No menu items!
HomeХэн юу хэлэвХэн юу хэлэв: Хүүхдийн вакцинжуулалт

Хэн юу хэлэв: Хүүхдийн вакцинжуулалт

-

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаараа хүүхдүүдийг вакцинжуулах талаар мэргэжлийн хүмүүсийн хэлсэн тайлбарыг нэгтгэн хүргэж байна.

ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: Фпайзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно гэсэн мэдээлэл гараад байна

– Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд Фпайзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно гэсэн мэдээлэл гараад байна. Бусад вакцины хувьд 18-аас доош насныханд шууд зөвлөсөн мэдээлэл гараагүй байна.

Энд нэг зүйлийг хэлэхэд, эцэг эхчүүд бид хүүхдэдээ “За” гэж хэлэх ёстой. За гэж хэлж, хэвийн амьдралд нь оруулахын тулд насанд хүрсэн 18-аас дээш насныхан вакциндаа идэвхтэй хамрагдаж, бүгд вакцины хоёр тунгаа авчихвал хүүхдүүдэд халдвар тараах эрсдэл тэр хэмжээгээр буурна гэдгийг анхааруулж хэлмээр байна.

/2021.05.03, itoim.mn/

“УБ Сонгдо” эмнэлгийн захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй

– …Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байна. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувийг эзэлдэг. Эдгээр хүүхдэд огт вакцин хийгээгүй учраас тэднээр дамжиж, зарим нь өвдөж байна.

Харамсалтай нь сүүлийн үед таргалалттай, чихрийн шижинтэй, суурь өвчтэй, хоолой өвддөг хүүхэд их боллоо. Тэд илүү их халдвар авч байна. Энэ намар хичээл эхэлнэ. Үүнээс өмнө бүх хүүхдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл бага Рfizer вакцины 2.5 сая тунг Засгийн газар гэрээ хийгээд, эхнээсээ оруулж ирсэн. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Энэ дотроос хамгийн аюулгүй нь Pfizer юм.

Би хамгийн түрүүнд 15 настай хүүдээ Pfizer вакцин хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүгээ битгий өвдөөсэй, хүндрэхгүй байгаасай гэж бодож байна. Хоёр сая том хүн өөрсдөө вакцин хийлгэчхээд, талбай дээр тоглож байгаа жаахан хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм бэ? Хүүхдүүд эхнээсээ өвдөөд, үхээд эхэллээ.

/2021.06.07, gogo.mn /

Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран: АНУ-ийн өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакциныг хүүхдэд хийх зөвлөмж гаргасан

– Дэлхий дахинд вакцинжуулсан бүлэгт хүндрэл, нас баралт буурсан үзүүлэлттэй байна. Гэтэл вирус вакцинжуулагдаагүй хэсгээр буюу хүүхдээр дамжаад тархаад байгаа юм. Ковид-19-ийн вакцин нь богино хугацаанд бүтээгдсэн шинэ вакцин учраас болгоомжилж байсан. Харин АНУ, Израйл зэрэг орнууд Pfizer, moderna вакциныг том хүний үр дүнтэй харьцуулж байгаад хүүхдэд хийе гэсэн шийдвэрт хүрсэн. АНУ-ийн өвчний хяналт, сэргийлэлтийн төв нь 2000 орчим хүүхдэд судалгаа хийсэн байна. Өөрөөр хэлбэл 12-15 насны 1005 хүүхдэд Pfizer вакцин хийгээд 978 хүүхдэд вакцин хийлгүй судалсан. Ингэхэд вакцинд хамрагдсан 1005 хүүхэд халдвар огт аваагүй, вакцин хийлгээгүй 978 хүүхдээс 16 хүүхэд өвдсөн байгаа юм. Ингээд вакцин нь 12-15 насны хүүхдийг 100 хувь хамгаалж байна гэсэн үр дүн гаргасан байгаа. Энэ үр дүнд үндэслээд тус улс өөрийн 12-16 насны  хүүхдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах хөтөлбөрийн эхлүүлээд, зөвлөмжийг гаргаад, албан ёсоор мэдээлэл хийгээд явж байгаа.

