LOADING

Type to search

Э.Загарзүсэм: Шагайн үе булгарсан тохиолдолд гишгэж, ачаалал авахгүй байх хэрэгтэй

Share

“Эмч зөвлөж байна” булангийнхаа энэ удаагийн дугаарт шагайн үений гэмтлийн талаар ТТАХНЭ-ийн  гэмтлийн  тасгийн эмч, анагаах ухааны магистр Э.Загарзүсэмтэй ярилцлаа.

– Иргэд ихэвчлэн ямар шалтгаанаар шагайн үеэ гэмтээж ирдэг вэ?

– Шагай нь хүний биеийн тулгуур эрхтэн бөгөөд хамгийн чухал үе юм. Шагайн үений гэмтэл дундаас зөөлөн эдийн гэмтэл түгээмэл тохиолддог. Хүмүүс ихэвчлэн спортын улмаас эсвэл авто осол, зарим тохиолдолд шатнаас халтирсан, эвгүй гишгэснээс болоод шагайн үеэ гэмтээж, булгарах тохиолдол гардаг.

– Шагайн үе булгарсан үед юу анхаарах вэ, ямар тусламж үзүүлэх вэ?

– Шагайн үений  булгарал нь зөөлөн эдийн гэмтэлд ордог бөгөөд 80-85 хувийг эзэлдэг. Иргэд ихэвчлэн санамсаргүй байдлаар шагайн үеэ гэмтээсэн байдаг. Тухайлбал, дотогшоо, гадагшаа эвгүй гишгэснээр шагайн үе булгардаг.

Шагайн үе булгарсан тохиолдолд гишгэж, ачаалал авахгүй байх хэрэгтэй. Хамгийн эхэнд хөдөлгөөнөө хязгаарлах хэрэгтэй байдаг. Ингэснээр булгарлыг улам хүндрүүлэхгүй байх ач холбогдолтой. Мөн хаван, хавдар нь нэмэгдэхгүй бөгөөд бусад холбоос нь сунасан ч суналт, урагдлаа нэмэгдүүлэхгүй байх боломжтой. Үүний дараа мэдээж гэмтлийн эмчээс зөвлөгөө авч, үзүүлэх нь зүйтэй.

Мөн хүйтэн жин тавьж, хөлийг сойж өндөрлөнө. Хаван, хавдар, өвдөлт зовиур ихтэй байвал зайлшгүй эмнэлэгт хандана.

– Шагайн үений гэмтлийн төрөл болон хөнгөн, хүнд зэргүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

 – Шагайн үений гэмтлийг ясны болон зөөлөн эдийн гэж хоёр ангилдаг. Зөөлөн эдийн гэмтэл дотроо шагайн булгарал, шагайн холбоос, шөрмөс сунах гэмтлүүд орж байдаг. Холбоос, шөрмөс сунах гэмтлийг нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж гурван зэрэгт авч үздэг.

Нэгдүгээр зэргийн үед тухайн өвчтөнд шагайн үеэр бага зэргийн өвдөлт мэдрэгдэнэ. Газар гишгэж, явахад зовиур бага байдаг. Хэдий тийм ч нэгээс хоёр долоо хоног хөдөлгөөнөө хязгаарлах нь зүйтэй.

Хоёрдугаар зэргийн үед хялгасан судас болон холбоосууд хагас урагдсан байдаг. Энэ тохиолдолд шагайн үеэр хавдаж, хөхөрч, шагайн үений хөдөлгөөн хязгаарлагддаг. Мөн 2-3 долоо хоног дэглэм барьж, эмчлүүлэх  шаардлагатай.

Гуравдугаар зэргийн үед шагайн үе, холбоос бүрэн тасарсан байна.  Дээр дурдсан шинжүүдээс гадна үеэ хөдөлгөхөд юм хавчуулагдсан мэт дуугарах, эвгүй оргих мэдрэмж төрнө. Энэ үед цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

– Тэгэхээр шагайн үеэ хөнгөн гэмтээчхээд мэдэхгүй яваад байх тохиолдол байдаг байх нь?

–  Өөрт нь зовиур бага мэдрэгддэг учир мэдэхгүй явах тохиолдол бий. Мэдэхгүй явснаасаа болоод шагайн үений  гэмтлээ хүндрүүлэх эрсдэлтэй. Тиймээс 1-2 долоо хоног хөдөлгөөнийг хязгаарлах, хүйтэн жин тавих, хөлөө өндөрлөх гэх мэт арга хэмжээ авах нь зүйтэй.

– Шагайн үений гэмтлийн эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү?

– Эмчилгээний зарчим бол шагайн үений гэмтлийн зэрэг, үүссэн шалтгаанаас хамраад харилцан адилгүй. Ерөнхийдөө олон улсын зарчмыг баримтлан тусламж үзүүлнэ. Нэгдүгээрт шагайн үений хөдөлгөөнийг хязгаарлаж, амраах хэрэгтэй.

Хоёрт мөсөн жин тавина, гуравт уян бинтээр боож хаван хавдрыг буулгах эмчилгээ хийдэг. Мөн шагайн үеийг 30-45 градус өндөрлөснөөр хөхрөлт, хаван харьцангуй багасдаг.  

– Эмчилгээний дараа юуг анхаарах вэ. Буруу эдгэчихвэл ямар хүндрэл үүсэх вэ?

Эмчилгээ хийлгэснээс хойш хоёр сарын хугацаанд биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, хэт ачааллыг хязгаарлана. Дахиж гэмтэхээс сэргийлэхийн тулд зориулалтын портез болон бэхэлгээ зүүнэ. Шаардлагатай тохиолдолд нарийн шинжилгээ хийлгэж, хянуулж байхад буруутахгүй.

– Шагайн үений гэмтэл дундаас зөөлөн эдийн гэмтэл хамгийн их хувийг эзэлдэг гэлээ. Зөөлөн эдийн гэмтлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

– Шагайн үенд үндсэн долоон холбоос байдаг. Шаант ясны дотор булуу,  тахилзуур  ясны  гадны  булуунаас  өсгийрүү чиглэсэн холбоос гэмтвэл зөөлөн эдийн гэмтэл гэж үздэг. Шагайн үений эдгээр шөрмөс холбоосууд  сунаж, тасарч, урагдвал зөөлөн эд гэмтэнэ.

Шинж тэмдэг, зовиур багатай бол өвчтөн мэдэхгүй  яваад байх талтай. Түүнээсээ болоод гэмтлээ хүндрүүлж мэс засал хийлгэх тохиолдол гардаг. Тиймээс шагайн зөөлөн эдийн гэмтлийг тоолгүй өнгөрч болохгүй.

– Харин шагайн ясны гэмтэл нийт тохиолдлын 10-15 хувийг эзэлдэг. Энэ нь зөөлөн гэмтлийг бодвол харьцангуй хүчтэй механизмаар үүсгэгдсэн байдаг. Тухайлбал авто осол, эвгүй гишгэж унаснаас болж ясны хугарал үүсч болно. Шагайн ясны хугарал зөрөөгүй тохиолдолд гөлтгөнөн боолт, гипсээр эмчилгээ хийдэг. Хэрэв зөрүүтэй, шагайн үеэр тогтворгүй байвал зайлшгүй мэс засал хийх шаардлагатай. Мөн шагайн тахилзуурын холбоос гэмтсэн үед холбоосыг сэргээх мэс засал давхар хийгддэг байгаа.

– Шагайн үеэ өмнө нь гэмтээж байсан хүмүүс юу анхаарах хэрэгтэй вэ. Ямар төрлийн дасгал хийж болох вэ?

– Шагайн үеэ гэмтээсэн иргэд физик, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Шагайн үеэ хөдөлгөх, улруу жийх, татах хөдөлгөөн бүхий дасгалуудыг хийнэ. Өдөрт 15-20 минутын турш 2-3 удаа хийж байвал зохистой.

Мөн үеийн гэмтлээсээ хамаараад сэргээн засах эмчилгээнд хамрагдана.

– Зарим хүмүүс хөлний өсгий хавиар өвдөөд байдаг гэдэг. Энэ нь шагайн үений өвдөлттэй холбоотой юу, эсвэл түүнд нөлөөлөх үү?

– Улны шөрмөс гэж байдаг. Тэр шөрмөс үрэвсэх эсвэл урьд нь шагайн үеэ гэмтээгээд эмчилгээгээ бүрэн хийлгээгүй бол өвдөлт өгч болно. Мөн үе мөчний өвчин болон бусад хавсарсан өвчинтэй холбоотойгоор өсгийгөөр өвдөнө. Тэгэхээр үүнийг бодит үзлэг, шинжилгээний үндсэн дээр мэдэх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

error: Content is protected !!