төлжиж, эдгэрэх нь ховор. Тиймээс ихэнх тохиолдолд үений дурангийн мэс засал хийгдэж, жийргэвчийн урагдлыг оёж сэлбэх, сэргэх боломжгүй бол урагдсан жийргэвчийг өөлж, тайрч авах ажиллабарыг хийнэ.

Дурангийн хагалгаа хийснээр өвдөгний үенд өөрчлөлт үүсэх гэх мэт цаашид гарч болзошгүй сөрөг нөлөөллөөс хамгаалах  ач холбогдолтой юм. Ямар төрлийн хагалгаа хийгдсэнээс хамаараад хагалгааны дэглэм, нөхөн сэргээх хугацаа өөр өөр.

Хагалгааны дараа үений ачааллыг аль болох тодорхой хэмжээгээр хязгаарлах нь чухал. Спортын дасгал болон биеийн хүчний ачаалал өгөх хөдөлгөөнүүдийг хийх гэж яарах хэрэггүй.

-Ямар эмгэгийн үед өвдөгний үе солих хагалгааг хийх вэ?

– Өвдөгний үений остеоартроз гэх өөрчлөлт мэс засал хийх гол заалт болж байгаа. Гэхдээ остеоартроз өөрчлөлт нь тодорхой үе шаттай явагддаг. Дан ганц насжилтаас хамаарч аажмаар өвдөгний үе элэгдэх, хэрх болон хэрх төст гэх мэтийн олон төрлийн архаг үрэвслүүд гээд өвчин үүсэх шалтгаан нь мөн олон янз. Остеоартроз өөрчлөлтүүд ихэнх тохиолдолд настай хүмүүст үүсдэг.

Сүүлийн үед таргалалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үенд очих ачаалал ихсэж, харьцангуй эрт остеоартроз өөрчлөлтүүд үүсэх болсон.  Мөн бас нэг гол шалтгаан нь гэмтэл. Томоохон хугарал, гэмтэл авсан тохиолдолд залуу хүнд ч остеоартроз өөрчлөлт үүсч болно.

Өөрчлөлт үүссэн эхэн үед шууд мэс засал хийхгүй. Эмийн эмчилгээ болон, амьдралын хэв маягийн дэглэмүүдийг баримтлах арга хэмжээ авна. Өвдөлт нэмэгдэж, эмийн эмчилгээ үр дүнгүй болсон хожуу үе шатанд нь үе солих хагалгаа хийх заалттай.

Хагалгааг хийхэд мөн насны заалт гэж бий. Харьцангүй хожуу насанд үе солих хагалгааг хийх нь зүйтэй гэж анагаах ухаанд үздэг юм. Үе солилулах хагалгаа хийлгэснээс хойш дунджаар 15-20 жилийн дараа солиулсан хиймэл үе мууддаг. Хиймэл үе муудсан үед дахин солих шаардлагатай бөгөөд энэ нь анхны хагалгаанаасаа хүндрэл, эрсдэл ихтэй болдог тул аль болох давтан хагалгааг хийлгэхгүй байх нь зүйтэй гэж үздэг.

Өвдөгний үе солиулсан хүмүүст хоёр төрлийн асуудал тулгардаг. Нэгдүгээрт, ямар нэгэн ханиад томуу, хатгаа авах, идээт халдвар авсан тохиолдолд өвдөгний мететалл хиймэл үе байгаа хэсэгт халдвар үүсэх эрсдэлтэй. Хоёрдугаар, суулгасан үе суларч хөдөлгөөн орох. Энэ төрлийн давтан хагалгаа манай эмнэлэгт нэлээд хийгдэж байгаа. Хиймэл үений хэсэгт халдвар үүсэх нь аль ч улс оронд нэлээд төвөгтэй асуудалд тооцогддог.

Гадаадын орнуудад 65-аас дээш насныханд хагалгаа хийх нь тохиромжтой гэж үздэг. Манай орны хувьд 60-аас дээш насныханд хийлгэхэд тохиромжтой. Залуу хүнд үе солих хагалгааг яаран хийхгүй. Аль болох хожуу насанд хийх зорилго тавьдаг. Гэхдээ төрөл бүрийн гэмтэл болон үений үрэвслийн шалтгаанаар үений остеоартроз өөрчлөлт залуу насанд үүсч, хожуу үе шатанд орсон, эмийн эмчилгээ үр дүнгүй, өвдөлт зовиур ихтэй байгаа тохиолдолд мэс заслын эмчилгээг хийхээс өөр аргагүй болно.

– Өвдөгний үений остеоартроз өөрчлөлтийн талаар ойлголт өгөхгүй юу?

-Өвдөгний үений хагалгаа хийлгэх гол заалт бүхий эмгэг нь остеоартроз өөрчлөлт юм.

Өвдөгний үений гадаргууд дунд чөмөгний яс, шилбэний ясны төгсгөл хэсэгт үений мөгөөрс ясыг хучин байрладаг. Өвдөгний үений остеоартроз өөрчлөлтийн эхний үе шатанд үений мөгөөрс зөөлрөх, ховхрох, нимгэрэх өөрчлөлтүүд явагддаг. II үе шатанд үений зургийг нүдээр харахад мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч ирдэг. Мөгөөрс дундуураа цуурах, зарим газраараа ховхрох, гадаргуу барзайх, өвдөгний үений ясанд яс ургаж эхлэх, өвдөгний жийргэвч мөгөөрс зэрэг зөөлөн бүтцүүдэд элэгдлийн шинж тэмдэгүүд илэрнэ.

III шатанд мөгөөрсний элэгдэл ихсэж, зарим хэсгээрээ мөгөөрсгүй болж эхэлдэг. Ялангуяа ачаалал их авдаг дотор, гадна булуу болон тойгны үетэй харьцдаг дунд чөмөгний гол хэсэгт илүү их өөрчлөлт гардаг. Яс ургалт нэмэгдэж, жийргэвч мөгөөрс элэгдэн эзлэхүүнээрээ багасч, нимгэрэх, урагдах, өвдөгний үений шингэн багасах өөрчлөлтүүд илэрнэ.

 IV үе шатанд мөгөөрс элэгдэж, ихэнх хэсэгтээ байхгүй болдог. Хөдөлгөөн хийж, алхах гишгэх үед шилбэ болон дунд чөмөгний яс хоорондоо мөгөөрсөөр хавчуулагдаж хөдөлдөг байсан бол мөгөөрс байхгүй болсноор яснууд хоорондоо үрэгддэг. Тиймээс хөдөлгөөн хийхэд өвдөлт ихээр мэдэрнэ. Өвдөгний нүдээр хатгаж өвдлөө гэж ярьдаг шүү дээ. Яс ургалт нэмэгдэж, нэг тал руугаа овойж, хавдах өөрчлөлтүүд рентген зураг дээр харагдана. Үений гадарга мөгөөрсөөс гадна жийргэвч мөгөөрс дагаж элэгддэг. IV үе шатанд орсон тохиолдолд үе солих хагалгаа хийгддэг.

Хагалгааны дараа 3-6 сар нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай байдаг. Энэ хугацаанд өвчтөн эмчийн хяналтан дор нөхөн сэргээх дасгалыг хийж байж хагалгааны үр дүн сайн гарна. Хагалгаа хийлгэсний дараа дасгалаа сайтар хийхгүй бол хагалгааны дараа хөлний хөдөлгөөн бүрэн сэргэхгүй байх сөрөг үр дагавар гарч болзошгүй.

-Үе солиулах хагалгааны давуу тал юу вэ?

-Үе солиулах хагалгаа хийлгэснээр өвдөлт намдах, тухайн үений хязгаарагдсан хөдөлгөөн сэргэх боломж гардаг. Энэхүү хоёр үр дүнгийн улмаас тухайн хүний амьдралын чанар сайжрах давуу талтай.  Олон улсын судалгаагаар үе солиулах хагалгааны алсын үр дүнгийн хугацаа дунджаар 15 жил байдаг гэж үздэг.

-Үе солих хагалгааг хоёр хөлөндөө зэрэг хийлгэж болох уу?

– Үе солих хагалгаа нэлээд хүнд хагалгаанд ордог. Хоёр өвдгөнд зэрэг үе солиулах эмчилгээний тактик бий. Тухайлбал, Улсын I төв эмнэлэгт зэрэг солиулах эмчилгээний аргыг хэрэглэж байна. Манай эмнэлгийн хувьд зэрэг биш цуварч орох тактикийг баримталдаг. Хагалгаа хоорондын зай дор хаяж гурван сар байна. Зэрэг орсон тохиолдолд хагалгааны дараа зовиур шаналгаа их, хүндрэл гарах эрсдэл нэмэгдэнэ.

– Яс ургалтыг хэрхэн зогсоох вэ?

– Остеоартроз  өөрчлөлт насжилттай холбоотойгоор 50, 60 насанд илүү элбэг тохиолдож байгаа. Насжилтаас шалтгаалан өвдөгний үенд гарч байгаа өөрчлөлт, яс ургалтаас урьдчилан сэргийлэх, 100 хувь бүрэн зогсоох эмчилгээ хараахан гараагүй. Сүүлийн үед тухайн хүний үүдэл эсийг ялгаж авч хийдэг өвдөгний үенд тарих тарилга эмчилгээний шинэ технологи гарч, манай улсад нэвтэрч эхэлж байгаа.

Үений мөгөөрсийг нөхөн сэргээж байна, үр дүн сайтай байна гэдэг эмчилгээний шинэ аргууд гарч байгаа хэдий ч 100 хувь яс ургалтыг зогсоодог, мөгөөрсийг нөхөн сэргээдэг эмчилгээ байхгүй. Тиймээс эмийн эмчилгээ үр дүнгүй болохын цагт үе солих мэс заслыг түгээсэл хэрэглэж байна.

Харьцангуй залуу хүмүүсийн хувьд гэмтэл болон бусад шалтгааны улмаас үений мөгөөрс элэгдсэн тохиолдолд тохирсон эмчилгээг хийлгэснээр яс ургалтаас тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх, удаашруулах боломж бий.

-Өвдөгний үений тарилгыг байнга хийлгэж болох уу?

-Өвдөгний үений тарилга нь үений эмгэгийн үед өргөн хэрэглэгддэг. Ялангуяа, остеоартроз  өөрчлөлтийн эхэн үед нэлээд ач холбогдолтой, үр дүн сайтай байдаг эмчилгээ.

Өвдөг өвддөг, хагалгаанд орох нас болоогүй хүмүүс дэглэмээ барьж, эмийн эмчилгээгээ хийлгээд явна. Эмийн эмчилгээнд өвчин намдаах эм, тосон түрхлэг зэрэг багтана. Удаан хугацаагаар өвчин намдаах эм хэрэглэх нь ходоод, бөөрөнд гаж нөлөө үзүүлэх тул сонголтоор өвдөгний үений тарилга эмчилгээг хийж болдог.  

Тарилга нь үений шингэнтэй ойролцоо бүтэцтэй, мөн өвдөлт намдаах гормон, дааврын найрлагатай байна. Сүүлийн үед өвчтөний цуснаас сийвэн, үүдэл эсийг ялгаж авч хийх шинэ аргууд нэвтэрсэн. Тарилга нь өвдөгний өвдөлт зовиурыг тодорхой хугацаанд намдаах зориулалттай. Остеоартроз  өөрчлөлтийн эхэн үед тарилга хийлгэсэн үед өвдөлтийг хэдэн сараар багасгах ач холбогдолтой. Ингэснээр тухайн саруудад уух өвчин намдаах эмний тоо багасна. Хошуу буюу III, IV шатанд энэ тарилга үр дүн муутай болж ирдэг. Ялангуяа, IV шатанд ямар ч үр дүн өгөхгүй.

Сая дурьдсанчлан даавар агуулагддаг тарилга бий. Энэ тарилгыг байнга хэрэглэх нь гормон эмчилгээний гаж нөлөө илрэх эрсдэлтэй. Тиймээс тогтмол үүнийг хийлгэх нь тийм ч тохиромжтой биш.

– Хэрхэн оношлох вэ?

– Өвдгөөр өвдөж байгаа тохиолдолд эмчид үзүүлж, рентген зураг авахуулах шаардлагатай.  Рентген зураг ясанд ямар өөрчлөлт байгааг хардаг. Үүнээс гадна MRI шинжилгээ чухал ач холбогдолтой. Рентген зургаас ялгаатай нь яснаас гадна зөөлөн эд, шөрмөс, холбоосуудын эмгэг өөрчлөлтүүдийг илүү нарийн оношлох боломжтой. Гэхдээ эмчид үзүүлээд шаардлагатай гэсэн тохиолдолд уг шинжилгээг хийлгэнэ.

-Өвдөгний үе солих хагалгааны үнэд Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Улсын томоохон эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хамгийн анх 2014 онд өвдөгний үе солих хагалгааг хийсэн. 2015 оноос хойш манай эмнэлэгт 1000 орчим өвдөг болон түнхний үе солих хагалгаа хийгдээд явж байна. Өвдөгний болон түнхний үеийн анхан болон давтан хагалгаа хийгдэж байна.

2015 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр хагалгааг хийж эхэлсэн.  Даатгалаас хөнгөлөх нь үйлчлүүлэгчид очих эдийн засгийн ачаааллыг ихээхэн багасгаж байгаа юм. Одоогийн байдлаар /2020 оны наймдугаар сар/ өвдөгний үе солих хагалгааг  хийхэд үйлчлүүлэгчээс өөрөөс нь гарах зардал 1,9 сая байна. Энэ нь хагалгааны нийт зардлын 25 хувь юм. 75 хувь нь даатгалын сангаас гарах тул эдийн засгийн дарамт багасаж байгаа юм.

Түнхний үе солиулах хагалгааны хувьд их төвөгтэй хагалаанд тооцогддог. Мултрал олон жил болсон, хөдөлгөөн хязгаарлагдсан тохиолдолд яснаас гадна зөөлөн эд, булчин шөрмөсүүдэд өөрчлөлт гарсан байдаг. Хагалгааг хийхэд өвчтөнөөс 1,6-1,7 сая орчим төгрөг төлөгдөнө.

Давтан хагалгаа анхны хагалгаагаа бодвол техникээс гадна эдийн засгийн хувьд илүү зардалтай. 2020 оноос өндөр өртөгт хэрэгслийн журамд нэмэлт өөрчлөлт орж, давтан хагалгаанд төлдөг зардал төлбөр багассан. Өмнө нь үндсэн хагалгааны төлбөрөөс гадна нэмж хэрэглэсэн материалын мөнгийг өвчтөн өөрөө 100 хувь төлдөг байсан бол одоо давтан хагалгааны нэмэлт материалуудын үнийг даатгалаас 75 хувь хөнгөлж байгаа.

-Орон нутгаас үзүүлэхээр ирэх иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

– 13А маягттай ирсэн тохиолдолд үзлэг, оношилгоо, эмчилгээ тусламжийг үзүүлнэ. Төлөвлөгөөт хагалгаа, амбулаторийн үзлэг оношилгоонд 13А маягт зайлшгүй шаардлагатай. Яаралтай тусламжийн үед хамааралгүй.

-Өгсүүр газраас уруудах болон дугуй унах үед өвдөгний үеэр өвдөх нь ямар шалтгаантэй вэ?

– Остеоартроз  өөрчлөлтийн эхэн үед шулуун замаар алхахад өвдөхгүй, босч суух, шатаар өгсөж, уруудах, үсэрч харайхад өвдөлт үүсч эхэлдэг. Эхний үе шатуудад илүү ачаалал авсан үед өвдөлт өгч, бусад үед өвдөхгүй байдаг онцлогтой. Эмнэлэгт үзүүлж, оношилгоо хийлгэснээр тохирсон эмчилгээг хийлгэх шаардлагатай.

– Спортын бэлтгэл сургуулилтын дараа өвдөгний үеэр өвдөх нь ямар шалтгаантай вэ?

-Сүүлийн үед фитнессээр хичээллэсэнтэй холбоотойгоор харьцангуй залуу насанд зовиур илэрдэг эмгэг өөрчлөлтүүд ихсэж байгаа. Энэ нь бэлтгэлийн үед авах ачаалал ихэссэнтэй холбоотой.

Суулт хийх, хүндийн өргөлттэй суулт хийх гэх мэтээр өвдөгний үе болон доод мөчинд очих механик ачаалал байнгын давтамжаар нэмэгдсэнээр ачааллаас шалтгаалсан өвдөгний үений мөгөөрсний элэгдлийн процесс тодорхой хэмжээгээр явагддаг. Зовиур илэрч буй тохиолдолд хийж буй дасгалын ачааллыг тохируулах шаардлагатай. Мөн эмчид хандаж рентген зураг авахуулах шаардлагатай. Өвдөлт өгөөд байхад дасгалаа үргэлжлүүлэх нь цаашид өвчлөлийг даамжруулах эрсдэлтэй.

Эх сурвалж: Улсын хоёрдугаар төв эмнэлэг

error: Content is protected !!