Коронавирус гадаргуугийн S буюу сэртэнгийн уургаараа хүний бие рүү хамар залгиураар дамжин орж, уушгийг гэмтээдэг. Ингэхдээ хаалгыг түлхүүрээр нээдэг шиг дотогш нэвтэрдэг. Хүний бие рүү нэвтрэх үедээ хэлбэрээ өөрчилдөг юм. Иймд өөрчлөгдөөгүй хэлбэрийн эсрэг бие үүсвэл хамгийн сайн гэж үзэж байгаа.

Дархлаажуулалт хийснээр хүний генийн мэдээллийг өөрчлөх ямар ч боломжгүй. Сэртэнгийн уураг мэдээллээ солих боломжтой байдаг. Pfizer вакцин энэ мэдээллийг солих боломжгүй болгон гагнасан байдаг тул өндөр үр дүнтэй. Хүн ДНХ гэдэг бодист генийн мэдээллээ хадгалдаг. Генийн мэдээллийг өөрчлөхийн тулд хүнд байдаггүй бодис хэрэгтэй.

Pfizer вакцины тухайд насанд хүрэгчдэд 95 хувийн нөлөөтэй байсан бол хүүхдүүдэд 100 хувийн дархлаа үүсгэж байгааг судалгаагаар тогтоосон судалгааны өгүүлэл хэвлүүлсэн. Энэ вакцин коронавирусын сэртэнгийн уургийн генийн мэдээлэл буюу РНХ бодисыг тасалж аваад, өөх тосонд оруулаад хүний биед тарьдаг.

АНУ-ийн өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакциныг хүүхдэд хийх зөвлөмж гаргасан. Вакцины гаж нөлөөний хувьд том хүнтэй адил гэсэн байна. Маш цөөн тохиолдолд хүүхдэд зүрхний үрэвсэлт өвчин үүссэн. Үүнийг манай зарим хариуцлагатай хүмүүс их өндөр гарсан гэж хэлсэн байна лээ. Гэхдээ энэ нь маш цөөхөн, бүгд эдгэчихсэн байгаа. Манай улс ч гэсэн энэ зөвлөмжийг дагахаар болсонд мэргэжлийн хүний хувьд зүйтэй гэж үзэж байгаа.

/2021.06.10, , ЭМЯ-ны 11 цагийн албан ёсны мэдээллийн үеэр /

Оном сангийн ТУЗ-ийн дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар: Синофармын вакциныг хүүхдүүдэд хийж болохгүй

– Төр хүүхдүүдэд вакцин хийхээр халдварын тархалт буурна гэж ойлгоод байна. Pfizer вакцин 16 нас хүртэл тэртээ тэргүй батлагдчихсан байсан шүү дээ. Харин синофармын /Хятадын/ вакциныг хүүхдүүдэд хийж болохгүй шүү дээ. Учир нь энэ нь 18-аас дээш насныханд л хүлээн зөвшөөрөгдсөн. Үйлдвэрлэгчийн заавар нь 18-59 насныхан гэж байгаа. Тиймээс 60-аас дээш насныханд хийх ёсгүй. Гэтэл ДЭМБ алдаатай шийдвэр гаргаад 60-аас дээш насныханд хийнэ гээд баталчихсан.

ЭМЯ, Засгийн газар жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд бүх хүн амаа 100 хувь вакцинд хамруулвал халдварын тархалт хумигдана гэж бодоод байгаа. Гэтэл үгүй. Синофармын вакцин тариулсан өндөр эрсдэлтэй бүлэг буюу 60-аас дээш насныхан болон суурь өвчтэй хүмүүст хамгаалалт муу байгаа учраас халдвар аваад хүндэрч, нас барах нь хэвээрээ байна.

Манай эрдэмтдийн багийн судалгаа болон дэлхийн эрдэмтдийн гаргаж байгаа шийдвэрээр  Pfizer вакциныг 12-оос дээш насныханд хийхийг зөвлөж байгаа. Хүүхдүүдэд аюулгүй, маш сайн өндөр үр дүнтэй нь нотлогдсон. Бид хүүхдүүдээ вакцинд хамруулах хэрэгтэй. Гэхдээ одоогоор хүүхдүүдээ хамруулах хэмжээний вакцин манайд алга байна шүү дээ.

