No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн С.Бямбацогт

76: УИХ-ын гишүүн С.Бямбацогт

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг онцолж байна.

Товч намтар

Сандагийн Бямбацогт Ховд аймгийн Жаргалант сумын нутагт 1974 оны есдүгээр сарын 14-нд төржээ. Тэрбээр долоон хүүхэдтэй айлын ууган хүү. Ижийтэйгээ зургаан дүүгээ өсгөх хариуцлагыг нуруундаа үүрч өссөн гэдэг. Аав Ж.Сандаг нь Ховд аймгийн Мянгад сумын засаг даргаар олон жил ажилласан. Ууган хүүгээ ажилч, хөдөлмөрч болгохоор зун бүр бүл цөөтэй айлд мал маллуулахаар явуулдаг байж. Сурагч байхдаа эцгийнхээ эм тарианы мөнгийг олж, ээждээ нэмэр болохоор дүүтэйгээ хамтран тоосго цохиж нэлээдгүй хөдөлмөрлөдөг байж. Есдүгээр ангидаа 30 мянган тоосго цохиж, шатааж зараад 30 мянган төгрөг олж байсан нь “УАЗ-469” машин авах хэмжээний мөнгө байв.

Тэрбээр 1992 онд Ховд аймгйин Жаргалант сумд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Сургуулиа төгсөөд Цэргийн сургуулийн урилга авсан. Гэвч хоёрдугаар дамжаанаас сургуулиа орхиж, ганзагын наймаанд гарчээ. Эрхүү, Улаанбаатар, Эрээн гэсэн маршрутаар хэсэг явж, удалгүй нагац ахыгаа даган Новосибирскээс чихэр, тамхи импортлон Улаанбаатарын зах дээр борлуулдаг болж. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөсний үр шимээр дүүтэйгээ хамтран “Нью прогресс” ХХК-ийг үүсгэн байгуулж, барилгын салбарт хүч үзсэн. Мөн тэрбээр ноолуурын ченж хүртэл хийж байсан.


Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа хүлээж авч буй нь. 

1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байв. 1999 онд СЭЗДС-д эдийн засагч мэргэжлээр суралцаж, 2014 онд МУИС-д эрх зүйч мэргэжлээр төгсчээ. 2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Улс төрд орохоосоо өмнө олон төрлийн ажил хөдөлмөр эрхэлж явсан бөгөөд УИХ-ын 2008 оны сонгуульд ялалт байгуулсан үеэс Ховд аймгийнхныг төлөөлөн парламентын гишүүнээр ажиллаж байна.

Чөлөөт цагаараа спортоор хичээллэх дуртай, гар бөмбөгийн 1-р зэрэгтэй. Ялангуяа уулын спортоор хичээллэх дуртай бөгөөд Алтай таван богд, цаст Цамбагарав, Мөнххайрхан зэрэг Монголын дээвэр болсон ноён оргилуудад авирчээ. “Монголынхоо 4000 метрээс дээш өндөртэй 10 гаруй оргилд гарсан” гэж нэгэн ярилцлагадаа дурьджээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн аж.

Тэрбээр гэргий Ц.Ганцэцэгтэйгээ 1997 онд СЭЗДС-д суралцаж байх үеэсээ болзож эхэлжээ. Эхнэртэйгээ 10 жилийн нэг ангид, нэг ширээнд суудаг, нэг байранд амьдардаг байж. Тэд гурван хүүтэй.

Хөрөнгө орлогын хураангуй

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байдаг. Энд тэрбээр өөрийн орлого 34,6 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 489,7 сая гэж мэдүүлжээ. Тэрбээр амины орон сууцгүй бол 1,9 тэрбумаар үнэлэгдэх 4 нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай байгууламж, нэг авто зогсоолтой.Тээврийн хэрэгслээ мэдүүлээгүй байна.

Мөн тэрээр 25 адуу, 904 хоньтой. Түүний эзэмшдэг газар 200 сая бол, үнэт эдлэл нь 241,7 сая аж. Тэрээр гадаадын дансанд хадгаламжгүй бол дотоодын дансандаа 112,7 сая төгрөгтэй, 4,9 тэрбумын авлагатай аж. Тэрээр “Эрдэнэс Таван толгой” ХК, “Агротехимпекс” ХК, “Силикат” ХК, “Зоос Гоёл” ХК, “Таван Толгой” ХК, “Эрдэнэс Таван толгой” ХК ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Говь” ХК, “Агротехимпекс” ХК, “Хар тарвагатай” ХК, “Ремикон” ХК, АПУ ХК-д хувьцаа эзэмшдэг.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзэх боломжтой юм.

Түүний хэлсэн үг, хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

С.Бямбацогт: 2030 онд ядуурлыг 15 хувьд хүргэнэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлоготой байхыг хуульчилсан. Энэ дагуу “Алсын хараа-2050” бодлого боловсруулсан. Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилтыг “Алсын хараа-2050”-д суулгаж байна. Тухайлбал, 2030 онд ядуурлыг 15 хувьд, 2040 онд 10 хувьд, 2050 онд 5 хувьд хүргэнэ гэдэг зорилт тавьж байгаа. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17 мянга 500 доллар байхаар тооцсон байсан бол дахин тооцоолол хийж 12 мянга орчим доллар байхаар тооцлоо” хэмээжээ.

Идэвхтэй гишүүн

Тэрбээр Засгийн газарт гурван асуулга тавьж, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаа таслаагүй, нэг ч минут хоцроогүй ажээ. Энэ удаагийн парламент гишүүдийг хариуцлагатай байлгах, хуралдаанаа таслахгүй, хоцорсон бол хариуцлагын асуудал ярьдаг байхаар дэгийн хуульдаа өөрчлөлт оруулсан. Тиймээс гишүүд УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалд анхаарал хандуулж, хуралдаандаа хоцрохгүй, таслахгүй байх нь энэ парламентын үед илүү нэмэгдсэн.

Түүний засгийн газарт тавьсан асуулгын нэг нь ипотекийн зээлийн хүүг зургаан хувь хүртэл бууруулах. Тэрбээр цар тахлаас үүдэн иргэдийн орлого буурсан энэ үед ипотекийн зээлийн хүүг өмнө болон дараа васан гэж ялгалгүйгээр 6 хувь болгон бууруулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд санал асуулга тавьжээ.

Өнгөрөгч онд хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбийг харгалзан түүнийг Монгол төрийн манлай түшээдийн нэгээр нэрлэсэн юм.

С.Бямбацогт гишүүн 100 жилийн ойн медалийг МАН-ын 100 жилийн тэмдэгнээс ч муу байна гэж голов

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 150 мянган хүнд уг медалийг олгохоор төлөвлөж, уг медалийг хийхэд нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулагасан.

 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “100 жилийн медалийн хэмжээ өмнө нь танилцуулснаасаа багасаад, нимгэрчих шиг болох юм. Энэ медаль Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох төрийн өндөр дээр шагнал. Сая МАН-ын 100 жилийн ойн медалийн чанар, хийцийг бид харсан. Тэрнээс илүү байх ёстой юм. Чанаргүй, дугааргүй, нимгэн хэр нь үнэ нь өндөр байна” хэмээн шүүмжлэв.

“PCR шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай”

УИХ-ын чуулганы зургадуаар сарын 24-ний нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ үеэр тэрбээр, “Энэ хуулийг батлаад жил гаруй болоод сунгах гэж байна. Үр дүн гарах ёстой. Тодорхой үр дүн гарахгүй байна. Үндсэндээ эмч, эрүүл мэндийн ажилчид, ОБГ-ын албан хаагчид сөхөрлөө. Энэ хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудлыг яаж шийдэх гэж байна вэ? Өмнө нь PCR шинжилгээг үнэ төлбөргүй авдаг байсан, харин одоо үнэ төлбөртэй өдөрт зуу, зуугаараа иргэд оочирлож байна. Үүний хүртээмжийг нэмэгдүүлж болох уу?

Цар тахалтай холбоотой юу, үгүй юу Эрээн, Тинжин дээр маш олон контейнер ачаа гацсан байна. Үүнээс болж өргөн хэрэглээний бараа, бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлд орлоо. Үүнийг хэзээ шийдэх вэ? Төсвийн орлого тасрах нээ. Засгийн газар ямар арга хэмжээ авах гэж байна” хэмээв.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд