LOADING

Type to search

“Халтар царайт”-ын Санта буюу Жижи Занчетта

Share

1990-ээд оны үед Монгол Улс төдийгүй дэлхийн олон орныг Өмнөд Америкийн олон ангит савангийн дуурь кинонууд байлдан дагуулж байлаа. Олон орны үзэгчдийг байлдан дагуулсан кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог, манай улсын хувьд ардчилал гарснаас хойшхи анх удаа бүх Монголчуудыг дэлгэцийн өмнө суулгаж чадсан савангийн дуурь бол Венесуэл улсын Venevision кино компанийн бүтээсэн “Халтар царайт”.

Испани хэлээр Cara Cusio, англи хэлээр Dirty Face хэмээгдэх 174 ангит энэ кино Монгол Улсад 1994 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизээр гарсан. Венесуэлээс гадна долоон улсад албан ёсоор бүх анги нь гарсан бөгөөд АНУ, Испаниас гадна Ази тивээс Монголтой цуг Филиппин, Индонези улсад цацагджээ.

Санта Ортигосагийн дүрээр од болсон Жижи Занчетта 1967 оны дөрөвдүгээр сарын 3-нд мэндэлжээ. Түүний эцэг нь Итали хүн.

Тэрбээр 14 насандаа анхны кинондоо тоглосон аж. Олны танил болохоосоо өмнө Испанийн Interviú сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж, насанд хүрэгчдэд зориулсан кинонд тоглодог байв.

Анх 1985 онд “Cristal” хэмээх цувралд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлжээ. Үүнээс хойш түүнд маш олон уран бүтээлд дүрээ бүтээх үүд хаалга нээгдсэн юм. Жижи Занчетта 2012 он хүртэл дэлгэцнээ дүр бүтээжээ. Түүний намтарт бичсэнчлэн 30 орчим цувралд дүр бүтээсэн байна.

Тэрээр “Халтар царайт” киноны Тонигийн дүрд тоглосон Адолфо Кубастай хамтран “Angel o demonio” цувралд тоглож байжээ.

Олон дүрд тоглосон ч амьдралдаа бүтээсэн хамгийн сайн дүр хүү Рикардогийнхаа  ээж  гэдэг дүр юм хэмээжээ. 25 насандаа хүүгээ төрүүлсэн Жижи Занчетта дуучин, жүжигчин Рикардо Мандинитэй гэрлэсэн. Тэрээр Адолфо Кубастай нэр холбогдож байсан аж.

Хүүгийн хамт

Өдгөө 54 настай тэрээр уран бүтээлийн ертөнцөөс хөндий Испанийн мадрид хотод хүү, ач нарын хамт нам гүм амьдардаг.

Ач хүүгийн хамт

Гэхдээ тэрээр цахим орчинд нэлээд идэвхтэй гэнэ. Инстаграм болон тик ток дээрх бичлэгүүд нь олны анхаарлыг татдаг аж.

error: Content is protected !!