/2021.06.13, “Оном” сан пэйж хуудас, live/

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр: ДЭМБ-аас зөвлөсөн вакциныг нөөцийн хомсдолд орохоос өмнө татан авч хүүхдүүдээ вакцинжуулах нь зүйтэй

– Сүүлийн хоногуудад халдварын тохиолдол буурахгүй, жирэмсэн эхчүүд болон хүүхдийн халдварын эрсдэл нэмэгдэж байна. 0-19 насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг бид тогтоосон. Улсын хэмжээнд 8 бүлэг өвчин зонхилж байгаагаас хамгийн гол шалтгаан нь амьсгалын замын өвчин байна. Амьсгалын замын өвчин нь  тохиолдлын тоогоор тэргүүн байр, нас баралтын шалтгаанаар дөрөвдүгээр байрт жагсаж байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт амьсгалын замын халдвар багтаж байгаа бөгөөд 2016 онд улаанбурхан халдварт өвчин дэгдэхэд 269 хүүхэд энджээ. Энэ тоо жил дараалан буурсан нь вакцинжуулалтын үр дүн юм. Жил тутам эндэгдлийн тоо буурч байгаа нь халдварт өвчнөөс сэргийлэхэд  вакцин туйлын ач холбогдолтой юм гэдгийг батлах статистик юм.

Жирэмсэн эхчүүд болон хүүхдийн эрүүл мэнд аш олон хүчин зүйлсээс хамаардаг. Жирэмсэн эхчүүдийг ковид19-ийн эсрэг вакцинд хамруулах удирдамж удахгүй гарах гэж байна.

Хүүхдийн вакцин хийнэ гэдэг нь туршилт биш. Шинжлэх ухаанд итгэх хэрэгтэй. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд маш өндөр нарийн технологийн дагуу вакцин гарган авч байгаа. Одоо хэрэгжүүлэлтийн шатанд явж байгаа вакциныг манай улс ийх хэрэгтэй. Нас баралт, хүндрэлээс сэргийлэх хамгийн гол батлагдсан арга нь вакцин гэдгийг ойлгох хэрэгтэй. ДЭМБ-аас зөвлөсөн баталсан вакциныг нөөцийн хомсдолд орохоос өмнө татан авч сургууль, цэцэрлэг орохоос өмнө насны ангиллын дагуу хийх хэрэгтэй. Хүүхэд төрсний дараа л товчлолын вакцин хийж, маш олон өвчнөөс сэргийлж байгаа. Яг үүнтэй л адил гэж ойлгох хэрэгтэй.

/2021.06.14, ЭМЯ-ны 11 цагийн албан ёсны мэдээллийн үеэр/

ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: Монгол Улсын хувьд 12-15 насны хүүхдийг вакцинд хамруулахаас өмнө Дархлаажуулалтын үндэсний хороотой зөвлөлдөж, эцсийн шийдвэрийг гаргана

– АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулахыг зөвлөсөн. Дэлхийн бусад улс АНУ, Сингапур, Япон зэрэг оронд 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулах зөвлөмж гаргаад байна. Монгол Улсын хувьд 12-15 насны хүүхдийг вакцинд хамруулахаас өмнө Дархлаажуулалтын үндэсний хороотой зөвлөлдөж, эцсийн шийдвэрийг гаргана.

“Синовак” хүрээлэнгийн вакцин ДЭМБ-ын яаралтай бүртгэх жагсаалтад орсон. Тиймээс хүүхдүүдийг дархлаажуулахаар болбол Хүний эмийн зөвлөлд бүртгүүлж, улсын эмийн бүртгэлд бүртгэж болно. Дараа нь хүүхдүүд сонголтоороо “Файзер”, эсвэл “Синовак” вакцинд хамрагдаж болно. БНХАУ-д 3-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах шийдвэр саяхнаас гарсан. Одоогоор Монголд энэ насны хүүхдүүдийг дархлаажуулах асуудал тодорхойгүй байна.

/2021.06.21, news.mn ярилцлагын хэсгээс/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд