No menu items!
HomeХүмүүсРавсал Панзын дүрээр олноо алдаршсан Б.Магсаржав

Равсал Панзын дүрээр олноо алдаршсан Б.Магсаржав

-

Жил бүрийн наадмаар бид бүхний шимтэн үздэг уран бүтээлүүдийн нэг бол “Гарьд магнай”. Ж.Бунтар найруулагчийн тус уран бүтээл наадам бүр ёс мэт гарч, олон түмнийг дэлгэцийн өмнө уясаар 40 шахам жил болж буй. Энэхүү киноны Равсал панз хэмээх чимэг болсон дүрийг бүтээсэн Гавьяат жүжигчин Б.Магсаржавыг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Тааж мэддэг Таван хан биш, тамшаалж иддэг тарлан бух биш…  Киноны чимэг бол яах аргагүй Равсал панзийн дүр. Уг дүрийг амилуулсан Гавьяат жүжигчин Магсаржав найруулагчийн хараанд өртөн ногоон гэрлээр шууд л дүрээ бүтээх болсон юм гэдэг.

Найруулагч Ж.Бунтар Равсал панзаа сонгочихоод дүрээ батлуулах санаатай Соёлын яаманд хандтал баян хүний дүрд туранхай хүн сонголоо гэж зэмлэсэн удаатай. Харин гярхай найруулагч “Сайд аа! Тийм биш шүү. Жижигхэн хүн муу санаатай байдаг юм” гэсээр түүнийг сонгосон юм билээ.

Найруулагч Ж.Бунтар нэгэнтээ “бөх залуу, саальчин бүсгүйн тухай кино хийлээ гэсэн чинь Равсал Панзийн тухай кино болчихлоо” хэмээн дурссан нь бий. Магсаржав гуай дүрээ бүтээхийн тулд бүтэн нэг жилийг судалгаа хийхэд зарцуулсан юм гэдэг.

Тус кинонд тоглохдоо 40 настай байсан аж. Тухайн үед Дарханы театрт ажиллаж байв. Гэтэл Дарханы театрт найруулагч байсан И.Нямгаваа “Магсаржаваа чи, Равсалд тоглож чадахгүй ээ. Энэ чиний бүтээж чадах дүр биш” гэж л дээ. Магсаржав гуай ч бусдаас юугаараа дутахав гээд л дүрээ бүтээхээр сэтгэл шулуудсан юм гэдэг. Ингэж л тэрбээр Равсал панз хэмээх дуурсах нэрийг бүтээжээ. Кино гарснаас хойш хүмүүс түүнийг “Равсал Панз аа!” хэмээн дууддаг болсон. Хороон дарга нь орж ирэнгүүтээ” Равсалаа чиний нэр хэн билээ” гэж байсан гэдэг.

Равсал Панзыг айрганд толгойгоор нь дүрдэг хэсэг үзэгчдийн сэтгэлд тодхон. Энэ талаар тэрбээр “Би өөрийгөө айрганд толгойгоо дүрүүлсэн их азтай хүн гэж бодоод бэлгэшээдэг юм. Учир нь цагаан идээ арвин байдаг шүү дээ. Айраг нүүрэнд судал гаргаж хатдаг юм билээ. Бидний үеийн уран бүтээлчид аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандахыг эрмэлздэг байж дээ. Хэзээ ч худал дүр эсгэж, үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. Зураг авалтын үед хэдийгээр айраг нүд, хамар луу орж хорсгож байсан ч тэвчээд зургаа дуусгаж байлаа” хэмээн дурсжээ.

50-иад киноны гол ба туслах дүр бүтээж, ард олондоо “Равсал панз” нэрээрээ алдаршсан тэрбээр 1945 онд Ховд аймгийн Булган суманд төржээ. Түүний аав нь Хязгаарын цэргийн офицер байсан тул эх орныхоо торгон хил дээр төрсөн аж.

Бага байхдаа гэр бүлийн хамт хот ирж сууршин, 1962 онд Комбинатын 18 дугаар сургуулийг төгсжээ. Сургуулиа төгсөөд Гутлын цехэээс ажлын гараагаа эхлүүлж, хоёр жилийн дараа “Хүүхдийн төв театрт жүжигчин элсүүлнэ” гэдэг зарыг радиогоор сонсоод л найруулагч И.Нямгаваагийн хамт шалгуулахаар очжээ. “Гарын таван хуруу” киноны найруулагч И.Нямгаваа Магсаржав гуай хоёр өвөр түрийдээ орж өссөн улс.

Бага байхын л жүжиг үзэх дуртай байсан тэрбээр Ардын жүжигчин С.Гэндэн, Э.Оюун, Л.Ванган, хүүхдийн театрын Очирбат, Энхтуяа, Дугарсанжаа нараар шалгуулан, урлагийн томчуудаар “өлгийдүүлж” урлагтай амьдралаа холбосон юм.

1964 онд Ардын жүжигчин Д.Гомбосүрэн Хүүхдийн театрт босгоор хөтлөн оруулснаар урлагийн их амьдралд хөл тавьжээ. Тайзнаа анх бүтээсэн дүр нь Л. Ванганы “Жирийн хүмүүс” жүжгийн дублёр дүр байж. Тэрбээр, “Тайзан дээр гартал миний хамаг биений хүйтэн хөлс гараад, тэгж тэгж нэг юм гартал зритель их сайхан хүлээж авч билээ. Багшийнхаа хэлсэн ярьсан болгоныг л дотроо бодоод тоглодог байлаа шүү дээ. Гэхдээ дүр бүтээнэ гэдэг их хэцүү. Тэр хүнийхээ хувийн зан чанар, ааш авир гээд бүгдийг мэдэж байх хэрэгтэй” хэмээжээ. Магсаржав гуай Хүүхдийн театрт 14 жил ажиллахдаа 20 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн байна.

1967 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангид шалгалт өгөхөөр очиход нь Э.Оюун гуай “Хүүе, чи энд юугаа хийж яваа юм. Бушуухан явж жүжгээ бэлд” гээд буцааж байсан юм гэдэг.

1976 оноос Дарханы театрт очиж ажиллажээ. Тэндхийн тайзнаа 50 гаруй дүрийг амилуулсан гэдэг. 1977 онд Дарханы театрын тайзнаа Чингисийн дүрийг амилуулж байв.

Түүний бүтээсэн дүрүүдийн ихэнх нь эсрэг талын дүр байдаг. Энэ талаараа тэрбээр, “Театр, кино урлагт эсрэг талын дүр бүтээнэ гэдэг хэцүү л дээ. Нүдний харц, хөдөлгөөн, зан чанар гээд бүгд хурц байх ёстой. Намайг яагаад эсрэг дүрд тоглодогийг манай найруулагчид л сайн мэдэх байх. Миний бодлоор би жаахан дайсны талын царайтай юм байлгүй дээ. Гэхдээ ганц нэг эерэг талын дүр байгаа шүү. Жишээлбэл “Улаан дарцаг” киноны Дагва. Жаахан л худлаа бурдаг болохоос биш давгүй нөхөр л дөө. Харин “Мартагдсан дуульд” овоо гайгүй дүрд тоглох нь дээ гэтэл Сангийг загнадаг ааштай диспетчерийн дүрд тоглочихсон” хэмээн хуучилжээ.

2011 он. “Богд хаан” киноны зураг авалтын үеэр.

“Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагная” гэхэд нь тэрбээр татгалзаж сарын цалингаар шагнуулаад өнгөрч байсан аж. Дарханы театрт байхад нь хоёр ч удаа Монгол Улсын гавьяат жүжигчин шагналд тодорхойлсон юм гэдэг. Түүнийг 2006  онд “Ард түмний гавьяат” цолоор шагнасан. Харин 2010 онд Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр шагнуулсан юм.

Түүний анхны дүр нь 1970 оны бүтээл болох “Улаан дарцаг” киноны Дагва хэмээх дүр байв.

Уран бүтээлүүд

1970 он “Улаан дарцаг” Дагва

1981 он “Говь Хянганд тулалдсан нь” тагнуулч Кабаяаши

1983 он “Гарьд магнай” Равсал панз

1983 он “Сахиус уу, сахиул уу” холбоочин

1984 он “Намрын халуун өдрүүд” хурлаас хөөгддөг эр

1989 он “Мартагдсан дууль” диспетчер

1990 он “Одод орчих хязгаар” Ваанчиг

1991 он “Аянгат цагийн дууль” Доёбуу

1992 он “Найрын ширээний ууц” Самдан

1992 он “Ач тус, атаа хорсол” Лов

1993 он “Талийгаач” Балдан

1993 он “Монголын гурван өдөр” Луузан

1995 он “Танихгүй сэтгэл” Чунт

1996 он “Тэнгэрийн амьтан” Сандаг

1997 он “Еэ бондгорын гэлэн”

1998 он “Догшин хутагтын сахиус”

2011 он “Богд хаан”

2014 онд “Цэн тогоруу”

“Цэн тогоруу”МУСК

Магсаржав гуай таван хүү, хоёр охинтой. Бага хүү Наранмөнх “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр аль хэдийн бидний танил болсон, залуу уран бүтээлч. Аав, хүү хоёр хамтран “Код” хэмээх уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. Магсаржав гуай уг киноны эсрэг дүрийг бүтээсэн бол хүү нь гол дүрийг бүтээсэн аж. Хүү Наранмөнх нэгэн ярилцлагадаа “Би байнга л аавыгаа дагаж явдаг хүүхэд байлаа. Тэгж явахдаа л урлагт дурласан байх. Миний аав ч ялгаагүй. Яг л над шиг залуу, халуун насандаа урлагт дурлаж, насаараа зүтгэсэн. Одоо бол би аавынхаа үргэлжлэл. Аавынхаа хийж чадаагүй дээ гэсэн болгоныг нь хийж, баяр­луулахыг хичээдэг” хэмээжээ.

Төрийн орон сууцны корпорацийнхан уриалга гарган “Равсал панз”-д байр бэлэглэх аяныг өрнүүлж, тус корпорацийн  Ерөнхий захирал А.Гантулга нэг сарынхаа цалинг, харин тус байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийнхөө цалинг хандивлаж тэрбээр байртай болж байв.

шинэ мэдээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

трэнд